"ЖДҮ-Зээл хариуцлага-2019" сэдэвт Жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчдэд төслөө хэрхэн эрсдэлгүй хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах сургалт өнөөдөр /2019.11.22/ боллоо.
Сургалтад 2019 оны Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл авсан 101 аж ахуйн нэгж оролцсон юм.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Энхтөр “2019 он Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хууль эрхзүйн орчныг шинэчилсэн, шинэ арга барилаар ажилсан жил болж байна. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, ЖДҮ-ийг дэмжих тухай хууль баталсан. Уг хуулийн хүрээнд Олон улсын ангиллын дагуу бичил, жижиг, дунд гэж ангилан, үйлдвэрлэл эрхлэгчид ямар ангилалд багтаж, төрөөс ямар дэмжлэг авахыг гаргасан. Жишээ нь, төрөөс 10-14 төрлийн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, санхүүгийн дэмжлэгт хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээ үзүүлэх, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа иргэдэд батлан даалтын үйлчилгээ үзүүлж байна. Санхүүгийн бус дэмжлэгт тухайн үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлж байна” гэв.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7790 аж ахуй нэгжид 930 тэрбум төгрөгийн зээл олгосон. Одоогийн байдлаар 696 бизнес эрхлэгч зээл авсан байна. Харилцаа, хамтын ажиллагаагүйгээс болж зээлийн эргэн төлөлт муу, чанаргүй зээл 34.4 хувийг эзэлж байна. Сангийн хэмжээнд зээлийн эргэн төлөлт хангуулах талаар хамтарч ажиллаж байгаа хэдий ч хангалттай түвшинд зээл эргэн төлөгдөхгүй байна. Тийм учраас өнөөдөр цаашдаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь нийлүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд юуг анхаарах талаар зээлдэгчдэд мэдээлэл өгөх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Учир нь өмнө нь зээлээ өгчихөөд “Та зээлээ хугацаанд төлөхгүй бол ийм хүндрэл үүснэ. Шүүхийн байгууллага дээр очоод таны өмч үнэгүйднэ” гэдэг зөвлөмжийг өгч байгаагүйн улмаас өнөөдрийг хүртэл зээл төлөлт сул явж ирсэн байна" гэв.
Түүнчлэн тэрбээр "Засгийн газрын зүгээс урт болон богино хугацааны, татварын таатай орчныг бий болгох, санхүүгийн бус арга замаар дэмжих, төрийн худалдан авалтыг дэмжих гэх мэт маш олон арга хэмжээг авч байна. Жишээ нь, тухайн бизнес эрхлэгч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг хувийн татвар төлөх боломжийг олгож байна. Зээлдэгчдээс татварын тайланг цаг хугацаанд нь өгөх, зээлийн гэрээний үүргээ чанд сахин биелүүлбэл цаашдаа төрийн олон дэмжлэгийг авах боломж бий болно" гэдгийг онцлон хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )