ТОМИЛОЛТ: Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Манай сурвалжлагч Дорноговь аймгаас мэдээлж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Энэтхэгийг Ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих төслийг санхүүжүүлэхээ мэдэгдсэн байдаг. Энэхүү төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсын эдийн засгийг түлш, шатахуунаар ханган нефть, химийн үйлдвэрийн суурийг бий болгох байсан бөгөөд ингэхийн тулд шинэ аж үйлдвэрийг төлөвлөж, бүтээн байгуулахад нэн тэргүүнд дэд бүтцүүдийг бий болгох шаардлагатай болсон билээ. 

Үйлдвэрийн технологийн бус байгууламжийн бус барилга угсралт 2020 оны хавраас эхлэхтэй холбогдуулан үйлдвэрийн талбайд техник, тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх дэд бүтцийг бэлэн болгох үүднээс өнгөрсөн онд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 20 км төмөр замын салаа болон хүнд даацын авто зам барих, цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 2018 оны 02 дугаар тогтоол гарсан.

Тэгвэл дээрх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, хүлээлгэж өгөх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.08/ Дорноговь аймагт болох гэж байна. Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээж авах ёслол 11.00 цагт эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан яг одоо Дорноговь аймагт ажиллаж байна. 

Ерөнхий сайдын багийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар багтсан.

Харин Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан, Энэтхэг улсын Элчин сайд ноён Сингх, Энэтхэг улсын Гадаад харилцааны сайдын зөвлөх, энэхүү дэд бүтцийн ажлын санаачлагч ноён Панкаж Кумар Синкх  нарын төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лосолхуу(64.119.23.5) 2019 оны 10 сарын 08

ПОП -ОПЕРА ХУРЭЛСУГ. ЖЕНКО ХУЛГАЙЧТАЙ НИЙЛЭЭД ТОМОР ЗАМ ТАВЬЧИХААРАЙ

0  |  0
Top