Хамгийн аймшигтай алиалагч: Түүхэн Жокерууд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

“DC Comics”-ийн гол сөрөг баатар болох Жокер өдгөө Холливудын жүжигчдийн хувьд ур чадвараа шалгадаг дүр болон хувирчээ. Сонгодог урлагийн жүжигчид Шекспирийн Гамлетийн дүрийг бүтээхийг хүсдэгтэй адил бүгд Жокер болохыг хүсэж байна. Галзуу алиалагчийн үл ойлгогдох зан ааш, ертөнцийг эргүүлэх хүсэл шуналыг хэн нь чадварлаг гаргаж чадах вэ гэсэн нэг төрлийн уралдаан мэт.

Жокерийг анх дэлгэцэд амилуулсан жүжигчин бол Сизара Ромеро байлаа. 1960-аад оны цувралд түүний бүтээсэн Жокер галзуурсан маньяк гэхээсээ хорон санаат баян этгээд мэт харагдаж байлаа.
 

1990-өөд оны цуврал хүүхэлдэйн кино үзэж өссөн хүүхдүүд хорон санаат Жокерийн дууг “Оддын дайн”-ы Люк Скайуокер буюу Марк Хэмилл оруулсан гэдгийг сайн мэддэггүй.

Орчин үеийн Холливудын Жокерийн дүр бүтэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Хит Лежер (The Dark Knight). Лежер анх удаа Жокерийн хорон муу үйл явдлыг дотоод харанхуй сэтгэлтэй нь гаргасан юм. Түүний эмгэнэлт үхэл Жокерийн нэр хүнд мандахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Эндээс эхлэн Лежерийн Жокерийг давах нь жүжигчдийн нэг ёсны үүрэг болсон гэлтэй.

Хит Лежерийн Жокертой харьцуулахад “Suicide Squad” киноны Жокер олны анхаарлыг бараг татаагүй. Жаред Лето энэ дүрд шинэ юм юу ч нэмж чадаагүй.

Лежерийн Жокертой эн зэрэгцэх Жокер бол домогт Жек Николсоны (Бэтмен, 1989) Жокер гэж олон шинжээч үздэг. Энэ Жокерийн гэнэтийн галзуурал, солиорол нь аймшиг төрүүлж байв.

Энэ бүхний дараа гарсан Хоакин Фениксийн Жокер. Комиксын баатар гэсэн ойлголтыг бүрэн эвдэж, нийгмийн худал хуурмаг дор хугаран нугарсан бодит хүний түүх болгон харуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top