Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар /2019.10.10/ хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн 16:00 цагийн мэдээллийг та бүхэнд хүргэе.
Аравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн Түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. Мөн 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлэгдэж байна. Аравдугаар сарын 8-ны 21:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэл нийт 103-ын дуудлагаар дөрвөн өрхийн угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрийн арван хүн үйлчлүүлсэн. Үүний тав нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байна” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байна” гэдгийг онцолж хэллээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхааруулсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Яндангийн хаалтуурын нүх болон зуух яндангийн холбоосоор утаа гарахгүй ч угаарын хий алдагдах боломжтойг анхаарна уу!