Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд угаарын хийд хордсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 200 гаруй бүртгэгдээд байна. Тодруулбал, нийт 129 өрхийн 364 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан бөгөөд зургаан хүн амь насаа алджээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдийн тухайд, бямба гараг буюу аравдугаар сарын 12-ны 06:00 цагаас аравдугаар сарын 13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эмнэлэгт хандсанаас, 20 иргэнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгч бусад нь харьяа дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин өчигдөр буюу ням гарагт угаарын хийд хордсон гэх 12 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 32 иргэн угаартсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 08:32 цагт Баянзүрх дүүргийн иргэн, 29 настай, эмэгтэй Г угаартаж нас барсан гэх хэрэг бүртгэгджээ. Талийгаач угаарын хийд хордсон гэх мэдээлэл батлагдаагүй гэдгийг албаныхан хэллээ. Учир нь талийгаачтай хамт байсан 60 настай эцэг, эхийнх нь биеийн байдал хэвийн байгаа бөгөөд үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоох аж.
Албаныхны өгч буй мэдээллээр хоногт дунджаар 10-15 өрхөөс угаартсан гэх дуудлага өгч, 20-30 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв галлахгүй бол Мод, Нүүрсэнд ч угаартдаг шүү дээ,
Луйварчид хэдэн хүн алах гээд хэний бизнесийг дэмжээд байна