Д.Эрдэнэбат: Манай гурван санал сонгодог парламенттай болгох зорилготой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Ардчилсан намын зөвлөлийг төлөөлсөн нэг гишүүн нь, та. Зөвшилцлийн асуудал хэр ахицтай байна?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга дээр хориг тавьснаас үүдэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг арай өөр нөхцөл байдал руу орж байна л даа. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор цаашдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яах вэ гэдэг асуудал үүссэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ерөнхийлөгчийн төлөөлөл, парламентад суудалтай намуудын төлөөлөл оролцоод ярилцаж байна. Өнгөрсөн хугацаанд Зөвшилцлийн ажлын хэсгийн хуралдаан гурван удаа болсон. Ажлын хэсгийн хуралдаанаар бид асуудлаа эрэмбэ дараатай ярья гэж байгаа. Ерөнхийлөгч бол хориг тавихдаа хуулийн зөрчил байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчжээ гэсэн. Ийм зөрчил байна гэдэг дээр ажлын хэсэг ойлголцсон. Тийм учраас эхлээд бол бид хуулийн зөрчлөө арилгаж байж цаашдаа яах вэ гэдэг асуудлаа шийдье гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульдаа өөрчлөлт орууллаа. Бид журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаас гадна Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Ардчилсан нам зарчмын гурван санал тавьсан. Энэ саналууд сонгодог парламентыг бүрэн зөв ажиллуулахад тустай юм.

Одоо хэрэглэж байгаа Үндсэн хуулийг мөрдсөн 20 хэдэн жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа засах боломжтой зарчмын саналууд байгаа юмаа гэдгээ илэрхийлсэн. Тэр саналыг бүгдээрээ мэдэж байгаа байх.

-Гэхдээ та дэлгэрэнгүй тайлбарласан нь дээр байх?

-Эхнийх нь сонгуулийн тогтолцоогоо холимог болгох. Ингэснээр тойрог руугаа анхаарал хандуулдагаас гадна улс орныхоо бүхэл эрх ашгийг боддог төлөөлөлтэй болох юм. Товчхондоо, бодлогын зөв суурь нь тавигдана. Энэ дээр намын жагсаалтаар сонгоод л намын нэрийн дор баахан улсууд орох юм байна гэсэн нэг буруу ойлголт их явж байгаа. Тэгж ойлгож болохгүй л дээ. Холимог тогтолцоо гэхээр 2012 оны сонгууль шиг санаад байдаг. Жагсаалтын нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болох боломжтой шүү дээ. Жагсаалтаар орж ирж байгаа нэр дэвшигчид улс орны төлөөллийн бодлогыг хэрэгжүүлэх юм гэсэн санаа. Ер нь туршлагатай улстөрч, салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, сайн хуульчид парламентад орох хаалгыг бид зайлшгүй нээж өгөх ёстой. Одоогийн парламент дээр ч бодлогын хэмжээний улстөрчдийг хангалттай оруулж чадаагүйгээс болж УИХ дээр алдаж байгаа зүйл их бий шүү. Хоёрдугаарт, парламентын тогтолцоотой аль ч улс оронд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог юм. Одоогийн бидний энэ олон толгойтой засаглалын хэлбэр улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл, засаглалын ойлгомжгүй байдал хувь улстөрчдийн хоорондын маргаан зөрчилдөөнийг их өдөөж байна. Үүнээс болж улс төрийн орчин хөгжил ярихаас илүүтэй зөвхөн хувь хүний хоорондын өс хонзонгийн талбар болж хувирлаа. Тийм учраас сонгодог парламентынхаа зөв жишиг рүү оръё. Хэн нэгнээс хараат бус ардчилсан улс орон гэдгээ баталгаажуулж авъя л гэж байгаа юм. Гурав дахь нь ойлгомжтой. Хэрвээ бид Ерөнхий сайдаа хууль хэрэгжүүлэгч гол хүнээ болгоно гэвэл зохих эрх мэдлийг нь бүрэн төгс өгөх ёстой. Тиймээс одоогийнх шиг парламент Засгийн газрын сайдуудыг нэг нэгээр нь томилдог, мөн огцруулдаг буюу “шүд сугалах” гэдэг энэ байдлаас татгалзах хэрэгтэй. Парламент зөвхөн хууль тогтоох байгууллага л байх ёстой. Гүйцэтгэх засаглалыг хянадаг байгууллага байх ёстой болохоос томилгоонд нь оролцдог бол буруу юм байна. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлэх боломжийг оруулсан заалт унасан байгааг зайлшгүй сэргээх ёстой юм.

-Зөвшилцлийн ажлын хэсгийн уур амьсгал ямар байна вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн өмнөх хоёр хэлэлцүүлэг дээр АН оролцоогүй дан ганц эрх баригчид л шийдээд явсан санагдаж байна?

-Өмнө нь байгуулагдаж байсан ажлын хэсэг шиг намын эрх ашиг яриад, ойлголцох, ойлголцохгүй гээд байсан уур амьсгал багассан байна. Эхний алхамаа хийгээд зохих хуулиндаа өөрчлөлт оруулчихаад байгаа. МАН-ын хувьд одоо Ардчилсан намын тавьж байгаа зарчмын гурван саналыг хүлээж авах эсэх дээрээ тулчихаад байгаа юм. Шууд ард нийтийн санал асуулга явуулах уу, нэг бол гуравдугаар хэлэлцүүлгээр батлах уу гээд янз янзын асуудлууд яваад байна л даа. Гэхдээ үүнийг шийдэхээсээ өмнө бид алхам алхамаар явах хэрэгтэй. Нэгдүгээр алхамаа бүгдээрээ хийчихлээ. Харин хоёрдугаар алхамаараа бүх институцээрээ энэ зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцаж ойлголтоо нэг болгоё гэж байгаа. АН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүрэн утгаараа өөрчлөгдөөсэй гэсэн туйлын нэг зорилго байна. Өөрөөр хэлбэл, бидэнд ардчилсан Монгол Улсыг эрх зүйн хувьд бүрэн баталгаажуулах заалтыг энэ нэмэлт, өөрчлөлтөөр хийгээсэй гэсэн чин хүсэл байгаа гэж ойлгох хэрэгтэй. АН өмнөх хэлэлцүүлгүүдээс гарсан явдал бий. Яагаад гарсан бэ гэхээр энэ зарчмын гурван санал орохгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрөө ач холбогдлоо алдаж байгаа юм. Бид гол үндсэн зарчмын өөрчлөлт хийж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрөө өөрчлөлт болж чадахгүй гэдэг байр сууринаас л хандаж ирсэн. Түүнээс биш дуртай цагтаа ороод л, дургүй цагтаа гарчихаад улс төр хийгээд байсан юм огтхон ч байхгүй.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал анхнаасаа хэлэлцүүлэгт ороогүй учраас одоо оруулах боломжгүй гэж тайлбарлах хүн байна?

-Зарим гишүүн тэгж тайлбарлаад байгаа. Энэ шинэ заалт биш л дээ. Бид анхны хэлэлцүүлэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт энэ саналыг оруулж байсан. Гэхдээ санал хураалтаар ороод дээрх заалтууд гурвуулаа унасан байхгүй юу. Ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн хурлаар буюу орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг оролцуулсан хуралдаанаар сонгоё гэдэг саналын томъёолол ороод унасан юм. Үүнийгээ л дахиж сэргээх тухай асуудал яригдаж байгаа. Нөгөө хоёр нь ч бас яригдаж багаад унасан.

-Үндсэн хууль зөрчигдөх гээд байна гэдэг шалтгаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Цаашдаа хуулийн төсөл Үндсэн хуулийн Цэц дээр очихгүй байх боломж бүрдсэн гэж үзэж болох уу?

-Үндсэн хуулийн Цэц дээр очих боломж одоог хүртэл нээлттэй гэж харж байгаа. Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болохгүй байна гэж үзвэл дахин хориг тавих эрх нь нээлттэй. Үүнийг бид үгүйсгэж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол цаашдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна л гэж харж байгаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхдөө бид хориг тавихгүй байх, хуулийн зөрчилгүй байх нөхцөл бололцоог буй болгохын төлөө ажиллах ёстой. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр УИХ нэгдмэл ойлголттой болоод улс орныхоо эрх ашгийн төлөө үр дүнд хүрье гэж зүтгэх юм бол болохгүй зүйл байхгүй гэж бид харж байгаа.

-Ардчилсан намын зүгээс тавьж байгаа гурван санал дээр Ерөнхийлөгч, МАН, ШИНЭН-ын зүгээс ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Одоо бол тодорхой байр суурь илэрхийлсэн зүйл алга. Угаасаа байр сууриа илэрхийлэх гэж яараад байх асуудал биш. Бид энэ зөвшилцлийн хугацаанд нэгдсэн ойлголтод хүрэх нь л хамгийн чухал. Яагаад гэвэл энэ улс орны эрх ашгийн тухай асуудал байхгүй юу. Түүнээс биш нэг хувь улстөрчийн өнөөдөр, маргаашийн сонголтын тухай асуудал биш. Ямар ч улстөрч бай улс орныхоо ирээдүйг зөв голдирол руу оруулахын төлөө бодлогоо чилээх ёстой. Тэрнээс өнөө маргаашдаа би УИХ-ын гишүүн байна ч гэдэг юмуу, би ямарваа нэгэн эрх мэдэлтэн байна гэдэг утгаар энэ асуудалд хандаж болохгүй. Бүр болохгүй бол нэг нэгэндээ буулт хийх зарчим руу явъя. Хэрвээ үнэхээр 2020 оны сонгууль дөхчихлөө, энэ УИХ-ын гишүүдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж үзэж байгаа бол холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлж болно шүү дээ. Бид хамгийн зөв ирээдүйгээ харсан гарцаа л олж харах хэрэгтэй. Бас магадгүй одоогийн Ерөнхийлөгч 2021 онд дахиж өрсөлдөж ялаад бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодолтой байж болох юм. Манай намаас гарсан Ерөнхийлөгч учраас хоёр бүрэн эрхийн хугацааг хөндөх нь бидний хувьд нээх хүсээд, чичрээд байх асуудал биш л дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг 2025 оноос хэрэгжүүлж болно шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр 57 гишүүн нэгдэж байж урагшилдаг. Бид холимог тогтолцоонд орчихвол улс төрийн олон намууд орж ирэх хаалга нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, улс төр гудамжинд биш парламент дотроо өрнөх бололцоог нээж өгөх нь зарчмын асуудал юм. Улс төр өөрөө соёлтой, бодлоготой байх ёстой гэдэг зарчмын байр суурь л даа. Яг үүнтэй адил 2025 оноос Ерөнхийлөгчийг парламентаас сонгоод сонгодог парламент руугаа орох бүрэн алхмыг нээж өгөх бололцоо анх удаагаа нээгдэж байна.

-Заавал энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах шаардлагагүй, дараагийн УИХ-д шилжүүлж болно гэсэн байр суурь бас гарч байна?

-Дахиад ийм үнэмлэхүй олонх буюу УИХ-д нэг нам 64 суудал авах тохиол бүрдэх үү. Холимог тогтолцоо оруулаад таван хувийн босгоо давсан олон намын төлөөлөл УИХ-д орсон үед 57-уулаа нэгдээд Үндсэн хуулийг өөрчлөх нь юу л бол. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цорын ганц боломж нь энэ байна гэдэгтэй бид санал нэгдээд байгаа. Гэхдээ зөв өөрчлөлт хийх хэрэгтэй. Түүнээс үнэмлэхүй олонхиороо түрээд өөрсдийнхөө байр суурийг туйлын үнэн гэж бодоод хүчээр батлах гэвэл явахгүй шүү л гэж байгаа юм.

-2020 оны төсвийг хэлэлцэж эхлэх гэж байна. Төсвийн төслийг харсан уу?

-2020 оны төсвийн тухай асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах асуудлаар зөвлөл дээрээ ярилцсан. Энэ долоо хоногийн тав дахь өдрийн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийнэ. Тэр үеэр бид урьдчилсан дүгнэлтээ танилцуулна гэж бодож байна. Ерөнхий дүр зургийг нь харах юм бол 2020 оны төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой байгаа. Бид жил болгон орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа маш ихээр нэмдэг. Энэ бол урд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нэмсэн ийм төсөв болсон байна. Тиймээс бид зайлшгүй дүгнэлт гаргах ёстой. Ер нь бол цаашдаа сонгуулийн жил тохиолдуулан төсвийг ингэж маш ихээр нэмдэг нь зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой. Энд ямарваа нэгэн хуулийн хязгаарлалт байх шаардлагатай юм биш үү гэдэг асуудал үүсч болзошгүй байгаа. Сонгуулиар иргэдээсээ санал авахын тулд улсын мөнгийг үрэн таран хийж болохгүй. Ялангуяа манай Монгол шиг өртэй орон. 2021 онд биднийг өр хүлээж байгаа гэдэг нь үнэн. 2016-2020 оны хооронд өр нэмэгдсэн үү гэвэл бас үнэн. Урд талын өрөн дээр өнөөгийн өр нэмэгдэхээр маш хүнд байдалд орно. Эдийн засгийн өсөлт харагдаж байгаа ч тэр өсөлтөө сонгуульд зориулах нь зарчмын хувьд буруу гэж харж байгаа. Болж өгвөл орлогын өндөр боломжтой үедээ хуримтлалаа буй болгох нь бидний хувьд чухал ач холбогдолтой шүү дээ.  2020 оны сонгуулиар ямар нам нь төр барихыг хэн ч таашгүй. Тэгэхээр нөгөө явах хүнд тугал нийлэх хамаагүй гэдэг шиг асуудалд хандаж болохгүй. Тиймээс 2020 оны төсвийг ирээдүйд үүсэх асар том эдийн засгийн хүндрэлээс хамгаалж байгаа хэлбэртэй байх ёстой гэж бид харж байгаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enhsaihan(66.181.161.63) 2019 оны 10 сарын 16

(122.201.21.159 chi emnelegt vzvvl \n

0  |  0
зочин(122.201.21.159) 2019 оны 10 сарын 16

д.Эрдэнэбатаа чи үндсэн хуульд оруулах санал авах хугацаа , хэлэлцээд багагүй ажил өрнөсөн байхад багцаагаар 14 хоног өнгөрөх бүрт л манай намын оруулах санал гэж нэг зүйл ярьж, өрнөсөн ажилд саад болж байгаагаа боливол яасан юм бэ. Шулуун хэлэхэд Чиний санаа их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор, ерөнхийлөгчийг ард түмнээс биш, их хурлаас сонгодог болгож, улмаар ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн горьдлогоор л ярьж ард түмнийг самууруулж байна шүү.\n

0  |  0
Зочин(203.91.115.55) 2019 оны 10 сарын 16

Манай урван санал гэж юу хэлээд байна, Урван .......

0  |  0
James(103.9.90.51) 2019 оны 10 сарын 16

үндсэн хууль ч худлаа болох байхаа даа

0  |  0
Иргэн(122.201.31.37) 2019 оны 10 сарын 16

Их хурал яахав ээ. Юу ч гэж бие биедээ гомдож туньж болно. Тэртэй тэргүй худлаа ярих хугацаа чинь дуусах дөхөж бна. Засгийн газраар л битгий оролдоорой. Иргэд бидэнд ажил хийдэг засаг л хэрэгтэй бгаа шүү. Алдаа бол яахав ээ. Засаж залруулаад явна биз

0  |  0
zochin(202.126.89.12) 2019 оны 10 сарын 16

хуц\n

0  |  0
Top