ШИНЭН-ын Ж.Батзандан Ногоон намд хадаг барьж, Н.Энхбаяр АТОЗ, МҮАН, ИЗНН-ыг өөртөө нэгтгэхээр урьжээ
Үндсэн хуульт тусгаар Монгол Улсын төр, нийгмийн байгуулалтыг өөрчлөхөд хувьсгал хэрэгтэй болсон тухай яриа олонтаа гарч байсан. Хувьсгалыг цусаар эсвэл сонгуулиар хийдэг гэдэг. Олон улсын түүх ч бий. Гэвч энэ үг улс төрийн баруун зүүн жигүүрийг эзэлж байгаа МАН, АН-ын зүгээс үл унана. Тэд үг унагахдаа хүрвэл “Аж үйлдвэрийн хувьсгал” гэх мэт гоё ганганаар хязгаарлана. Харин энэ үг парламентад суудалгүй, төрийн улаан шугамны цаана байгаа улс төрийн хүчнүүдийн зүгээс олонтаа давтагдах болов. Тэр тусмаа сүүлийн үед шинээр бууриа засаад буй ШИНЭН-ын зүгээс ч энэ тухай дурдах болсон нь ямар нэгэн зүйлийн дохио байж болох юм.
Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар “хувьсгал” яригчид дундаа эвлэлдэн нэгдэж, нэгэндээ урилга заллага илгээсэн, эртний явдлаа дурссан, туниж гунисан таатай өдрүүд үргэлжилж байгаа бололтой. Ямартай ч ШИНЭН-ын дарга Ж.Батзандан Ногоон намд хандаж, хамтарч эвсэх санал тавьсан ч Ногоон намын дарга О.Бум-Ялагч хараахан хүлээж аваагүй бололтой. Нөгөө талаар ШИНЭН-ын Л.Болд Ногоон намд тэгтлээ тал өгөхгүй байгааг ч дуулгав. О.Бум-Ялагч, Ж.Батзандан нарт ойлголцохгүйн зовлон байхгүй. Иргэний хөдөлгөөний байгууллага, гудамж талбайн жагсаал цуглаан гээд энэ хоёрт нэг замаар явж байсан өдрүүд олон учраас тал таарахгүйн зовлон үгүй. Харин Л.Болд нь гудамж талбай, ард түмний дундаас бус мөнгөн дундаас гарч ирсэн цагаан захтан учраас хойш уллаж байгаа хэрэг. Энэ нь хожмоо ШИНЭН дотор зөрчил үүсгэх магадлалтай. Гудамж талбайгаас эхлээд олон жил улс төр хийсэн Ж.Батзандан энэ ээдрээтэй үед сонгуульд хүч зузаатган орох нь ашигтай гэдгийг гадарлаж таарна. Айсуй сонгууль гуравдагчдын хувьд ээлтэй ч байж магадгүй.
Тэгвэл МАХН-ын дарга, хашир бурхи Н.Энхбаяр бүхий л улс төрийн хүчнүүдэд анхаарал хандуулан найр тавьж байгаа гэх. МАХН-д АТОЗ, МҮАН, ИЗНН тэргүүтэн намууд айсуй сонгуульд нэгдэн орохоо илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр Ногоон намд урилга илгээн ханд хаясан ч Ногоон намаас сонгуулийн өмнө бол эвсэхгүй, харин сонгуулийн дараа эвсэж болох юм гэсэн хариуг илгээжээ. Хуульд зааснаар бол аливаа улс төрийн хүчнүүд Ногоон намын гаргаж байгаа санал шиг сонгуулийн дараа эвсэн нэгдэж болохгүй хуультай. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар эвсэн нэгдэх эрх зүйн орчин бүрддэг учраас тэд Ерөнхийлөгчийн сонгуулиар намуудтай эвсэн орж болохоо илэрхийлсэн хэрэг. Тодотговол, улстөрийн намууд эвсэн дундаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч илгээх хэтийн бодлого юм болов уу гэж хардахад хүргэнэ. Үүнээс харвал “Сонгуулийн хувьсгал” гэх яриа нэлээд эртнээс эхтэй аж. Ногоон нам ямар ч урилга хүлээн авахгүй үнэд орж байгаа нь “Барын сүүл явснаас батганы толгой явъя” гэсэн бодол тээсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд Баабар нарын байгуулсан “Электрот” хөдөлгөөнөөс нэр цэвэр залуусыг намаасаа нэр дэвшүүлэх найр тавьжээ. Тэдний хувьд бие даана уу гэхээс хөдөлгөөнөөс нэрээ дэвшүүлэх эрх зүйн орчин байхгүй. Тиймээс О.Бум-Ялагчийн энэ урилгын санал бол тэдэнд том боломж. Нэгдүгээрт, тэдэнд нэрээ дэвшүүлэх нам олдож байна, хоёрдугаарт, Ногоон намын нэр сонгуулийн санал өгөх хуудсан дээр гуравдугаарт эрэмбэлэгддэг давуу талтай. Ногоон намынхан Эмэгтэйчүүдийн намд хамтран ажиллах санал тавьсан гэх сураг бий. Боддог л санаа. Нийт сонгогчдын тал хувийг лавтай эмэгтэйчүүд эзэлж байгаа гэхээр бас л алсыг хараалсан хэрэг. Энэ бүгдээс харахад Ногоон нам бие даан сонгуульдах сонирхолтой ч юм шиг.
Өрнөж буй үйл явдлыг жаахан цаашлуулаад харвал МАН, АН-ыг Төрийн ордон гэдэс гэдсэндээ хөлөө жийж, төр хуваан барих тухай улайрч байх араар нь жижгүүд маш том төлөвлөгөө боловсруулсан байхыг үгүйсгэх арга алга. Ирэх 2020 оны сонгууль төдийгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх стратеги төлөвлөгөө тэдэнд байна гэдгийг дээрх эх сурвалжийн мэдээлэл харуулж байна. МАХН-аас дэвшүүлэн гаргасан иргэдийг хуйлруулаад байгаа “Үнэгүй орон сууц” ч “Сонгуулийн хувьсгал”-ын төлөвлөгөөний нэгэн хэсэг бололтой. Иргэд олон нийт “Үнэгүй орон сууц” хэмээн үлгэр ярьж байна гэх шүүмжлэл ч бий. Гэвч тэд чухам ямар арга замаар, ямар боломжоор хүүгүй, урьдчилгаагүй орон сууцтай болох боломж манайд байгаа эсэх талаар гарц гаргалгааг нь сайтар тайлбарласан. Энэ хэрээр иргэдийн хандлага өөр болж байгааг хэвлэл мэдээлэл, иргэдийн дундах уур амьсгалаас харж болно.
Ингэхээр “Үнэгүй орон сууц” хөөрхөн рейтинг юүлчих магадлал байна. Тэдний ярьж буй “Сонгуулийн хувьсгал” салхиа зөв эргүүлбэл маш том амжилт хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн том үндэслэл нь гуравдагчдын орон зайд бууриа зассан, засахаар зэхэж байгаа маш өргөн фронт буюу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам бий. МАН, АН-ыг хасаад бүгд л өөрсдийгөө гуравдагчдын орон зайд бууриа зассан гэж үзнэ. Тэр тусмаа МАХН бол том санаа агуулж байгаа нь ойлгомжтой учраас Н.Энхбаяр бүхий л жижиг намуудад найр тавин саймширч “Үнэгүй орон сууц” яриад байгаа хэрэг. Үүнээс илүүгүй нэг боломж бол парламентад суудалтай хоёр хүчнээс уйдах хандлага нийгэмд нэгэнт бий болсон гээд тэдэнд давуу тал байна. Улс төрийн том бүлэглэлүүд өөр өөрийн үзэл бодлоо дагасан үймээн ч ил далд өрнөж байгаа нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулна. Гэхдээ хувьсгал нэрээр Н.Энхбаяртаа ашиглуулж мэдэх талтай учир сайтар тохирцох нь тэдний мэдэх хэрэг.
Ерөөсөө Монголын нийгэм улс төрийн системд задрал явагдана гэх судлаачдын байр суурь тийм ч хоосон хийрхэл биш байж болох юм. Яагаад гэхээр өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харвал үүнийг бататгах олон жишээ бий. Системийг задалж байж буцаан эвлүүлдэг гэх онолчдын үгийг ч санахад илүүдэхгүй. Улс төрийн хоёр том хүчний дотоод зодоон нь эрх ашгийн төлөөх гэхээсээ илүүтэй нийгмийн олон талт урсгалд өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдэж байгааг төвөггүйхэн ойлгож болохоор. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Л.Болд, Ж.Батзандан нар нам эвсэл хамааралгүй үзэл бодлын дагуу МАН-ын нөхөдтэй нэгэн туган дор нэгдэж байгаад өөрсдөө нам байгуулаад өрх тусгаарлачихлаа. Үүнийг би хувьдаа эрх ашиг бус үзэл бодлын зөрүү л гэж хардаг.
АН-ыг цагтаа хойморлож явсан лидерүүд хэд хэд хуваагдан үзэл бодлоо дагаж байгаа нь үүнийг гэрчлэх нэгэн шалтгаан мөн. Н.Алтанхуяг өдөр шөнөгүй АН болон С.Эрдэнийг муучилж, Ц.Элбэгдорж ч тэднийгээ эргүүлэн гоочилохоос гадна АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа олон нөхөд байгаа нь үүний нэгэн жишээ байж таарна.
Үүнээс өмнөх жишээ гэвэл АН-аасаа нам жимхэн асуудлаа шийддэг МАН-ынхан М.Энхболдыгоо “60 тэрбум”-ын гэх “ял”-аар бугуйлдаж унагачихаад төр цэвэрлэх тухай ярьж байгаа нь ч үүний нэгэн гэрч. Тэд хэзээ ийм байлаа. М.Энхболдоос хувиа хүртчихээд явж болох ч хүсэхгүй байгаагийн цаана өчүүхэн ч гэсэн үзэл бодлын зөрүү цухалзана. Ах намынхан нам жимхэн явж байгаа ч хэзээ мөдгүй босоод ирэх олон шалтгаан дунд амьдарч байна.
Өдгөө ч өрнөж байгаа нэгэн жишээ гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын явуулж буй бодлогоос ч үзэл бодлоо дагасан өнгө аяс цухалзаж байгааг анзаарч болно. Ийм л нөхцөл байдалд гуравдагчдад ашигтай орон зай үүсдэг. Бүр өөр өнцгөөс авч үзвэл дээр дурдсан Баабар нарын байгуулсан “Электрот” хөдөлгөөн нь ямар ч нам эвсэл гэхгүй нэр цэвэр, үзэл бодол цэгцэрсэн залуусаар гуравдагч орон зайг бий болгоно хэмээн онолдсон байх юм. Нийгэм өөрөө ямар нэгэн зүйл эрэлхийлж байгааг Н.Энхбаяр шиг унаж боссон нөхөр олж харалгүй яахав. Тийм дээ ч “Сонгуулийн хувьсгал” хэмээн жижгүүдийг эгнээндээ нэгтгэхээр дөрөө авсан хэрэг. Гагцхүү “Сонгуулийн хувьсгал” хийж байгаа зорилго юу вэ гэхээр хэзээ ч хариу нь үл гарах оньсого таавар шиг зүйл. Мөн Н.Энхбаяр үнэхээр сайн сайхны төлөө хувьсгал хийх гээд байна уу, өөрийнхөө төлөө, өнөөх л өш хонзонгийн төлөө юу гэдэг нь бас л хариултгүй үлдэж байна. Ямартай ч “Сонгуулийн хувьсгал” нэрийн дор жижиг намууд нэгдэн ажиллах хандлага нэгэнт бий болсон төдийгүй энэ ажил гараанаас гарчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тамын тогооны үлгэр шиг
гол нь мажоритарыг зөвөөр ойлгоод сонгуулын системдээ