Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулснаар өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөгийг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм.
Түүнчлэн Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахад нэн тэргүүнд анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Харин сөрөг хүчний зүгээс Монгол Улсын 2020 оны төсвийг хэт үрэлгэн, сонгуульд зориулсан төсөв боловсруулсан гэх шүүмжлэлийг хэлж байна. Ямартай ч УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авахаас гадна байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )