Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас дараах асуултад хариулт авлаа.
-Ерөнхий сайд таныг махны үнийг барьж чадахгүй бол ажлаа өгөхийг үүрэгдсэн. Харин яамны зүгээс хүнсний гол хэрэглээ болсон махны үнийг хөөрөгдөхгүй байх ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Махны үнийг хөөрөгдөхгүй байх гол үндэс нь хангамжийг тогтвортой барих юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд махны хангамж, хүртээмжийг хүрэлцээтэй байлгах бодлогыг л барьж ажиллах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд махны үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтвортой болно. Махны үнэ нь малчдын малаа маллаж байгаа байдал, махыг бий болгож байгаа өртөг зардлаас шууд хамааралтай. Хоёрдугаарт, төв суурин газарт тээвэрлэж, хүргэж авч ирэх, хадгалах, борлуулах зардал ордог. Энэ бүхнээс шалтгаалж зах зээл дээр махны үнэ тогтож, тогтворжино гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр аль болох малчдаас авах махны үнийг унагахгүй байх нь чухал. Хэрэв малчдаас авах махны үнэ унавал үйлдвэрлэл байхгүй болно. Тиймээс малчдаас авах махны үнийг унагахгүй, нөгөө талдаа төв суурин газарт махны үнийг хөөрөгдөхгүй байх бодлогыг барьж ажиллаж байна. Ингэхийн тулд үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр хоорондоо аль болох шууд учирч байх хэлхээсийг яамнаас хийж өгөх ёстой. Дунд нь байгаа олон шат дамжлагыг багасах нь махны үнийн өсөлтийг хязгаарлах үндэс болно.
-Махны үнэ хэт өндөр байна. Цаашид махны үнийг бууруулах боломж, бололцоо бий юу?
-Үнийг юутай харьцуулж өндөр гэж үзэж байгаа нь сонин. Махны нийлүүлэлт зогсоогүй, өнөөдрийн байдлаар хангалттай нийлүүлж байна. Хотод нийлүүлж байгаа махны мэдээллийг өдөр болгон авч байна. Мал эмнэлгийн байгууллага болон статистикийн газар байнга хяналт тавьж ажиллаж байна. Тиймээс нийтийн сүлжээгээр борлуулж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна. Дээр нь малчид, орон нутгийнхан өөрсдөө хотод орж ирж махаа борлуулах боломж, бололцоог яамнаас нээж өгдөг. Орон нутгийнхан өөрийн гэсэн тодорхой оноосон газарт махаа борлуулж байна. Тэнд ямар ч махны ченж байхгүйгээр малчид өөрсдөө шууд махаа борлуулдаг.
-Махны үнийг бууруулж чадахгүй бол та хариуцлага хүлээхэд бэлэн үү?
-Махны үнэ өндөр байна гэх юм. Ангилсан махны үнэ өөр, өндөр байдаг. Зах захаараа өөр байгаа. Дундаж үхэр, хонь, ямааны махны үнийг хянаж, тэрхүү түвшиндээ хяналт тавьж ажиллаж байна.
-Энэ жилийн хувьд нөөцийн махыг хэр хангалттай бэлтгэв. Хэзээ худалдаанд гарах вэ?
-Тэгэлгүй яах вэ. Нөөцийн махыг бэлтгэхгүй бол махны үнийг тогтвортой байлгаж, барьж чадахгүй. Энэ жил нөөцийн махыг бэлтгэж, худалдаанд гаргана. Өнгөрсөн жилийнхээс дор хаяж гурав дахин их хэмжээний нөөцийн мах бэлтгэнэ.
-Хэдэн төгрөгөөр худалдаалах вэ?
-Үнийг одоо хэлэхэд эрт байна. Өртөг зардал болон нөхцөл байдлаасаа шалтгаалж үнийг тогтооно. Энэ ч утгаараа нөөцийн махыг хэдэн төгрөгөөр худалдаанд гаргах эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй. Харин гэнэтийн огцом өсөлт гаргахгүй байх талаас нь шаардлагатай зохион байгуулалтыг хийнэ.
-Хөдөө, орон нутагт мал нядалгааны газар олон байна. Тэдний эзэд нь ихэвчлэн хятад иргэд байгаа нь анхаарах сэдэв болов уу. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Энэ асуудалд орон нутгийнхан өөрсдөө хяналт тавьж ажиллах ёстой. Манайд нэг гажуудал байдаг юм.
-Юу тэр билээ?
-Мах боловсруулах үйлдвэрийг байгуулахад хэнээс ч зөвшөөрөл авдаггүй. Хууль, эрх зүйн орчин ч байхгүй өнөөг хүрсэн байдаг. Тиймээс мах боловсруулах үйлдвэрийг байгуулах гэж байгаа бол албан ёсны зөвшөөрөл авдаг, стандарт техникийн нөхцөлийг нь хангадаг, баталгааждаг журамд оруулахаар ажиллаж байна.
-Мах экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдийг яамны зүгээс бодлогоор хавчиж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Бодлогоор хавчина гэж байхгүй. Бид явуулж байгаа үйл ажиллагааг журам, дүрэмд нь нийцүүлэхийг л шаардаж байна. Дулааны аргаар гаргаж боловсруулах махыг хязгаарлачихсан байна. Учир нь, тэнд журам, дүрэм ихээхэн зөрчигдөж байгаа юм. Нөгөө талаасаа дулааны аргаар үйлдвэрлэх техникийн стандарт манайд байхгүй. Тиймээс энэ нөхцөлөө батлуулахыг шаардаж байгаа юм. Ингэснээр дараа нь экспортод чөлөөтэй гаргаж болно.
Сэтгэгдэл ( 6 )
Авдрын ёроолд хэдэн мах дараад яах вэ. Сайдаа
монгол улс хүрэлсүхийн толгойгүй шийдвэрүүдийн үед экспортоо бүрэн зогсоох алхамыг хийгээд хүн бүр хямдхан махыг үхтэлээ идээд үзэхийг нь харах боломж бий болох байх гэж найдахаас хүрэлсүхийн хийсэн алдааг засах зовлонг монголчууд үзэх нь гарцаагүй хариуг нь барина удахгүй
Энэ УЛААН НЯМДОРЖ нар одоо зайлаасай ингэж буг болтолоо төрийн хоол идлээ дээ
Мах нөөцлөөд иргэдэд хүртэх ашиг нөлөө байдаггүй. Махныхаа үнэ ханшийг буулгаж муу ядарсан иргэддээ буян бол Улаан аа
zoori moori bii yu
Махаа гадагш гаргаж, малаа жаахан цөөл. Үржвэг мал өснө. Айх зүйлгүй зар. Монгол хүмүүст мах бага идлээ гээд муудах зүйлгүй.