НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба ЭКСПОРТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Л.Ариунтуяагаас махны экспортын талаар тодрууллаа.
-Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох журам батлагдлаа. Ямар өөрчлөлт гарсан бэ?
-Засгийн газрын наймдугаар сарын 14-ний тогтоолоор Стратегийн хүнсний экспортлох журам батлагдсан. Үүнд ямар өөрчлөлтүүд хийсэн бэ гэхээр адуу, үхрийн маханд квот тогтоодог байсан бол дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнд мөн хязгаар тавьсан. Түүнчлэн намар ургац хурааж байгаа үед, хавар мал төллөж байгаа үед дотоодын зах зээлийн хангамжийг хангахын тулд экспорт хийхгүй. Экспортод гарч байгаа махныхаа 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх бодлогын гэрээ Аж ахуйн нэгж байгууллагатай хийх зохицуулалт хийсэн. Үйлдвэрт төхөөрсөн малын махыг л экспортод гаргана.
-Одоо экспортод гаргахгүй байгаа гэсэн үг үү?
-Журам батлагдсанаас хойш бэлтгэл ажлаа хийгээд адуу болон хонь, ямааны махыг Иран руу экспортод гаргаж байна.
-Аж ахуйн нэгж, байгууллагуудтай ямар бодлогын гэрээ хийж байгаа юм бэ?
-Аж ахуйн нэгж, байгууллагууд махаа экспортод гаргахдаа манай яамтай бодлогын гэрээ байгуулна. Бид аж ахуйн нэгжүүдэд эрх үүрэг тусгасан бодлогын гэрээ байгуулж байгаа. Үйлдвэрийн танилцуулга, хүчин чадал, гарал үүслийн гэрчилгээ буюу мал эмнэлгийн гэрчилгээг шаардаж байгаа. Мөн тээвэрлэх гэрээ /ТҮК/-тай хийсэн, зориулалтын газар устгах гэрээ, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн буюу энгийн хог хаягдлыг агуулах, талбай гээд дайвар бүтээгдэхүүн рүү чиглэсэн асуудлуудыг харж байж гэрээ байгуулна. Аж ахуй нэгж байгууллагууд дээрх асуудлыг бүрэн хангасны дараа махаа экспортод гаргах эрх авна. Гэхдээ бодлогын гэрээ нь захиргааны гэрээ учраас бид аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал аван гэрээгээ боловсруулаад сайдаар батлуулах гээд бэлдэж байна. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 100 тонн мах гаргах гэж байгаа бол 10 тонныг нь дотоодын зах зээлд нийлүүлнэ. Энэ нь махны хангамжийг нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр махны эрэлт ихсэж нийлүүлэлт багасах үед аж ахуйн нэгж байгууллагуудад экспортод гаргасан махныхаа 10 хувийг дотоодын зах зээлд гарга гэсэн чиглэл өгөөд холбогдох газруудтай хамтран ажиллана гэсэн үг.
-Ирэх жил хэдэн тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн бэ?
-2020 оны нөөцийн махны бэлтгэл ажил хийгдээд зохион байгуулалтын арга хэмжээ аваад явж байна. 20 мянган тонн мах нөөцөлнө гэж төлөвлөгөө боловсруулан төсөвт суулгасан байгаа. Бидний харж байгаагаар ирэх жил махны үнэ өсөхгүй байх гэж харж байна.
-Манай улсад мал төхөөрөх хэдэн газар байдаг вэ?
-Миний хийсэн судалгаагаар 65 үйлдвэр, 35 цех ажиллаж байна.
-Экспортод гаргах махны квотын хэмжээ хэр их байдаг вэ?
-Тухайн жилийнхээ малын сүргийн бүтцийг харна. Бог болон бод малын харьцааг харна гэсэн үг. Үндсэндээ бог малын харьцаа 85 хувь, үлдсэн нь бод мал байдаг. Бид бог малын харьцаа их учраас квот тогтоогоогүй. Жилийн эцэст тооцоо судалгаа хийгээд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулаад зөвлөмж гаргана. Зөвлөмжийн дагуу 2020 оны экспортын квот тогтооно.
-Экспортод гаргаж байгаа нэг килограмм махны үнэ хэд байдаг вэ?
-Махны үнийг манай яамнаас тогтоодоггүй. Сүүлд Гаалийн ерөнхий газрын цахим сайтаас харахад хоёр доллар 33 цент гэж байсан.
-Ирэх жил махны үнэ өсөхгүй гэж хэлж болох уу?
-Махны үнэ өсөхгүй байх бүхий л зохицуулалтыг хийж байна. Дотоодын зах зээл дээрх 10 хувийн хангамжийн асуудал, гажуудаад байсан хоёр орны протоколын хэрэгжилт, шууд зах зээл дээрээс экспортод гаргах гээд асуудлууд цэгцэрсэн.
Сэтгэгдэл ( 1 )
удахгүй хүрэлсүх улаан нар малаа 90 - н сая болоход нутаг билчээр газартайгаа үлдэх үү ? үр ашиг багатай монгол нутгийг байхгүй болгох олон толгой малтайгаа үлдэх үү ? гэдэг ялан дээр сууж байхгүйг эртхэн олж харж зөв шийдэхгүй бол хэцүүдэнэ шүү