НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба ЭКСПОРТ
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хулгана хүртэл хөеөгөө засаж, бор шувууд хүртэл үүрээ зэхэж, дор дороо л өвөлд базааж байхад хүмүүс бид идэш хоолоо төхөөрөхгүй бол горьгүй нь. Саалийн хэдэн хонь, идэшний хэдэн үхэртэй нэг нь хөдөө тийш хандаж, чүү гэх морьгүй, чай гэх ямаагүй нэг нь килограммын мах гоочлохоор зах руу жирийлгэнэ дээ. Хөлс мөнгө нь буувал хөндлөн гулууз тэгнээд харих, хүч мөнгө нь дутвал хөл гуя сугавчлаад харихын хооронд л нийслэлчүүдийн амьдрал өрнөн буй. Хаа, гуя байтугай хавирга ч мөлжих “эрхгүй” толгой шийр өнхчүүлж байгаа ч айл олон. Тэтгэврийн 300 мянга нь хаанаа ч хүрэхгүй тэвдэж яваа хөгшчүүл ч олон. Тэдний нэг настан буурайгийн тохойноос нь өргөж, торноос нь дамжлан “Хүчит шонхор” захаар хөндлөн гулд хэдэнтээ эргэлдэв.
Бор торгон дээлийн үзүүр нь сэмэрч гандсан, хөх алчуураар толгойгоо ороосон 70 орчим насны эмээ даавуун тортой хүнсний ногоогоо дааж ядан алхана. “Хүчитшонхор” захын урд байх гулууз махны павилоноор үнэ асууж, тасаг бүрийн үүдэнд очин, тарган, туранхайг нь шинжих ажээ. Намар цагийн хонины мах өөх алаглаад сайхан л байдаг. Зан сайтай худалдагч эгч “Гулууз мах нэг килограмм нь 5600 төгрөгийн үнэтэй, нэг гулууз 20-иос дээш килограмм татдаг болохоор ойролцоогоор 130 мянган төгрөг болох байх” гэв. Эмээ өврөө тэмтрэн, төсвөө бодов бололтой нүдээ сүүмийлгээд “Хүү минь ээ, 100 мянга дотор хүрэх юм байхгүй юу хө” гэхэд мөнөөх эгчийн царай нь хувьсхийж “Байхгүй ээ” гээд хөндөлсөх маягтай болов. Эмээ ч амандаа нэгийг бувтнан, хойд талд байх махны худалдааны зах руу эргэлээ. Эмээгийн тохойноос өргөн, торноос нь дамжлах шалтгаан эрж, “Эмээ та мах авах гэж явна уу, алив би өргөх үү?” гээд гараа сунгахад уриалгахнаар тороо шилжүүлж “Тийм ээ, хүү минь. Килийн мах авдаг юм уу санаатай” хэмээн суганаас түшив.
Ийнхүү шинэхэн найзтайгаа зах руу ороход махны үнэр нялхийн үнэртэж, гутлын ул өөх тос болсон шалаар гулгах маягтай. Эмээ ч хөл муутайн дээр хальтрах вий гэхдээ надаас тас зуурав. Үхрийн цул мах нэг килограмм нь 9500, ястай нь 9000 ажээ. “Уг нь цул мах авчихвал арай удах юм уу, хүүхдүүд яс мөлжих дуртай” гээд эмээ хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгснээ “Хэдэн ач, зээ нар амралтын өдрүүдээр ирдэг юм аа. Боов боорцог, сүү тараг нэхээд суулгахгүй” гээд эмээ дан маханд мөнгөө зориулахаас “татганан” хонины махны тасаг руу зүглэв. Хонины сүүл килограмм нь 5000, хонины цул 7500, ястай нь 6800 гэж байлаа. Эмээ энгэрээ ухаж, ухаж хөшүүр зүүгээр цойлдсон даавуун хэтэвчнээс хоёр “20-тын” дэвсгэрт гаргаж таван килограмм цул мах авахаар болов. Худалдагч эгч булчин голдуу юм бөөгнүүлэхийг ажигласан би настай хүнд зөөлөн мах сонгоорой гэхэд дуртай, дургүй ялгаж өгөөд, 2500 төгрөг хариуллаа. Эмээ захын үүдний хэсгээс нэг килограмм хонины сүүл нэмж авав.
Эмээг Г гэдэг. Сүхбаатар дүүргийн иргэн. Улсад насаараа зүтгэчихээд тэтгэврийн доод хэмжээ тогтоосонд гомдолтой байдгаа ч нуусангүй. Өдгөө таван ач, зээтэй тэрбээр том охины хамт амьдардаг аж. Охины нөхөр архи, дарс зооглох дуртай, олсон хэдээр нь хар ус гударчихаад байдаг байжээ. Гурван жаахан үрээ бүлтийтэл орхиж яваад, бараа нь үзэгдэхгүй хэдэн жил болжээ. Охин нь бага хүүхдээ хараад гэр зуур байхын сацуу ойр зуурхан чанасан өндөг, ширхгийн тамхи бохьхон зарж түлээ түлшний мөнгөө болгодог аж. Охины том хүү нь хичээлийнхээ хажуугаар ээждээ тусална. Эмээгийнх тавуулаа таван кг махыг хагас сар хэрэглэдэг гэв. Хоолонд хүнсний ногоо хэрэглэхээр маханд жийрэгтэй байдаг талаар ч хэлээд амжив. Сар гаруй мах шөлний асуудалд санаа зовохгүйн тулд гэдэс цувдайгаар дунд нь жийрэглэх хэрэгтэй гээд эмээ дайвар бүтээгдэхүүний зах руу дагуулав.
Үхрийн зүрх килограмм нь 4000, хонины элэг ширхэг нь 500, хонины бөөр килограмм нь 1500, уушги нэг нь 300, умс, кита килограмм нь 4000, хонины арилгасан гүзээ килограмм нь 12 мянга, үхрийн гүзээ 4500, толгой 1000 төгрөг байв. Эмээ өврөөсөө дахин нэг даавуун тор гаргаад хоёр килограмм үхрийн зүрх, гурван килограмм хонины бөөр, хоёр килограмм умс, кита, үхрийн гүзээ хоёр ширхэг, гурван хонины толгой, таван ширхэг уушги, хонины элэг таван ширхгийг авахад нийт 36.500 төгрөг болов. Бид хоёрын ачаа улам хүндэрсээр. Хоёр тор дүүрэв. Гэвч эмээг сар гаруй “тогоогоо тосолно” гэж бодохоор сэтгэл өег байлаа. Миний тооцоолсноор эмээд 20 мянган төгрөг л үлдсэн байх. Хүний хэтэвч рүү өнгийх нь муухай боловч авах зүйлдээ мөнгө нь хүрэх эсэхэд санаа зовж буй минь энэ. Эмээ “Өдөр нь хэдэн ач, зээ нартайгаа будаатай цай бувгануулчихдаг юм” гээд өврөө ухаж ухаж, мөнөөх даавуун хэтэвчнээсээ 20 мянгатын дэвсгэрт гаргаж ирэв. Будаа авах гэж байна даа гэж бодтол “Гялайлаа хүү минь, чихэр авч идээрэй” гээд өгөх гэхэд нь санаа ихэд зовж “Зүгээр ээ, та ач, зээ нартаа боов, сүү авч өгөөрэй” гээд буцаав. Эмгэн нүдэндээ нулимс цийлгэнүүлэн, уруул нь үл мэдэг өмөлзсөнөө “Ач хүү маань энэ хавиар өндөг зарж яваа, бид хоёр харьчихна аа, санаа зоволтгүй, хүү минь, ажлаа бод” гэсээр хоцров.
Түүн шиг олон эмээ, өвөө нар хоногийн хоолоо хүргэх гэж зүдэн яваа даа гэж хөндүүрлэн бодсоор “Хүчитшонхор” захын худалдаачдын ойролцоо чих тавин зогсов. Хижээлдүү насны эгчээс нэг килограмм мах хэдээр бөөндөж авдаг талаар асуухад үхрийн мах 7500, адууны мах 5500, хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6700 төгрөгөөр авдаг гэлээ. Махны худалдаа эрхлээд олон жилийг үдсэн Э эгч “Ер нь мах улирлаас шалтгаалаад янз бүрийн үнэтэй болдог. Хавар мах ховорддог учир Цагаан сарын үеэр 10-12 мянга хүрдэг. Сүүлийн хоёр жилд хятад үйлдвэрүүд муу махыг өндөр үнээр худалдаж авч байгаагаас болж махны үнэ буухгүй байна. Үхрийн махыг хятадууд малчдаас килограммийг нь 7600-7800 төгрөгөөр үнэ цохиод авчихдаг учраас үхрийн махны үнэ 9000 төгрөгт хүрэхгүй гээд яах вэ” гэв. Монгол Улс 66.5 сая мал сүрэгтэй, 3.3 сая хүн амтай нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг орны нэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 1,5 сая хавтгай дөрвөлжин километр бөгөөд үржил шимтэй ургамал, ой мод, гол мөрөн, нуур далай, уул нуруу, тал хээрээрээ гайхагдсан мал аж ахуйд нэн таатай нутаг. Гэтэл махны үнэ нь тэнгэрт хадаж, гэдэс цувдайханаар бор хоногийг болгоож яваа олон айлын нэгэн жишээ энэ билээ.
Мах авахаар сонирхон буй залуухан бүсгүй 2-3 орчим насны хоёр жаахан хүүхэд хөтөлжээ. Нэг нь дүүгийнх нь хүүхэд аж. “Манайх Дэнжийн мянгад байдаг. 50 мянган төгрөгт мах аваад сар идэхийн тулд атга, атгахан мах хувааж хөлдөөдөг. Амтагдах, хүртэх төдий л юм болдог. Хямд болохоор нь “Барс” захаас тахианы мах хоёр килограммтайг нь 15500 төгрөгөөр авч нэг хэсэг идлээ. Дотроо 12-14 ширхэг мөч байдаг болохоор өдөрт нэг мөч идэхэд хоёр долоо хоночихно. Тахианы маханд хоолшдогггүй юм аа. Хүний ядаргааг тайлдаггүй. Залуу гэр бүлийн орлогын дундаж цалин нэг сая гарсан гэж яриад байх юм. Хаана тийм цалин өгөөд байна аа, нөхрөө оруулъя. Манай хүн өдөржин ажиллаж, ажиллаж 600-700 мянган төгрөг л олж байна. Хүүхэд маань ой есөн сартай л даа. Хоёр нас хүрээгүй гээд энэ жил цэцэрлэгт орж чадаагүй. Би ажил хийвэл нэмэртэй л байх” гээд С бүсгүй санаа алдав.
“Бөмбөгөр” захаар махны ханш ямар байгаа талаар нэхэн сурвалжлав. “Хүчитшонхор” зах дээр хар үүрээр махны ченж нар ирж машин машинаар нь мах бөөндөөд явдаг. Нийслэлийн бүх л захын махны худалдаачид тэндээс махаа авдаг гэхэд болно. Цайны газар ажиллуулдаг 50 орчим насны А гэх эмэгтэй “Бөмбөгөр”-өөс махаа авдаг ажээ. Хүн бүл муутай учир ажилдаа ойроор нь “Бөмбөгөр”-ийг сонгосон нь энэ. Үхрийн цул мах нэг килограмм нь 10500, хонь 7500, ямаа 7000, адууны мах 8500 төгрөгийн үнэ ханштай байв. Долоо, долоо хоногоор махаа нөөцлөхдөө гүзээ, элэг зэрэг таван цулаас ч сорчлон авдаг аж. “Хүчитшонхор” захаас бусад захууд 1000-1500 төгрөгөөр илүү үнэ өртөгтэй байдаг нь ажиглагдав. “Эндээс авсан тэндээс авсан ялгаагүй ээ, бензиний мөнгөндөө дүндээ дүн байдаг юм” гээд А эгч хүнсний ногооны тасаг руу явж одлоо.
Өнгөрөгч наймдугаар сард Ерөнхий Сайд Ү.Хүрэлсүх Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд хандан “Мах, гурилын үнэ тэнгэрт хадвал сайд өөрөө толгойгоороо хариуцаарай” гэж хатуухан сануулаад амжсан. Манай улсад махны үнэ улирлын чанартай хэлбэлздэг бөгөөд хавар нь өсөх, намар нь буурах хандлагатай байдаг. Жишээлбэл гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл нэмэгддэг нь нууц биш. Сарын өмнө үхрийн цул мах 10500 төгрөг байсан бол даруй 1000 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Шинэ жил, цагаан сар, найр наадмын үеэр худалдаачид амандаа орсон үнээр махаа зарах гээд байдаг болохоос биш махны үнэ тогтвортой байх тал дээр төрөөс бодлого барьж ажиллаж байгаа нь сайшаалтай. Хавар мал төллөх үеэр, намар ургац хураалтын үеэр гадагшаа мах экспортлохгүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Хүн хөл хөлхсөн, хүнсний захаар эрээнтэй, бараантай амьдрал үргэлжилсээр. Зарим нь грүүшиг хөлсөлж, өмссөн хувцсаа бохир болчих вий гэж цэмцэгнэж байхад зарим нь шуудай гурил мөрөн дээрээ тохчихоод гэртээ хоолтой харина гэдэгтээ баяр дүүрэн хөл нь газар хүрэхгүй шахам. Өвөлдөө 40 хэм хүйтэрдэг манай оронд монголчууд халуун чанарын мах идэж, хамаг илчээ хуримтлуулдаг билээ. Тахиа шувууны маханд хоолшино гэдэг худлаа. Өндөг, хиамхнаар өл дарна ч гэдэг үлгэр. Монголынхоо үржил шимтэй хөрснөөс идээшсэн малынхаа махаар тэнхэрдэг, тэжээгддэг ард түмэн. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хулгана хүртэл хөеөгөө засаж, бор шувууд хүртэл үүрээ зэхэж, дор дороо л өвөлд базааж байхад хүмүүс бид идэш хоолоо төхөөрөхгүй бол горьгүй нь.
Сэтгэгдэл ( 3 )
mah idehgyi bol yrt naslaj boloh taltai syy!!!!mahaan l bagasaga ene delhii niitiin soyolt ard tymenii hysemjildeg yhaan syy!!!bydyyn nehedyyd ikhe haragdah yum ene mahtai holbootoi syy!
МАх бага ид . Одооны мах бордооны ХАР ГАЙГААР Амтгүй чанахаар бүр эвгүй үнэр гаргадаг болсон бна