ХХААХҮЯ-ны Хөнгөн аж үйлдвэр хөгжсөний 85 жилийн ой энэ жил тохиож буй. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, арьс ширний үйлдвэрлэлийн холбоодын төлөөллүүд өнгөрөгч баасан гарагт хуралдлаа. Энэхүү хурлаар арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй асуудал, салбарын хүний нөөц, түүхий эдийн бэлтгэл, арьс боловсруулах чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлууд, арьс ширэн бүтээгдэхүүний гадаад дотоод зах, зээлийн судалгааны, төр засгаас баримталж байгаа бодлого, арьс ширний чанарын асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар, Дархан хотуудад жилдээ долоон сая орчим арьсыг гүн боловсруулах хүчин чадалтай нийт 28 үйлдвэр ажилладаг бөгөөд хортой нөхцөлд хамаардаг. Монгол оронд жилд 20 сая арьс нийлүүлэх нөөцтэй. Арьс ширний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж, адууны дэл сүүл боловсруулдаг гурван үйлдвэр, завод ноос боловсруулдаг зургаан үйлдвэр, үхрийн арьсны хуулдсаар цавуу үйлдвэрлэдэг нэг үйлдвэр ажилладаг ажээ.
Салбарын гол хэлэлцсэн асуудал нь малчдын хайнга байдал, нядалгааны үеийн гэмтлээс болоод арьс ширний түүхий эд үнэгүйдэж байгаа талаар ярилцав. Хонины арьсны 80 хувь хачиг хувалзын сорвитой, ямааны арьсны 40 хувь нь хамуутай, үхэр адууны 40 гаруй хувь нядалгааны үеийн гэмтэлтэй, тэмээний арьс 100 хувь хутганы зүсэлттэй байгаагаас гадаадаас эрэлтийг 100 хувь хангаж чадахгүй байна
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Арьс шир үйлдвэрлэлийн газар малчдаас 1000 ширхэг арьс 1000 төгрөгөөр нийт нэг сая төгрөгийн зардлаар худалдаж авлаа гэж бодъё. Нэг ширхэг арьсанд 10-15 мянган төгрөгийн боловсруулалт хийдэг. Үүнд химийн бодис, ус, цахилгаан, дулаан, ажилчдын цалин, нийгмийн даатгал, аюулгүй ажиллагааны зардал ороод нийт зардал нь 15 сая төгрөг болдог. Гэтэл 1000 арьснаас 200 ширхэг нь л бидний шаардлагыг хангадаг. 800 ширхэг нь шимэгч хорхойн гэмтэл, илжирч ялзарснаас шалтгаалаад хэрэггүй хог болно. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд алдагдалд ордог учраас түүхий эд үнэгүй байсан ч авах шаардлагагүй гэсэн үг. 200 ширхэг арьсаа гадаадад гуравхан доллароор өгдөг. Малчид малаа арчилж, тордохгүй, хаа дуртай газраа нядлаад байгаа учраас түүхий эд үнэгүйдэж байна” гэлээ.
2017 онд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. Энэ хууль нь мал, амьтны амьдын гэмтлийг бууруулах зорилготой. Нядалгааны өмнөх гэмтэл нь мал эмнэлгийн үйлчилгээ муу байснаас 60-70 хувь нь шимэгч хорхойн гаралтай гэмтэлтэй байдаг. Малчид стандартын шаардлага хангасан мах нядалгааны үйлдвэрт малаа нийлүүлснээр арьс ширний гэмтлийг 60-70 хувь бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд мал нядалгааны газруудад сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Мөн тулгамдсан асуудлын нэг нь нийслэлийн оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа арьс ширний үйлдвэрийн үнэр танар, иргэдийн эрүүл мэндийн асуудал байлаа. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү “Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор барих ажил эхлүүлсэн. Дэлхийн стандартаар нийслэл дотроо арьс шир боловсруулах үйлдвэр байдаггүй. Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжөөд 85 жилийн хугацаанд “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж технологийн хоцрогдолд орсон. ХХААХҮЯ, БХБЯ, БОАЖЯ, нийслэлийн Засаг даргын хооронд санамж бичиг байгуулж, арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх тухай яригдсан боловч төсөв мөнгөний асуудалтай байна. Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулахад 140 орчим америк доллар шаардлагатай. Бид өнөөдөр ч нүүхэд бэлэн” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
махны үйлдвэрүүдээ намнах төлөвлөгөөг улаанаар хийлгэх сонголтыг хийлээ уул уурхайг намнах ажлыг сумьяабазар хийгээд хичнээн иргэд аж ахуйн нэгжүүд хохировдоо шахмал түлш гээд баахан аж ахуйн нэгжүүдийг хуураад өр төлбөрт хийгээд хаялаа их хүссэн хүнээр бүү хийлгэ