Б.Барслхагва: Лутаа бол надаас ТЭС ӨӨР хүн

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Батболдын Барслхагва. Түүнийг өдгөө үзэгчид Лутаа гэдэг нэрээр илүү мэдэх болсон. “37-р точка” кинонд бүтээсэн дүр нь үзэгчдийн сэтгэлд тийн хоногшиж яваа хэрэг. Шинэ үеийн залуу жүжигчдийн дундаас ур чадвар, дүр төрх, хөдөлмөр зүтгэлээрээ эрхгүй ялгарч яваа Б.Барслхагватай хөөрөлдсөн яриагаа уншигчдынхаа өмнө дэлгэе.


-Та их багаасаа олны өмнө гарч ирсэн хүн. Өнөөг хүртэл үзэгчдийг уйдаахгүй байж чадаж байгаа нууцаа хэлээч?

-Нууцлаад байх зүйл байхгүй ээ.Дуртай ажлаа хийгээд өдийг хүртэл явж байна. Хүүхэд байхаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Хүүхдийн ордноос эхлээд Соёл урлагийн их сургууль гээд л.

-Та “С1”телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг байсныг санаж байна. Анх яг яаж “Фантастик” продакшны бүрэлдэхүүнд орсон юм бэ?

-Оюутан байхдаа л “С1” телевизэд хөтлөгчөөр ажилладаг байсан л даа. Бид хэд чинь нэг сургуулийн нэг үеийн найзууд шүү дээ. Анх нэг кино хийе гэж хамтдаа ярилцаад оногдсон ажлаа хариуцаж аваад л эхэлсэн. Түүнээс хойш бид хэд ер нь салаагүй дээ.

-Үнэхээр амжилттай байх юм байна гэдэг мэдрэмжийг юун дээр анх олж авч байв?

-Цаашдаа “Фантастик” продакшн амжилттай байх юм байна гэж бодоод бид нэгдсэн юм биш шүү дээ. Бүгдээрээ хамтдаа байвал амжилттай байх юм байна гээд явж байгаа хүмүүс. Түүнээс биш, миний хувьд цаашид амжилттай явах юм байна гэдэг бодлоор энэ компанид ажиллаад байгаа гэсэн үг биш.

-Та “Фантастик”-ийн бүх кинонд үргэлж чухал дүр авдагийн цаад шалтгаан юу байна?

-Би ер нь голлох дүр авч байгаагүй. Сүүлийн хоёр кинонд л голлох дүр дээр ажиллаж үзэж байна. Өмнө нь дандаа туслах, жижиг сажиг дүрд тоглож байсан. Голлох дүр өгөх болсныг би нэг талаар манай найруулагч Тамираагийн надад итгэж байгаа итгэл гэж хардаг л даа. Нөгөө талаар, тухайн дүрд тохирох онцлог нөлөөлдөг байх.

-Б.Тамир найруулагч танд хэр шүүмжлэл хэлдэг бол. Эсвэл найзан дундаа гэдгээр танд найдаад үг хэлэх нь ховор уу?

-Тамираад ёстой тийм зан байхгүй. Зураг авалтын үеэр бол “Биднийг ирээд алчих вий дээ” л гэж боддог. Хэрвээ Тамираад таалагдахгүй, сэтгэлд нь хүрэхгүй, урмыг нь хугалсан зүйл гарах юм бол тэр найз байх түүнд хамаагүй. Шууд л шүүмжилнэ.

-Санаа зөрөлдөх, эр улсуудын хооронд муудах тохиолдол хэр гардаг вэ?

-Ер нь гарна, гарна. Би чинь өөрөө аль болох уурлахгүй, хэрэлдэхгүйгээр маргааныг намжаахыг хичээдэг. Маргалдах үе гаралгүй л яахав. Хамгийн гол нь маргалдаж хэрэлдчихээд таван минутын дараа  юу ч болоогүй юм шиг явж байдаг. Тэр нь илүү сэтгэлд амар, биед ч амар. Зөрчил маргааныг хагалахгүй, цайруулахгүй бол сэтгэлд их том ачаа тээш болдог.

-Сониучирхаад асуучихъя. Танай багийнхан дандаа залуус. Тэр утгаараа хоорондоо гар зөрүүлж байсан тохиолдол бий юу?

-Нэг, хоёр удаа байсан. Янз янзын зүйлээс болно оо. Урам бүтээлээс болж гар зөрүүлэх дээрээ тулж байгаагүй. Уурлахаараа бие биенээ гомдоохоор үг хэлэх зэрэг нөхцөлөөс болж байсан. Гэхдээ бид гар зөрүүллээ гээд үүрд сэтгэл зөрж явах хүмүүс биш. Би ийм сайхан найзуудаа олж, тэдэнтэйгээ нөхөрлөж, уран бүтээл хамт хийж яваадаа өөрийгөө их азтай хүн гэж боддог.

-Та өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрээсээ хамгийн сайн тоглосон дүрээ нэрлээч гэвэл?

-Дүгнэлт хийх нас болоогүй байна аа. Ер нь бүх дүр дээрээ чадах бүх зүйлээ гаргахын төлөө хичээж ажилладаг. Өчигдөр байснаасаа өнөөдөр илүү байхыг зорьдог. Өмнө нь харагдсан Барсаагаа дахиж харуулахыг хүсдэггүй. Бас яг хүссэнээр болдоггүй юм байна лээ. Дүр бүтээх гэдэг өөрийгөө биш, өөр хүнийг бүтээхийг хэлж байгаа юм. Үнэхээр хүмүүст ямар ч алдаа мадаггүй ийм л хүн байсан байх гэж бодогдтол нь бүх хүнд хүлээн зөвшөөрүүлж чадсан бол үүнийг дүрээ бүтээж дээ гэж хэлж болно байх. Миний хувьд болоогүй байна. Надад үлгэр дуурайлал, өндөр босго болох олон сайхан мундаг ах эгч, багш нар маань байна. Ямар ч байсан хичээж л явна. 

-Танай залуусаас хамгийн их хувирч чаддаг жүжигчин нь таныг гэдэг. Үнэхээр тийм юм уу?

-Надаас өөр хүнээс ч юм уу, найруулагчаас асуух ёстой асуулт байх аа. /инээв/ Баярбат, Алтаншагай, Тамир, Алдар, Одбаяр, Батсайхан, Ганчулуунгээд найзуудаа сайхан авьяастай залуучууд гэж боддог. Би өөрийгөө гэхээс илүү найз нараа надаас илүү жүжигчид гэж боддог. Тиймдээ ч би энэ хүмүүстэй нөхөрлөсөндөө бахархдаг.

 

 

-Та багаасаа л од байсан хүн. Тэр утгаар охидын хандлага таныг аль нэг үед залхааж байсан уу?

-Ер нь тийм зүйл байгаагүй ээ.Оюутан байхдаа охидуудад дурлаад шаналдаг л байсан. Хамгийн сүүлд эхнэртээ л дурласан даа.

-Эхнэртэйгээ яаж танилцаж, гэргийгээ болгож байсан түүхээ хуваалцахгүй юу?

-Манай нэг найз “2-р суваг” телевиз байгуулаад би нэвтрүүлгийн албаны дарга болоод очиж байлаа. Маркетингийн албанд нь хоёр охин ажиллаж байсан юм. Нэг охин нь анх хараад л надад таалагдаад болдоггүй. Нүдэнд дулаахан царайтай даруухан охин байсан. Удалгүй нөгөө охиноо бодохгүй байж чадахаа болилоо. Аз болж, нөгөө охин маань нэг өдөр өөрөө эхэлж “Дугаар чинь хэд билээ” гэж асуудаг юм. Би ч дугаараа өгч, түүнээс хойш ажил хэргийн голдуу мессеж бичилцдэг, ярилцдаг болов оо. Ямар хоолонд дуртай вэ гэж асууж байгаад дуртай хоолыг нь хийж, ажил дээрээ авчирч гүйсээр байгаад бид хоёр чинь хайр сэтгэлийн холбоотой болж, бие биедээ галзууртлаа дурласан юм байна. Тэр охин одоо надад хоёр сайхан хүү төрүүлж өгчихөөд манай гэрт байж байна. /инээв/

-Барсаа хаягдаж байсан уу?

-Зөндөө хаягдаж байсан. Хаягдахаараа шаналдаггүй байсан юмаа. Зүгээр тоохгүй байвал л их шанална. Хаягдахаас илүүтэйгээр сайн болчихсон охин маань намайг тоохгүй болохоор их хэцүү байдаг. Зүрх сэтгэл өвдөөд л.

-Одоо бол танилцахыг хүссэн охид бүсгүйчүүдийн санал хэр их ирнэ биз?

-Зөвхөн эмэгтэй хүмүүс гэлтгүй, кинонд тоглох хүсэлтэй, кино багт ажиллахыг хүсдэг залуучууд, охидууд бүгд л бидэнтэй холбогддог. Магадгүй кино хийж байгаа, энэхүү урлагт ажиллаж байгаа учраас олон хүнд хамт ажиллаж үзэхсэн гэсэн бодол төрүүлдэг байх. Ер нь ажил хэргийн саналууд л их ирдэг дээ. Энэ нь нэг талын дотносохыг хүсч буй хэлбэр.

-Лутаагийн дүрд тоглосноос хойш энэ хандлага илт нэмэгдсэн үү, яасан?

-Кинонд тоглох болгонд, кино нээлтээ хийсний дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдөж шинэчлэгдээд явдаг л даа. Ер нь уран бүтээлч хүмүүс үүнийг маш сайн гадарладаг байх. Олон ангит кино маань хүмүүст илүү урт хугацааны туршид үйл явдал нь хүрдэг учраас Барсаа гэхээс илүүтэйгээр, яг одоо хүмүүс намайг Лутаа л гэдэг болсон. Бүтээсэн дүр минь хүмүүст хүрч байгаа юм байна л гэж дотроо баяртай байдаг даа.

- Лутаа гэснээс, Лутаа та хоёрт адилхан зүйл хэр их бий вэ?

-Лутаа бол надаас шал өөр хүн л дээ. Аливаа зүйлийг хүчээр шийдэх сонирхолтой, өөрийгөө барьж хорихыг хүсдэггүй дүр. Мэдээж хэрэг, тухайн дүрийг би өөрийнхөө биеэр дамжуулж гаргахыг хичээсэн. Тэгэхээр миний мөн чанар, зан характерын шинжүүд тухайн дүрд суусан л байж таарна. Гэхдээ өөрөөсөө өөр дүр гаргахыг л хичээсэн. Чадсан болов уу, чадаагүй болов уу гэдгийг үзэгчид маань хэлэх байх.

-Киноны үйл явдлаас асуухад Лутаа зөв, сайн зам руу буцаж орох болов уу?

-Лутаа буруу зам руу ороогүй шүү дээ. Өөрийнхөө сонгосон замыг зөв гэж бодоод, зөв гэж бодсон зүйлээ хийгээд явж байгаа. Үзэгчдийн харж буй өнцөгөөс бол буруу зүйл хийгээд байх шиг байна. Харин Лутаад бол өөрт нь нэг зорилго байгаа. Тэр зорилгоо л биелүүлэх гэж яваа залуу. Буруу зөвийг нь хэдүүлээ удахгүй киногоо үзээд харах байлгүй.

-Манайхан “37-р точка” киног түүхэн баримтат кинотой хольж хутгаад байх шиг санагддаг уу?                                                                                                                

-Тийм шүү. Хүмүүс яагаад бодит үйл явдал гэж хүлээж аваад, бодит цаг хугацаан дээр буулгаад бухимдаад байгааг ойлгохгүй байгаа. Ойлгох гэж бодсон л доо. Нэг талаар “Фантастик” продакшн маань сүүлийн хэдэн жилүүдэд дандаа түүхэн кино хийсэн. Магадгүй хүмүүс“37-р точка” киног түүхэн бодит үйл явдал байсан байх гэж бодоод байх шиг. Тэр тусмаа манай найруулагч, зохиолчид түүхэн кино биш юм шүү гэдгийг хүмүүст мэдрүүлж ойлгуулахын тулд ямар ч он цаг кинондоо бичээгүй. Яг тэдэн онд гэсэн нэг ч тодорхой цаг хугацаа гардаггүй. Яагаад гэвэл “Хүмүүс түүхэн бодит кино гэж битгий хүлээж аваасай. Энэ бол зүгээр “Фантастик” продакшны хамт олон, найруулагч Б.Тамир, А.Баттүшиг нарын өөрсдийн ургуулан бодох чадвараас нь гарсан зохиомол үйл явдал шүү” гэдгийг л мэдээсэй гэж хүсч байна. Хэдий зохиомол үйл явдал боловч бид энэ киноны дүрүүдээр амьдрал дээр байдаг үйл явдал, утга санааг илэрхийлэхийг зорьсон хэрэг. Хүнийг хүн гэж хардаггүй харгис нэгэн байхад хүний хүүхдийг өөрийнхөө хүүхэд мэт хайрлаж чаддаг хүн байдаг шүү гэдгийг киногоор дамжуулж хэлж байна. Эд хөрөнгө, эрх мэдэлдээ бардаад өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодож явдаг нэгэн байхад эд хөрөнгө, хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө юу ч үгүй хоосон байхаас эхлэн тэмцэж буй хүний тухай өгүүлж байна. Залуу хүмүүсийн омголон, бардам зан юунд хүргэж болох, эмэгтэй хүний эмзэглэл, энэ нийгмийн түүнд үүрүүлж байгаа ачаа, зовлон, түүнийг даагаад авч гарч байгаа эр зориг, тэвчээр хатуужлын тухай гээд маш олон зүйлийг энэ киногоороо дамжуулан хөндөж байгаа. Найруулагч маань асар олон хүний зүрх сэтгэлийн хэлэх гэсэн санааг энэ киноны дүрүүдээр хэлүүлж чадсан гэж би боддог. “37-р точка” кинонд маань гэр бүл, ах дүү, хайр дурлал гээд бүх л сэдвүүд орсон байгаа. Гэхдээ энэ бол бодит үйл явдал ч биш. Түүхэн кино ч биш гэдгийг маш сайн ойлгож үзэхгүй бол зарим хүмүүс бухимдалтай, уур уцаартайгаар хүлээж аваад байх шиг харагдана лээ.

 

 

-Багийнхаа залуучуудыг талаар та нэг бүрчлэн тодорхойлоч. Хэн хэн нь ямар давуу талтай вэ?

-Манай найз нарт нэг нийтлэг чанар байдаг. Маш дайчин. Урам бүтээлээс, ажлаас ямар нэгэн байдлаар ухрах, зугтаах, аргацаах ойлголт байдаггүй. Энэ бүхнийг манлайлж удирдаж явдаг хүмүүс нь манай Батсайхан, Тамир хоёр байна. Би ер нь Батсайханаас их юм суралцдаг. Киноны продюсер хийх, хүмүүстэй уулзах гээд л хамгийн их ажлуудыг нугалдаг. Ийм чанаруудаас нь суралцаж, найзуудынхаа итгэлийг алдчихгүй юмсан даа гэж явдаг. Батсайханаас бол ажлыг хэрхэн яаж бүтээж, хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ гэдгийг суралцах юмсан гэж боддог. Ямар ч нөхцөл, ямар ч үед найз нөхдийгөө хаяж орхиж явдаггүй. Үргэлж хамт байдаг. Бидэн дундаас хамгийн сэргэлэн нь гэж хэлнэ.

Тамираа бол маш мэдрэмжтэй, хөдөлмөрч дайчин залуу. Хэзээ ч ухардаггүй. Энэ хүнд ухрах араа гэж байхгүй. Уран бүтээлийн мэдрэмж маш өндөр. Ялангуяа зураг авалтын үед тэр дүрийн мөн чанарыг ярьж байх үед хэний ч бодоогүй санаанууд Тамираагаас гардаг.

Манай Алдараа бол маш эмзэг зөөлхөн сэтгэлтэй. Юмыг төсөөлөх, ургуулан бодох, санаачлага гаргах тал дээрээ онцгой чадвартай. Хүнийг амархан уучилдаг, амархан гомддог. Энэ зан чанар нь ч бидэнд заавал байх ёстой чанарын нэг гэж би боддог юм. Баяраа маань бас л дайчин. Нэг юманд зорьсон бол зорилгодоо заавал хүрэхийг хичээдэг. Өөртөө их итгэлтэй.Шагай бол ёстой хүнд маш сайн найз байж чаддаг. Ямар ч жаргал, зовлон алин дээр нь ч гэсэн хамт байдаг хүн.Ганчулуун бол маш бардам зантай хүн. Өөрийгөө хэний ч дор оруулж үзэх дургүй. Өөрийгөө хэзээ ч голдоггүй, өөртөө итгэлтэй.Би болохоор жоохон эсрэгээрээ, сэтгэлээр амархан унадаг. Ганчулууны өөртөө итгэлтэй чанар надад их нөлөөлдөг.Одбаяр бол манайхан дундаас хамгийн бага нь. Ах нартайгаа нийлээд их юм сурч, маш их ажиллаж байна. Одоо ч тэгээд биднээс ялгаагүй болчихож дээ. Итгэл алддаггүй.

-Тэгвэл хэн нь ямар сул талтай вэ?

-Нэг талаараа давуу тал нь сул болох үе байдаг. Хэтэрхий дайчин байх, хэтэрхий ажлынхаа төлөө зүтгэх нь заримдаа сул тал болдог. Бидний нийтлэг сул тал гэвэл гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. Харин хувь хүн болгоны сул талыг нэрлэх хэцүү. Яагаад гэвэл, бид бол нэг баг. Нэг багт хэн нэгэн маань ямар сул талтай байх нь сонин биш. Нэг нэгнийхээ сул талыг нөхөхийн тулд л баг гэж байгаа. Би тэгж л боддог шүү.

-Барсаа одоо ямар дүрд тоглох юмсан гэж хүсдэг бол?

-Цэргийн жанжин, түмтийн ноёны дүрд тоглохыг хүсдэг. Арван гуравдугаар зууны үе, монголчуудын Манж Чин улсын дарлалд орохийн өмнөх үеийн жинхэнэ монгол баатрын дүр бүтээхсэн. Ялангуяа Лигдэн хаан, эсвэл жоохон урагшлуулаад Юань гүрний мөхлийн үеийн тухайкинонуудад эх орноо үхэн хатан хамгаалж, бууж өгөхгүй тэмцдэг баатарлаг дайчны дүр л бодогдоод байдаг юм. Өөрөөр хэлбэл, монгол эр хүний мөн чанарыг харуулсан түүхэн киноны дүрд тоглох юмсан гэж бодож явдаг даа.

-Таньд найруулагч хийж үзэх хүсэл ер нь байдаг уу?

-Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн мөрөөдөл бий. Түүнтэй адил Монголынхоо түүхийг харуулсан түүхэн кино найруулж үзэх юмсан гэсэн бодол байдаг. Юуг нь нуух вэ. Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд манай продакшнд Монголын хамгийн авьяастай найруулагчдын нэг байна. Тийм учраас одоохондоо кино найруулах гэсэн бодол алга аа. /инээв/

-Найруулагч Барсааг сонгох, Барсаа дүрээ сонгох хоёр ялгаатай биз?

-Ялгаатай. Эхлээд найруулагч хэн, хэн ямар дүрд тоглохыг хэлэхгүйгээр зохиолоо уншиж өгдөг. Тэр үед бүгд л дотроо өөр өөртөө тохирно гэж бодсон, таалагдсан дүрээ төсөөлнө. Тэгэнгүүт найруулагч дүр хуваарилахад шал өөр өөр дүр оногддог. Жишээлбэл, “Зүрхний хилэн” киноны Манж амбан сайд Фун Жоу гэдэг дүрд тоглохын тулд бөөн юм болж байлаа. Найруулагч надаас өөр хүн тоглуулах гээд... Надад болохоор тэр дүр л маш их таалагдаад болдоггүй. Гуйх үедээ гуйж, амлалт өгөх, ятгах үедээ ятгасаар байж сая нэг санасандаа хүрсэн л дээ. “Маш нууц” киноны хоёрдугаар анги “Байтаг богд” кинонд улсын баатар Даваадорж гэдэг хүний дүрд тоглосон. Манай өвөө, эмээ, аав бүгд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг/хуучнаар бол Бүрэн/сумын хүмүүсбайдаг. Гэтэл тэр Даваадорж баатар маань Хөвсгөл аймгийн Бүрэн сумын хүн болж таарсан. МУГЖ О.Бат-Өлзий ах, Тамир найруулагч хоёр бол намайг тэр нутгийнх гэж мэдээгүй байхдаа л энэ дүрийг надад хуваарилсан. Сумаас нь төрсөн баатрын дүрд ач хүү нь тоглох болсонд эмээ маань их баярласан даа. Эмээгээ бурхан болохоос өмнө тэгж нэг баярлуулж билээ.

-Та дүрээ өөрөө сонгох хэмжээний эрх мэдэлд хүрсэн гэж боддог уу?

-Үгүй үгүй. Бидний хэнд нь ч тийм эрх байхгүй. Найруулагчаас өөрөө гуйх үе гарна. Тэр гуйлтыг бодож үзэх эсэх нь найруулагчийн шийдвэр. Бодож үзэхгүй бол тэгээд л бодож үзэхгүй шүү дээ. Өгсөн дүрийг нь авна. Дүрд сонгогдоно гэдэг өөрөө маш том амжилт. Дүрдээ жүжигчин нь гологдоно уу болохоос жүжигчин хүн ямар ч дүрийг голж болдоггүй.

-Та марзагнал, жүжиглэл хоёрын ялгааг юу гэж хардаг вэ?

-Надад бол жүжиглэх гэдэг үг буруу орчуулагдсан юм шиг санагддаг. Тоглогч гэдэг үг илүү тохирох юм шиг санагддаг л даа. Гэхдээ миний л бодол шүү. Түүнээс биш жүжигчин гэдгийг хөрвүүлэн буулгасан агуу хүмүүсийг үгүйсгэж байгаа зүйл огт байхгүй. Жүжиглэх гэдэг үг байгаа учраас жүжиглэх нь марзагнахтай адил төсөөтэй, холбоотой ойлгогдоод байгаа юм. Уг нь бол шал өөр хоёр зүйл. Жүжиглэх гэдэг дүр бүтээх маш нарийн ажиллагаа. Харин маазрах бол ердөө л зугаа, наргай төдий ойлголт.

-Өнөө үед “Stand up comedy” их хөгжиж байна. Үүнд шүүмжлэлтэй тал бий юу?

-Огт шүүмжлэлттэй ханддаггүй. Яагаад гэвэл,зөвхөн Монголд үүсээд байгаа юм биш шүү дээ. Дэлхийн өчнөөн олон оронд өөрийн гэсэн байр сууриа эзлээд явж байгаа жанр. Холливудын хамгийн алдартай жүжигчид хүртэл подвал дотор микрофон бариад л “Stand up comedy” хийж эхэлсэн жишээ олон. Монголын хошин урлагийнханд хүмүүс анхандаа их л шүүмжлэлттэй ханддаг байсан ч хөгжсөөр л өнөөдрийг хүрлээ. Би өөрөө кинонд ажилладаг хүн учраас киноноос бусад нь урлаг биш гэж хэзээ ч  хэлж чадахгүй. Урлагийн төрөл жанр болгон өөр өөрийн гэсэн өнгө аястай, өөр өөрийн гэсэн хэлэх утга санаатай байдаг. Хамгийн гол юм нь кино өөрөө энэ бүхнийг багтаагаад багцлаад харуулан үзүүлж чадах боломжтой төрөл.

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Толь" сонин

Сэтгүүлч: Б.Болортуяа

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (102.89.23.167) 2023 оны 09 сарын 05

Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

0  |  0
DR. ADITY (102.89.23.167) 2023 оны 09 сарын 05

Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 02 сарын 18

САГСАЛЦСАН Л НӨХӨР ШИГ САНАГДСАН ДАА. УГ НЬ ӨДИЙ НАСАНД ЭР ХҮНИЙ ХИЙ ХУУ НЬ ГАРЧИХСАН БАЙМААР. ЯРИЛЦЛАГА НТРИЙГ ҮЗЭЖ БАЙСАН ТААЛАГДААГҮЙ. ХАРИН ЖҮЖИГЧНИЙ ХУВЬД МУУ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЭЭ.

0  |  0
Bt(202.9.42.9) 2019 оны 11 сарын 29

Setguulch n mash buruu, yriltslaga ugch bga hundee tuhgui, oilgomjtoi sanagdhaar asuultuud tavisan bn

1  |  0
Tseenee(66.181.161.85) 2019 оны 11 сарын 10

Vneheer mundag jvjigchin shvv fantasticiin bvh uran buteel vneheer gaihaltai bdag shvv amjilt

1  |  0
Зз(192.82.67.168) 2019 оны 11 сарын 10

Кино их сайхан бүтээл болсон үзэж байгаа. Монголд кино урлаг хөгжиж байгаад сэтгэл өөдрөг явдаг шүү. Хөгжсөөр2 бүр л сайжрах байх. Бүр их хөгжүүлээрэй гэж ерөөе амжилт!!

2  |  0
(202.21.96.212) 2019 оны 11 сарын 08

Сэтгүүлч муу байна аа, тэнэг тэнэг юм асуулаа даа

1  |  0
Unshigch(192.82.74.136) 2019 оны 11 сарын 10

Hiij bvteej baigaa sain ywj bga hvniihe hoinoos tataj changaadgn mongol hvmvsin hamgiin sul doroi zan chanar ymda Mundag jujigchin shuu amjilt husie\nTengert gylalzah vvrin tsolmon baigaarai

2  |  0
Зочин(117.111.4.16) 2019 оны 11 сарын 14

Зальтай худлаа инээсэн хүн чанар муутай хүндээ

2  |  5
Зочин(150.129.143.237) 2019 оны 11 сарын 10

Гахай хоншоорлчихоод муугаас мэдэхгүй их зантай өөрийгөө ардын жүжигчин гээд болцон залуу даа

1  |  3
Zichin(66.181.177.111) 2019 оны 11 сарын 14

Ih muuhai zantai zaluu baidag shvv

1  |  1
otgoo(45.117.32.2) 2019 оны 11 сарын 09

uxaantai zaluu yma xvssende xvreerei amjikt

0  |  1
Иргэн(202.9.45.172) 2019 оны 11 сарын 14

Нахиу Хамартайгаа Гахай хоншоорын Удамтай. Муухай Дибиль Яриатай .би би би л .....пизда...

1  |  10
friend(202.179.27.254) 2019 оны 11 сарын 11

nice cool guy

4  |  0
Top