Өмнөх үеийн залуучуудын амьдрал, тэмцлээр өнөөгийн залуусыг байлдан дагуулж буй “37-р Точка” олон ангит кино гарч эхлээд удаагүй байна. Гэвч гол дүрийг бүтээсэн жүжигчдийн тухай сониучирхах байдал хэдийнэ бий болжээ. Тухайлбал, социализмын үеийн даргын хүүхэд Тулгатын дүрийг тултал бүтээсэн залуугийн талаар сонирхох охид бүсгүйчүүд олон байна. Тиймд бид Тулгат буюу жүжигчин Р.Отгонбаярыг зориуд зорьж уулзав. Тэр бүтээсэн дүртэйгээ харьцуулахад даруухан, дуу цөөнтэй залуу байв.
-Та жүжигчний карьераа хэзээнээс эхэлсэн бэ. “Фантастик” продакшнтай анх яаж холбогдож, ямар саналаар хамтран ажиллах болов?
-Яг одооноос л жүжигчний карьер маань эхэлж байгаа гэж хэлж болно. Хамгийн анх гэвэл 2009 онд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож байсан. Түүнээс хойш “Фантастик” продакшны ах нартайгаа танилцаж, арын албанд 10 гаруй жил ажилласны үр дүнд энэ жилээс голлох дүр авч, “37-р Точка” кинонд тоглолоо. Ах нарынхаа хамгийн анхны бүтээл болох “Дурсамж төгсгөл үгүй” киноны ассент найруулагчаар ажиллаж байлаа.
-“Фантастик”-ийнхантай хамтарч ажиллахад ер нь ямар байдаг вэ. Тэднийг ах гэж дууддаг бололтой?
-Тийм ээ. Насаар ч тэр, уран бүтээлийн туршлагаар ч тэр надаас дандаа ах залуучууд шүү дээ. Хамтарч ажиллахад хэцүү биш, маш сонирхолтой. Анх байгуулагдсанаас нь хойш үргэлж хамт байсан болохоор ах нар ямархуу зан ааштай, уурлахаараа яадаг гээд бүгдийг нүднээс нь хараад л мэддэг болчихсон. Тиймээс хүнд санагдаж байгаагүй. “Фантастик” продакшны хамгийн анхны киноноос эхлээд “Арван найман нас би чамд хайртай”, ”Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”... гээд бүх цаг үед хамтдаа байсан минь их сайхан нандин дурсамжуудыг надад үлдээжээ.
-Б.Тамир хэр хатуу найруулагч вэ. Та зураг авалтын явцад түүнд хэр загнуулсан бэ?
-Зураг авалтын үеэр нэлээн их загнуулсан. Ер нь би Тамираа ахаас их айдаг, хажууд нь машин бариад явахдаа хүртэл сандраад байдаг юм. Тамираа ах бол бүхнийг хоосноос эхэлсэн хөдөлмөрч залуу, бас үнэхээр мундаг найруулагч.
-Таны зүрхэнд ортол айлгах ямар нэг шалтгаан байв уу?
-Айдаг гэдгийг минь хүндэлдэг гэдгээр нь илүү ойлговол зөв шүү. Тэр хүнийг хайрлаж хүндлэхийн хэрээр эргээд үнэ хүнд үүсч, эмээдэг болчихдог юм билээ. Түүнээс биш цохиж нүдээд, загнаж зандраад байдаг болохоор айдаг гэсэн үг биш юм.
-Дүрийнхээ талаар яриач. Зохиолоо анх уншихад Тулгатын дүр танд хэр ойр санагдсан бэ?
-Би төлөв даруу хүн л дээ. Харин Тулгатын дүр бол зүрх савлуулсан, юм л бол уурлаж бухимдаж явдаг нэгэн. Анх зохиолоо уншихад ажиллах дүр маань орчин үеийн баян айлын, амьдрал мэдэхгүй, ухаан суугаагүй банди шиг л санагдаж байсан. Дүр дээрээ ажиллаж, кино зохиолынхоо уншлагыг хийж байхад Тамираа ах “Чи орчин үеийн хүүхэд шиг хэллэгтэй байна. Багш, ах нараасаа зөвлөгөө ав” гэсэн. Нэг ёсондоо Тулгатын дүр дээр дүрийн судалгаа хийх шаардлагатай болсон. Учир нь, бидний бүтээж байгаа киноны үйл явдал 1970-1980 оны хооронд өрнөдөг. Гэтэл би орчин үеийн үгээр яриад унахаар дүртэйгээ яаж авцалдах вэ дээ.
-Бодит амьдрал дээрх та, Тулгат хоёрын адил болон ялгаатай тал юу вэ?
-Дэндүү өөр санагдсан. Тулгат бол их ууртай, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй, савлагаатай дүр. Киноны зураг авалтад “Миний хэсэг богинохон юм чинь айхтар нервтэхгүй байх” гэж бодоод зургаа эхэлсэн чинь шууд л зүрх савлаад явчихсан. Тогосоо муу хулгайч гээд л... Ямар сайндаа одоо зураг дууссан ч гэсэн зүрх үе үе савладаг болчихсон байна лээ /Инээв/.
-Анх Тулгатын дүрийг яаж авсан түүхээсээ хуваалцаач?
-Энэ дүр надад бэлэг болж ирсэн. Тамираа ах нэг өдөр “Чамд дүр өглөө шүү. Чи тоглож чадна биз дээ” гэж асуусан. Би ч “Чадна аа” л гэсэн. “Тэгвэл одооноос тураарай” гээд “Ах нь чамд байр, машин өгч чадахгүй ээ. Харин энэ дүрийг л өгье. Цаашид амилуулаад аваад явбал яв, явахгүй бол хохино шүү” гэж хэлсэн. Гэхдээ би их хичээсэн боловч хүссэн хэмжээндээ хүртэл тоглож чадаагүй. Бага зэрэг туршлагагүйтсэн тал байгаа. Камерын ард бусдын жүжиглэхийг харахад амархан мэт санагддаг байсан ч өөрөө камерын өмнө гарахаар шал өөр, хамаагүй хэцүү юм байна лээ. Жаахан шар хөдөлж, уур хүрсэн. Гэхдээ нэгэнт л дүрд сонгогдсон учраас дүрдээ хариуцлагатай хандах хэрэгтэй гээд зүтгэсэн.
-Тураарай гэсэн нь ямар учиртай юм бол оо. Та тийм махлаг байсан гэсэн үг үү?
-Би тэр үед78 кг жинтэй байсан. Харин кинонд тоглох үедээ 68 кг буюу 10 кг хасч тоглосон. Одоо эргээд махалж, хуучин жиндээ ирж байна.
-Кинонд тоглох үед шантрах, өөрийгөө голох мөч байсан уу?
-Кино багийнхантайгаа хамт даарах үедээ даарч, өлсөх үедээ өлсөж байсан учир огт шантрах тухай бодогдоогүй ээ. Харин хамгийн хэцүү хэсэг бол Баяраа ах бид хоёрын боксын зураг авалт байсан. Найруулагч болохоор жинхэнээсээ цохь гээд байдаг. Би болохоор хүндэлдэг хүнээ цохино гэхээр яагаад ч юм гар хөдөлж өгөхгүй. Жүжиглэнэ гэдэг бол өөрийгөө гээж, дүрдээ бүрэн автах хэрэгтэй гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Жүжиглэж байгаа үед би гэж байхгүй, Тулгат л гэж байгаа.
-Та энэ багт шинээр орж ирсэн хүний хувьд хүн бүрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач. Б.Тамир, Ж.Алтаншагай, М.Баярбат, Э.Алдар, Б.Барслхагва гээд хүн бүрийг зөвхөн өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
-Тамираа ах бол хүнлэг. Би тэр хүний дотор юу болж байгааг нүднээс нь хараад шууд мэддэг. М.Баярбат ах бол жинхэнэ эр хүн. Ах гэдэг хүн ийм л байх ёстой гэсэн үлгэр дуурайлал болдог хүн дээ. Ж.Алтаншагай ах бол хүн бүрт санаа тавьж, анхаарал хандуулдаг. Нямбай, гялгар хүн шүү. Э.Алдар ахын хувьд халамжтай, бага зэрэг гомдомтгой. Харин Б.Барслхагва ах бол хүнд их тусархуу.
-Киноны цаашид өрнөх үйл явдлаас жаахан сэжүүр өгч болох уу?
-Болохгүй. Учир нь продакшны зүгээс киноны үйл явдлын талаар гэрийнхэн, тэр байтугай эхнэртээ хүртэл хэлж болохгүй гэсэн хатуу тушаалтай байгаа. Энд тэнд ам алдчихгүй юмсан гээд л явж байна.
-Та Тулгатын дүрээс сайн тал олж харсан уу. Дүрээ өмөөрч ямар үг хэлмээр байна вэ?
-Өмөөрч хэлнэ гэвэл ээждээ, бас дүүдээ хязгааргүй их хайртай залуу. Үнэхээр сохорсон мэт дурлаж чаддаг залуу.
-Та гэр бүлтэй залуу хүн. Гэтэл кинонд эмэгтэй хүнд эвгүй санагдахаар хэсэг хэд хэд гардаг. Гэр бүлийн тань хүн яаж хүлээж авсан бэ?
-Хамгийн анх эхнэртээ хэлж байсан л даа. “За хайраа, ийм хэсэг байгаа шүү. Чамд эвгүй санагдахгүй байгаа” гээд шууд хэлсэн. Эхнэр маань бас урлагийн хүн. Эхэндээ дургүйцэж байсан ч адилхан урлагийн хүмүүс учир мэргэжлийн онцлогийг минь ойлгож зөвшөөрсөн. Гэхдээ л үзэхэд эвгүй санагдаж таарна.
-Кинонд тоглосноос хойш танд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү. Охид бүсгүйчүүдээс хэр хандлага ирж байна вэ?
-Тулгатын талаар хүмүүс их ярьж байгаа. “Мундаг шүү, чи ёстой самрах юм аа” гэх мэтчилэн. “37-р Точка” кино сонирхогчдын групп гээд сошиал бүлгүүд их байдаг юм билээ. Тэнд хүмүүс яг киноны талаар сэтгэгдэл, дүгнэлт, үзэл бодлуудаа их бичдэг. 5-р анги дээр Лутаа Тулгатын дээрээс шээдэг хэсэгт их сөрөг комментууд ирсэн байсан.
-Яг тэр фэйсбүүк групп дээр “37-р точка” киноны хүсэмжит залуусыг жагсаасан байсан. Та бүр эхний гуравт байна лээ, харсан уу?
-Ёстой хараагүй. Манай Барсаа, Баяраа ах хоёр л тодроод байсан. Би ч угаасаа сөрөг дүрд тоглож байгаа болохоор тэгтлээ хүсэл сонирхол татаагүй байх аа. Харин манай хоёр чинь л жинхэнэ охид бүсгүйчүүдийн дунд хит гэдэг нь болоод байгаа юм шиг байна лээ /Инээв/.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулж болох уу?
-Манай эхнэр 2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажилладаг. Нэг хүүхэдтэй. Охин маань одоо ой ёсөн сартай. Эхнэр маань үргэлж намайг ойлгож дэмждэгт үнэхээр их баярладаг.
-“37-р Точка” кинонд таны аавын дүрд тоглосон жүжигчин Ц.Төмөрхуяг таны багш гэсэн. Багштайгаа хамт кинонд тоглох ямар байсан бэ?
-Ц.Төмөрхуяг багш бидэнд жүжиглэх уран чадварын хичээл заадаг байсан. Зураг авалт эхлэхээс өмнө багшдаа “Тулгатын дүр их зантай, аархуу дүр юм байна, яаж тогловол зүгээр вэ” гэж асуухад багш “Би мэдэхгүй, чамд заадгаа заасан” гэсэн. Анхны уран бүтээлдээ шууд багштайгаа хамт тоглож, тэгэхдээ бүр миний эцгийн дүрийг бүтээж байсан учир анхандаа их сүрдэж, хоолой чичрээд, дуу тод гарахгүй сандарч л байлаа.
-Таньд кинонд тоглох шинэ саналууд ирэв үү?
-Одоохондоо ирээгүй. Жүжигчний хувиар өөрийгөө танилцуулаад тун удаагүй байгаа шүү дээ, би.
-Ярилцсан таньд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Эх сурвалж: Долоо хоног тутмын "Толь" сонин
Ярилцсан: Б.Болортуяа
Сэтгэгдэл ( 11 )
Mundag shuuuuu
70-80 аад онэыхон тийм бухимдуу байгаагүй.
энэ сда амьдрал дээрээ ийм араншинтай болохоороол сайн жүжиглээж байгаа байх, эхнэргүй л гэж найдая гэж бодогдтол жүжиглэсэн мундаг залуу шүү чи
Yostoi goy bailaa pantastikd 10jiliin oin bayr hurgii
Маш үнэмшилтэй жүжиглэсэн. Характераа сайн гаргаж байна. Үзүүштэй сайхан кино болж байна шүү. Баяр хүргэе, Баярлалаа
Маш үнэмшилтэй жүжиглэсэн. Характераа сайн гаргаж байна. Үзүүштэй сайхан кино болж байна шүү. Баяр хүргэе, Баярлалаа
Маш үнэмшилтэй жүжиглэсэн. Характераа сайн гаргаж байна. Үзүүштэй сайхан кино болж байна шүү. Баяр хүргэе, Баярлалаа
Маш үнэмшилтэй жүжиглэсэн. Характераа сайн гаргаж байна. Үзүүштэй сайхан кино болж байна шүү. Баяр хүргэе, Баярлалаа
Сүүлийн үеийн монгол кинонууд нэг их орилж хашгирсан, хэт их жүжиглэх гээд ядсан, дээхэн үеийн хятад кино шиг. Одоо хятад, солонгосчууд оросын школ станиславский стилийг их барьдаг болж. Бодит, жүжиглэхгүй тэр дүрдээ амьдраад байна гэсэн үг. Яг дээр үеийн монгол кинонууд шиг.
Жүжиглэлт сайн байсан .Амжилт хүсье
Сайн тоглосон. Нервтэж байгаа шаралхаж дурлаж байгаа хэсгүүдийг сайн тодотгож гоё амилуулсан. Амжилт хүсье.