Уур амьсгалын өөрчлөлт Монголын өвөлд нөлөөлнө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Манай орны жилийн дундаж температур өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай бол дулааны улиралд хур тунадас буурч байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны жилийн дундаж температур хоёр хэмээр нэмэгдэж, хур тунадас долоон хувиар буураад байгаа. Бид өөрсдийн буруутай үйл ажиллагааны уршгаар байгаль, экологийг сүйтгэсэн хэвээр байвал 50-100 жилийн дараа Монгол орны жилийн дундаж температур зургаан хэмд хүрнэ. Улмаар ус, бэлчээрийн нөөц хомстож, газрын гадаргуу цөлжих, ой мод устах, цаашлаад цаг агаарын онц ноцтой үзэгдлийн давтамж хурцдах аюултай гэнэ. Арваннэгдүгээр сарын 27-ноос өвлийн тэргүүн сар эхлэх боловч өчигдрийг хүртэл Монголын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсныг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл Монголын өвөл болон Япон, Солонгос, Хятад Улсад өвлийн цаг агаар ямар байх тухайд сурвалжилахаар “Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” сэдэвт олон улсын хэлэлцүүлгийг зорилоо.

Дэлхийн цаг уурын байгууллагаас зөвшөөрөлтэй явагддаг уг хэлэлцүүлгийг өмнө нь зургаан улсад зохион байгуулж байснаас 2013, 2016 онд мөн манай улсад явагдаж байжээ. Учир нь Монгол орон Азийн их даралтын орны нөлөөнд оршдог. Өвөл нь зуны улирлаас харьцангуй бага хур тунадас ордог. Тэнгэр ихэвчлэн цэлмэг байдаг онцлогтой улс аж. Энэ жил их даралтын орон харьцангуй сулавтар байх учраас Монголын өвөлд үе үе цасан шуурга шуурах, хүйтрэх тохиолдлууд хэвээр байх ч гамшиг, ослоос сэргийлэхийг малчид, иргэдэд сэрэмжлүүлж хэлж байлаа. Үүнээс гадна дэлхийн болон Монгол орны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэт дулаарах болон хүйтрэх нөхцөл үүсч болзошгүйг анхааруулж байна. Дулаарсны улмаас ууршилт их үүсч, илүү хуурайших төлөв байдал Монголын уур амьсгалд ажиглагдаж байгаа аж. Жишээлбэл, хэт халалт бол байгаль дээр болдог энгийн үзэгдэл. Гэтэл тэр нь өмнөхөөсөө илүү удаан хугацаанд явагдах зэрэг байдлаар илэрч байгаа гэнэ. Цас их орох, шиврээ бороо ордог саруудад хүчтэй бороо орох зэргээр уур амьсгал тэр чигээрээ өөрчлөгдөхгүй боловч түүний улмаас үүссэн нөлөөллүүд бий болсоор байгаа юм. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл болох цасан болон шороон шуурга, хүчтэй салхи, үер, аянга, цахилгаан зэргийн давтамж хоёр дахин нэмэгдсэн ажээ.

Арваннэгдүгээр сард цаг агаар ямар байх тухайд Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Даваадоржоос тодрууллаа.

-Энэ сард нийт нутгаар агаарын температур, хур тунадас ямар байх вэ?

-Зүүн аймгуудын нутаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говийн аймгуудын нутаг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төвийн нутгийн зүүн урд хэсэг Төв аймгийн зарим нутаг, Өвөрхангайн зарим нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэм дулаан байх төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дундаж орчимд байна. Алтайн Өвөр говь, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн Өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орно.

-Арваннэгдүгээр сарын 7 хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа. Удахгүй өвлийн сар эхлэх нь. Өдийд цас орчихсон байдаг даа?

-Арваннэгдүгээр сард Увс, Завхан, Хөвсгөлийн нутгуудаар нэлээд сэрүүсдэг онцлогтой. Одоогоор Завханы хойд нутгаар 20 орчим см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нутгаар шөнө 27-32 хэм хүйтэн, өдөр 14-19 хэм хүйтэн байх төлөвтэй. Ерөнхийдөө Говийн нутгаар олон жилийн дунджаас хоёроос есөн хэм хүйтэн байдаг. Шөнө 13-18 хэм хүрч хүйтэрдэг.

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэт дулаарах болон хүйтрэх нөхцөл үүсч болзошгүй гэсэн үү?

-Энэ сард монгол орны ихэнх нутгийг хамарсан гурван агаар мандлын процесс буюу цаг агаар муудах үзэгдэл болох төлөвтэй. Эхний 10 хоногийн сүүлчээр баруун аймгуудын нутгаар цас орно. Энэ сарын 8-наас Хангайн уулархаг нутаг, Говь руу цас орох төлөвтэй. Энэ сарын 10-13-нд ихэнх нутгаар хүйтэрч, шуурах төлөвтэй. Энэ сарын 14, 15-наас дахин дулаарах магадлалтай. Сарын сүүлийн 10 хоногт агаарын температур хүйтэрч, салхитай. Зарим газраар цасан болон шороон шуурга шуурна.


МОНГОЛ, СОЛОНГОС, ХЯТАДЫН ЗАРИМ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН ӨВӨЛЖИНӨ


Ирж буй өвөл Монгол орны нутгийн зүүн хагаст харьцангуй дулаан, баруун хэсгээр олон жилийн дундаж орчимд дулаан байна гэдгийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын хэлтсийн дарга Г.Баясгалан хэлсэн юм. Харин хур тунадасын хувьд ихэнх нутгаар олон жилийн дундаж орчимд цас орох боловч баруун өмнөд хэсгээрээ олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй гэнэ. Урт хугацааны цаг агаарын төлөв байдал сараар болон гэнэтийн үзэгдлийн улмаас өөрчлөгдөж магадгүй гэдгийг ч мэргэжилтэн сануулж хэллээ. Г.Баясгалан дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч, улмаар далайн гадаргын талбай нэмэгдэж, нэмэгдсэн далайн гадаргуугаас агаар мандалд нэмэлт дулаан бий болж, орчил урсгалд өөрчлөлт орж байгааг ч сонирхуулсан юм. Солонгос, Япон, Хятад Улсын өвөл ямар байгааг тэдгээр улсын судлаачид танилцуулж байлаа. Танилцуулгаас харахад, Солонгос Улсад зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим нутгаар хэвийн өвөлжинө. Япон Улсын өвөл хэвийн үргэлжлэх бол Хятад Улс зүүн хэсгээрээ олон жилийн дунджаас дулаан өвөлжинө. Баруун хойд хэсгээрээ олон жилийн дунджаас хүйтэн, Төвийн хэсгээрээ олон жилийн дундаж орчимд дулаан өвөлжих гэнэ.

Хур тунадасны тухайд Солонгос Улсад олон жилийн дундаж орчимд цас орох бол Японд зүүн хэсгээрээ олон жилийн дундаж орчимд, баруун хэсгээрээ олон жилийн дунджаас бага тунадас орж өвөлжих ажээ. Харин Хятад Улсад Зүүн хэсгээрээ олон жилийн дунджаас бага, Баруун болон Хойд хэсгээрээ олон жилийн дунджаас их, Баруун Өмнөд хэсгээрээ олон жилийн дунджаас их цас орно гэсэн мэдээг улс орнууд хэлсэн юм. Солонгос Улсын өвөл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ерөнхий хандлагаараа дулаарч байгаа боловч жил болгон дулаан байхгүй. Зарим жил хүйтэрч, хувьсах хандлагууд ажиглагдаж байгаа гэдгийг судлаачид хэлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.116) 2019 оны 11 сарын 08

Илүү намартай жил шдээ .

0  |  0
Монгол(202.126.88.202) 2019 оны 11 сарын 08

Дулаарал Монголд ашигтай ш дээ .

0  |  0
Монгол(202.126.88.202) 2019 оны 11 сарын 08

Дулаарал Монголд ашигтай ш дээ .

0  |  0
Top