Нийслэл өвөлд бэлэн үү!?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Намрын налгар өдрүүд биднээс алхам алхмаар холдож, тачигнасан хүйтэн өвөл хаяанд ирлээ. Харин Нийслэл өвөлд бэлэн үү. Нийслэл хот энэ жил анх удаа түүхий нүүрсгүй өвөлжинө. Өнгөрсөн жил гаргасан энэ шийдвэр тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Урин дулааны улирал цаашлах тусам нүүрс түлэхгүйгээр өвөлжинө гэдэгт нийслэлийн 220 мянган гэр хорооллын айл эргэлзэж байна. “Тавантолгой түлш” компанийн хувьд одоогийн байдлаар 200 мянган тонн шахмал түлш бэлтгэсэн, түүхий эдийн нөөц нь 800 мянган тонн, үйлдвэрийн хүчин чадал хангалттай гэх тайлбарыг өгсөн юм.

Харин Эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна гэж нийслэлд дулаан түгээх, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвлөгөөний үеэр албаныхан хэлж байсан юм. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95 хувийг дулааны цахилгаан станцууд хангадаг. Төвийн хэрэглээний орчин ачааллын үед ОХУ-аас тодорхой хэмжээний цахилгаан эрчим хүч импортоор авч, ачааллыг бууруулна. Түүнчлэн хүн амын өсөлт, хотжилтоос хамаарч Эрчим хүчний салбарын ачаалал нэмэгдэж байгаа тул цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх бодлого барьж байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний яамны цахилгааны хэлтсийн дарга П.Батзориг “Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар нэмэгдүүлсэн. Мөн Дархан хотын дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар нэмэх шинэчлэх ажил хийгдэж байна” гэлээ.  Дулааны эрчим хүчний нийт хэрэглэгчдийн 88.7 хувийг ахуйн хэрэглэгчид, 11.3 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчид эзэлж байна. Ирэх онд Дулааны IV цахилгаан станцын турбогенератор 72 гкал/цаг-аар нэмэгдэнэ. Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хүчин чадал 75 МВт-аар нэмэгдэнэ. Амгалангийн дулааны станцыг 50 МВт-аар өргөтгөхөөр зорьж байгаа аж. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278 мянган тонн байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн Захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэн нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “2019 оны хувьд  тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж гээд нийслэлийн нутаг дэвсгэрт 1311 арга хэмжээ хэрэгжүүлж, хяналт тавин ажилласан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван удаа асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Халаалтын улирал эхлэхэд таван сургууль халаалт авах боломжгүй, гадна инженерийн шугам сүлжээ хагарсан байсан. Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын шуурхай ажлын зардлаас 175 сая төгрөг гаргаж, хэвийн ажиллагаатай халаалт залгасан. Цаашид хүндэрч болзошгүй 42 объектын судалгаа гаргаж, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 565 сая төгрөг батлуулан, гадна инженерийн шугам сүлжээний  засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна” гэв.

Нийслэлд 3400 орчим орон сууцны барилгад 270 мянган айл өрх амьдарч байна. Үүний 50 хувь нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас халаалт, дулаанаа авдаг бол үлдсэн 50 хувь нь хувийн хэвшлийн байгууллагаас халаалт авдаг байна. Ус, цаг уур, шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жил дулаан боловч урт өвөл болно гэж мэдээлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд бүрэн гүйцэт хангагдаж байна. Харин нийслэлчүүд бид хувийн бэлтгэлээ базаан өвлийг өнтэй давах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(182.160.37.6) 2019 оны 11 сарын 02

ovol bolohgui ugasa,manai tsag agaaiixan gj sur baruulsan xachin yum nuud,mash dulaaxan ovol bolnoo

0  |  0
Top