Хоёр зууны баатар Микки Маусын тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Энэ ертөнцийн бүх хүүхэд багачууд, тэдний аав ээж, өвөө эмээ нарын хайрыг татсан Микки Маус төрсөн өдрөө тэмдэглэж байна. Алс тэртээ 1928 онд Нью-Йоркийн “Colony Theater”-т анх дэлгэцэд гарч, нийгмийн нэгэн үзэгдэл болсон бяцхан хулгана одоо ч өхөөрдөм хөөрхөн хэвээр. Арьс өнгө, үндэстэн ястан, нас хүйсийн ямар ч ялгаагүй, хоёр зуун дамжин хүн болгонд хайрлагдсан Микки Маусын тухай сонирхолтой баримтаас танилцуулъя.

1, Уолт Диснейн хэнэггүй зан байгаагүй бол Микки энэ ертөнцөд мэндлэхгүй байх байлаа. Миккигийн өмнөх гол баатар нь Освальд туулай байсан бөгөөд Уолт “Universal Pictures” студитэй гэрээ байгуулахдаа огт уншаагүйгээс болж, туулайныхаа зохиогчийн эрхийг алджээ. Ингээд шинэ баатар хайж, мэлхий, гөлөг, муурын зулзагыг туршиж байгаад хулгана дээр тогтсон түүхтэй.

2, Миккигийн дүрийг зураач Аб Айверкс бүтээсэн. Гэвч түүний нэрийг хүүхэлдэйн кинонд дурддаггүй тул Аб гэрээгээ цуцлан, компаниас гарчээ.

3, Эхлээд хулганын нэрийг Мортимер гэдэг байсан ч Уолт Диснейн гэргий Лиллиан ийм нэртэй хулгана амжилт олохгүй гэснээр Микки гэдэг нэртэй болжээ.

Лиллиан, Уолт Дисней

4, Зохиол ёсоор Микки 32 настай эр. 68 сантиметр өндөр, 10,5 килограмм жинтэй. 1947 он хүртэл түүний дүрд Уолт өөрөө дуу оруулдаг байв.

5, Миккигийн хөдөлгөөн, явдлыг Чарли Чаплингаас авсан. Мөн л Уолт Диснейн гэргийн агуу санаануудын нэг.

6, Микки 1929 онд гарсан “The Opry House”-д анх бээлийтэй гарч, “The Karnival Kid”-ээс “хэлд орж”, 1935 оны “The Band Concert”-оос өнгөтэй болсон байна. Тэр хамгийн анх “ярьсан” хүүхэлдэйн баатар. Анхны үг нь "Хот-дог” байлаа.

7, Миккиг фашист Герман, Муссолинигийн үеийн Итали, хуучин Ардчилсан Германд  (империализмыг сурталчилсан хэргээр) гаргахыг хориглосон байв.

8, Микки Маусыг Хятадад Ми Лао Шу, Италид Томолино, Финландад Мики Хири,  Испанид Эль Ратон Микки Маус, Индонезид Микки Микус, Францад Мишель Сорис, Японд  Микки Мяусу гэж нэрлэдэг. Хулгана гэдэг үг олон хэлэнд өөр байх нь ойлгомжтой ч яагаад италичууд Томолино гэсэн нь тодорхойгүй.

9, 1932 онд Микки Уолт Диснейд “Оскар”-ын шагнал авч өгсөн. Тэр нийт 26 “Оскар”-тай. 1978 онд Холливудын Алдрын гудамжинд Микки өөрийн одтой болсон юм.

10, Америкийн “Forbes” сэтгүүл Миккиг “Хамгийн баян хүүхэлдэйн баатар” гэж зарлан, хөрөнгийг нь 5.8 тэрбум ам.доллароор үнэлжээ.

11, 1955 году онд Диснейн байгуулсан “Микки Маусын клуб” телевизийн шоугаар Бритни Спирс, Кристина Агилера, Жастин Тимберлейк, Райан Гослинг нар алдарт гарсан байна.

12, 1955 онд байгуулагдсан “Disneyland” паркийн нээлт дээр Микки зочдоо хүлээн авч, баярын жагсаалыг удирдан, фэнүүдтэйгээ зураг авхуулж байлаа.

13, АНУ-д сонгуулийн үеэр сонгогчид нэр дэвшигчдийн нэрийг дарж, Микки Маус гэж бичин, эсэргүүцлээ илэрхийлдэг уламжлалтай. Жил бүр сонгогчдын нэг хувь нь Миккиг “дэмждэг” ч 2008 онд энэ тоо таван хувьд хүрчээ.

14, Микки нэг удаа маш урт хугацааны амралт авсан. 1957-1983 онд түүний хүүхэлдэйн кино гараагүй. Гэвч хайртай баатраа ард түмэн мартаагүй, эргэн ирэлтийг нь баярлан хүлээж авсан билээ.

15, Хулгана болгоны нэгэн адил Микки сүүлтэй байсан. Гэвч компаниас зардлаа багасгахын тулд 1941 оноос сүүлийг нь “тайраад” хаячихсан юм. 

16, Микки гангалах дуртай. Тэр өдийг хүртэл нийт 200 хувцас өмссөн нь найз Миннигийн хувцаснаас нь 100-гаар илүү байгаа юм.

17, “Who is Mickey Mouse?” (Микки Маус гэж хэн бэ?) гэсэн асуултаар Америкийн цэргүүд фашист Германы тагнуулуудыг илчилдэг байв. 1944 онд холбоотны цэрэг Нормандад буухдаа “Микки Маус” нэрийг нууц дохио болгон ашиглаж байжээ.

18, “The Rolling Stones” хамтлагийн дуучин Мик Жаггерт түүний нэрийг өгсөн. Жаггер төрөхдөө жижигхэн толгойтой, дэлдэн чихтэй байсан тул аав ээж нь зааны тугал Дамбо, Микки хоёрын хэний нэрийг өгөх вэ гэж ярилцаж байгаад хулганыг сонгосон гэдэг.

19, Уолт Дисней нэгэн удаа “Би Миккид энэ ертөнцөд учирч явсан бүх бүсгүйчүүдээсээ илүү хайртай” гэж хэлж байв.

20, 2001 онд Микки Мауст хөшөө босгосон. Жинхэнэ Миккигээс намхан 62 см өндөртэй ч 45 кг жинтэй. 45 кг цэвэр алтаар бүтсэн энэ хөшөө дэлхийн хамгийн том цул алтан хөшөөнд тооцогддог.

21, Микки Маус хаашаа ч харж байсан хамаагүй чих нь урагшаа, үзэгчид рүү хандсан байдаг.

22, “Disney” студи Микки Маусын зохиогчийн эрхээ хамгаалах гэж одоо болтол тэмцэж байгаа. “Микки Маусыг хамгаалах хууль” гэсэн тусгай хууль хүртэл гарч байлаа. Одоогийн байдлаар Микки Маусын зохиогчийн эрх 2023 он хүртэл хамгаалагдсан байгаа.

Уолт Дисней, Микки Маус хоёрын амжилтад хүрсэн 5 зарчим

1, Анхааралтай бай. Өөрийн эрх, үүргээ хяна. Эрхээ өндөр үнээр зарж болно, харин үүрэг өндөр зардал гаргадаг.

2, Алдаанаасаа суралц. Освальд туулайны зохиогчийн эрхээ алдсанаасаа хойш Уолт Дисней бүх баатраа хамгаалан, тэмцдэг болсон юм.

3, Супер баатраа маш олон янзаар ашиглаж чаддаг байх хэрэгтэй. 1930-аад оны үед Уолт Дисней Миккиг олон янзаар бүтээх тусам их орлого олно гэдгийг ухаарчээ. Эхлээд хүүхэлдэйн кино, дараа нь комикс, хүүхэлдэй, телевизийн шоу, өргөн дэлгэцийн кино бүтээнэ. Бусад компани Миккиг хуулж эхлэхэд зохиогчийн эрхийн мөнгөө хураана.

4, Өөртөө итгэлтэй бай. Микки Маус хэчнээн шүүмжлэгдсэн ч Уолт төдийгүй “Disney” студийн гол бүтээл. Тэр одоо ч компаниа “тэжээсэн” хэвээр байгаа.

5, Өөрчлөлтөөс бүү ай. Микки Маус цаг хугацааны дагуу өөрчлөгдсөн. Тэр тухайн үеийнхээ хамгийн ганган хувцсыг өмсөж, үр яриа нь өөрчлөгдөн, хөгжил дэвшил, трэндийг байнга мөрддөг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Поззи(66.181.161.66) 2022 оны 11 сарын 06

Мммммм\n

0  |  0
G(66.181.180.161) 2021 оны 02 сарын 11

Bayrlaa mikki

2  |  0
Top