Дорноговь аймгийн Төв номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.11.15/ болж байна. Ёслолын ажиллагаанд А.Эрдэнэ-Очир агсны ээж, дүү нар, хамаатан садан, утга зохиолын дотнын андууд, уран бүтээлч дүү нар нь оролцож байгаа юм.
А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит номын санд талийгаачийн хэрэглэж байсан зодог шуудаг, бойтог, ном, зохиол бүтээлийнх нь гар бичмэлүүдийг дэлгэн тавьжээ.
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн төв номын санг яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгох шийдвэр гаргасан юм. Дорноговь аймгийн Төв номын санг Соёлын яамны 1945 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар байгуулжээ. Одоо 80 орчим хүн ном унших уншлагын заалтай төдийгүй, цахимаар ном унших “Цахим номын сан” танхимыг өнгөрсөн оны эхээр байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )