Арлааны Эрдэнэ-Очирын төрсөн өдрийн ойд | ДОРНЫН НАМУУХАН УЯНГА

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“Толь” сонин энэ долоо хоногийн дугаарынхаа гол агуулгыг яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны тухайд зориулан бэлтгэлээ.

Түүний мэндэлсэн өдрийн ой өнөөдөр тохиож буйг таширлуулан Монголын их яруу найрагт сийлж үлдээсэн орон зайд сэтгэл, оюуны лаа нэгийг асаасан нь энэ буюу. Орчлонгоос гэгээ түүж амьдарсан түүний эзгүйд хорвоо гэрэл гэгээгээр дутах учиргүй ээ.


“ИЖИЙНХЭЭ АМЬДАД ҮХЭЖ БОЛОХГҮЙ” ГЭЧИХЭЭД...

Таныг дурсах хүмүүсийн тоо хоног хоногоор цөөрсөөр. Тэглээ гээд та гудайх хүн биш. Тэглээ гээд та гомдоллох ч хүн биш. Яруу найрагчийн мөнхийн сэтгэлээр яруухан оршсоор дорнын цагаан сарныхаа хувилгаан гэрэл болоод зүсээ хувилгасан. Яруу найргаа Монголын утга зохиолынхоо өргөн ай савд мөрөн болгон цутгаж үлдээсэн. Тэлээ хурга шиг хөвгүүд таны шүлгийг хөхсөөр л байна. Тэгсэн ч та уурлах хүн биш. Өөрийнхөө хувьхан заяаны замаар өрөөлд гэрэл түгээж амьдарсаан. Амьдралын бөгтөр өдрүүдийг ч аргадан дуулаагүй зөвхөн өөрийнхөөрөө тунгалаг гунигийн өдрүүдээ туулж явсан билээ, та минь. Ямбуу цагаан сарны доор яруу найрагчийн зүрх цохилсоор байна. Яруу найргийн галын дэргэд яруухан нөхөд чинь дуулсаар байна эрдэнийн очир ах минь. Та “Танай үеийнхэн дотор та хэд бие биенээ гэсэн амьсгаатай байгаа нь маш зөв шүү. Энэ чинь яруу найрагч байхаас илүүтэй хүн байхын ухаан юм шүү дээ. Ах нь та нарыг (О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, Б.Оролзод, Г.Мөнхбаатар, М.Наранболд, Т.Дарханхөвсгөл, Г.Лхагвадорж, Б.Жамбадорж, С.Баттулга, молхи бичээч намайг) аятайхан нөхөрлөөд явчих байх гэж боддог шүү. Та хэдийн давуу тал чинь зөвхөн өөрсдийнхөө төлөө биш ахмад, дунд үе гэлтгүй бүгдийг нь хайрлаж хүндэтгэж явааг чинь хараад Эрдэнэ-Очирын хэдэн дүү нар гээд ярихад нүүр улайхааргүй болж байна гэж та хэдийг тоодог шүү” хэмээн ярьж билээ. Магадгүй хэн нэгэн судлаачид тоогдохоос илүү Очир ахдаа тоогдоно гэдэг бидний хувьд маш том хүндэтгэл байсаар ирсэн.

Очир ах “Хувилгаан уулын салхи”, “Увидаст модны сүүдэр”, “Талын бүргэд” гэсэн гурван номоо хэвлүүлнэ хэмээн ярьдагсан. Гэхдээ амжаагүй. Амжаагүй тэр өдөр хоногуудын араас Э.Цагаан-Уул болон бидний хэдэн нөхөд бэдэрч л явна. Мөн таны хамгийн ойрын төлөвлөгөөнд багтаж байсан Улаанбадрах руугаа есөн цагаан тэмээгээр номын жин тээх тэр ариун үйлсийг гурван Уулаа дүүргийнхээ хамт Шатарын Энхбаяр, Л.Эрдэнэбат ах нартай, таны ойр дотны нөхөд сум орнынхон, таны сэтгэлийн гэрэлт ахан дүүсийн хамт хийсээн. Номын жин тээсний нэг жилийн ой удахгүй болох гэж байна. Номын жин тээж ирээд Цэндээ, Тулгаа хоёр маань намайг гэрт хүргэж өгөхөд 17 цаг өнгөрч байсан юм. Тэр өдөр МСНЭ-ийн шинэ жил 18 цагаас эхэлнэ. Тэнд заавал орох учиртай хэмээн ажлынхан шамдуулчихсан байлаа. Үзүүрсгэн дээлээ тайлж хаячихаад шинэ жилд орсон. “Өдөр тутмын сонины шилдэг сэтгүүлч” хэмээх номинацид тэргүүлж оны шилдэг болсон. Номын жин тээгээд ирсэн тэр ариун үйлийн шагнал гэж ойлгосон билээ. Ийм л утга ерөөл дүүрэн өдрүүдийг бид бүтээсээр явна. Улаанбадрахад явж байхад “Энэ цаг үед ном бүү хэл тэмээгээр жин тээсэн сүүлчийн хүмүүс нь та хэд байх. Эрдэнэ-Очир байхгүй ч энэ сайхан үйлсийг нь хийсэн та бүхэнд баярлалаа” гэсэн нутгийн хөгшдийн хэлсэн үгс одоо ч бодогдох. 100 км замыг тэмээгээр хоног туулдаг юм билээ. Машины кабинаас өөр зүйлд шилжин 100 км явж үзээгүй дүү нартаа сэтгэлд хоногшсон дурсамжийг та бүтээж өгсөн. Хэдэн бор дүү нар чинь улам л бие биедээ тэмүүлэх тэр эрч хүчийг авсан шүү.

Намс намс алхсаар Зохиолчдын эвлэл рүүгээ ороод ирнэ. Тэгснээ “Тэрний тухай тийм онигоо гарч. Би ярьж өгөх үү” гэж байгаад хүмүүсийн элгийг “авчихдаг”. Яг үнэндээ тийм онигоо ч гарсан юм байхгүй, хэн нэгнийг явуулж өөрөө л онигоо зохиож байгаа нь тэр. Хороогоор халамцуу, шартсан, баярласан, гунигласан гээд маш олон хүн орж гарна. Энэ бүгдийн сэтгэлийг хуваалцана. Тэр бүхэнтэй нэг л хэмжээнд харьцана. Илүүдээ гарсан их зан Эрдэнэ-Очир ахад байсангүй. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Мягмарын Амархүү ах 2009 оны үед л байх нэг өдөр “Эрдэнэ-Очироо, Амархүү гэж ямар хүү болохыг хараарай” хэмээн чангахан дуугарахад “Чамайг юуг нь хардаг юм. Гэзгээ сураар боосон яруу найрагч ч юм шиг, зураач ч юм шиг аль ангилалд ч багтахаа мэдэхгүй юм байж” гээд тоглоом наадам болгон хэлэхэд Амараа ах минь амандаа ямар нэгэн зүйлс бувтнаад гарч одсон юм. Очир ах үеийнхэндээ хайртай байсан. Амархүү ахыг гараад явсны дараа “Наад Амархүү чинь цагаан юм шүү дээ. Элдэв өнгийн ааш байхгүй. Саяхан болсон цэргийн наадам дээр тун аятайхан шүлэг уншсан. Гэхдээ халамцуу гараад ирэхээр нь хасчихсан юм. Тэрэндээ л гомдоод яваа байх” гээд түүнийг зөвтгөж билээ. Найрагч нөхөд нь шартсан яваа таарахад өөрөө мөнгөгүй байсан ч хүнээс зээлж байгаад өгчихнө. “Яруу найрагчийн шарыг тайлах шиг буян байхгүй шүү” хэмээн хүмүүсийг явуулна. Ахмад үеийн найрагчдаас Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Дамдинсүрэнгийн Урианхай, Санжийн Пүрэв, Готовын Аким, Шагдарын Дулмаа найрагчдыг бахдан ярихдаа өөрөө шувуу мэт дэвчихдэгсэн. Тэдний залуу цагийн дурсамжийг нүдэнд харагдтал өнгөтөөр ярих дуртайсан. Манай Бавуу, Аюур, Галсаа гээд найрагч нөхдийнх яриа үргэлжилнэ.

Очир ах үг шидтэй, шүлэг, яруу найраг гэдэг далдын совинтой гэж хэлдэг байсан.

“Ижийнхээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болчихно

Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад

Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно” гэж дөнгөж 20 гаруйхан насандаа шүлэг бичсэн. Энэ шүлэг олон хүнд урам өгч, амьдрах хүч тэнхээ бэлэглэсэн. “Хэдэн жилийн өмнө би Багшийн дээдийн ойролцоо явж байсан чинь намайг дуудах шиг болдог юм. Эргээд харсан таньдаг хүн алга. Цааш явах гэтэл дахиад дуудаж байна. Дахин эргэж хартал нэг тэргэнцэртэй залуу байна. Явж очоод мэнд ус мэдлээ. Дотроо “Энэ чинь хэн билээ. Өмнө нь таньдаг байсан хүнээ одоо би танихгүй байгаа юм байх даа. Ёстой муухай юм болж байна аа. Манай нутгийн л хүн болов уу” гэсэн бодол төрж байсан. Тэгсэн тэр залуу “Чамд их баярлаж явдаг. Би үйлдвэрийн осолд ороод нэг гар, хоёр хөлгүй болсон хүн. Тэгээд амьдралдаа цэг хатгая гэж бодоод явсан үе. Ингээд баригдаж байгаа барилга дотор орчихоод өөрийгөө дуусгая гэж бодож байхдаа нэг тамхи асаачих санаатай сууж байтал нэг сонингийн тасархай хажууд хэвтэж байсан. Санаандгүй аваад хартал таны “Ижийгээ амьд байхад үхэж болохгүй” гэсэн шүлэг байсан. Тэгээд тэр даруйдаа ээжийгээ бодоод үхэх бодол ч алга болсон” гээд ярихаар баярлах ч шиг болсон. Ах нь тэгэхэд “Миний шүлэг нэг ч гэсэн хүнд амьд явах итгэл хайрлажээ” гэж бодсон шүү” хэмээн ярьж байж билээ. Олон олон хүнд итгэл найдвар бэлэглэчихээд, ижийнхээ амьдад та... Магадгүй энэ орчлонг онож амьдарсан 46 жилд бичсэнээсээ зөрсөн ганц зүйл нь “Ижийнхээ амьдад үхэж болохгүй” гэдэг мөр байх.

 

ТАНЫ ТӨЛӨӨ ГЭСЭН БҮХЭН ЭМТЭРЧ ЯВНА ДАА, АХ МИНЬ

Эрдэнэ-Очирын төлөө гэсэн бүхэн шаналсан хаврын өдрийг үл мартах. Ахын гар утасны дугаар одоо ч цээжний мухарт байсаар л байна. Та өнгөрөхөөсөө хэд хоногийн өмнө залгаж мэнд мэдээд “Ах нь Бөхөн шарын нуруу руу явчихаад ирнэ. Том сонины сэтгүүлч гэхээрээ байнга завгүй байдаг юм уу. Ажлаар нэг ороод гараарай. Өгөх нэг юм бий. Н.Гантулга наагуур чинь харагдана уу. Цэнгэл ах нь ажлаа хийж байгаа биз дээ. Ойрд та хэдтэй таарсангүй. Гантулгаар Гангаа ахад ном өгүүлсэн чинь өгөөгүй сураг дуулдсан. Надад болохоор өгсөн гээд байсан. Ах нь радиогийн алтан фондод гоё гоё хүмүүсээс ярилцлага авч оруулж байгаа” гээд товчхон яриа өрнүүлээд салсан. Чихэр горьдсон жаахан хүүхэд шиг “Ах юу өгөх гэж байгаа юм бол. Үзэг л байх даа” хэмээн дотроо бодсоор байснаа нуухгүй ээ. Ах гоё үзэг, эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээр гоё үг бичээд өгдөгсөн. Тэр дэвтэр нь өөрийн гараар хийсэн гээд боддоо. О.Цэнд-Аюуш бид хоёрт шүлгийн дэвтрээ өөрсдөө хийж сурахыг зөвлөж, заасан. Харин би залхуугаасаа болж олигтой сураагүй бол Цэндээ маань яг л ах шиг дэвтэр янзын хийдэг болж билээ.

Тэнгэр дэвшсэн харуусалт мэдээг Т.Дарханхөвсгөл маань дуулгахад үнэндээ би итгээгүй. Хөвсгөл маань ч итгээгүй байхдаа надад хэлсэн. Ер нь хэн ч итгээгүй дээ. Гэхдээ итгэхээс өөр аргагүй байсан ч итгэхийг хүсээгүй. Фэйсбүүк дүүрэн гунигт мэдээ, түүний зураг, шүлэг, хүндэлдэг, хайрладаг, шүлгийг нь унших дуртай хүмүүсийн сэтгэгдлээр хэдэн өдөр давалгаалсныг та анзаарсан байх. Олон ч мундаг хүн орчлонгоос буцахыг харж байсан. Гэхдээ Эрдэнэ-Очир найрагч шиг энэлэнд унагасан нь хэдсэн билээ.

 Манай хэд тэр дороо Мо-гийнхоо өрөөнд цугласан. Яах вэ гэдгээ ярьсан. Маргааш өглөө нь Завхан руу найрагч хэдэн нөхөдтэйгээ ахынхаа алтан шарилыг авч ирэхээр явсан. Нисдэг тэрэгт багтсан найрагч хэдэн нөхөд минь бороонд шалба норсон болмжор мэт бүгд нугдайсан дүүрэн гуниг нэвт мэдрэгдэнэ. “Очоод уйлж болохгүй шүү” гэсэн захиасыг том Уулаад бүгд захиж байлаа. Яг үнэндээ энэ том хагацлын үүдэн дээр эхнэр, хүүхдэд нь ч хэлэх үг олддоггүй юм билээ. Тэр аглаг буйдхан сууринд авьяаслаг яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир мөнх нойрссон гэхээр эхэр татан уйлмаар. Тийм нэг эрэмгий бүргэд халил байцаа орхин газардсан гэж бодохоор гуних ч багадмаар тийм л өдрүүдийг үдсэн.

Үдийн 16 цагийн үед нисдэг тэрэг Улаанбаатарт газардав. Эмтэрсэн бүхний гунигт харцтай нисдэг тэрэг зогсоолдоо ирэв. Хүүдээ тэмүүлэх ээжий, гэргий, угтан авагч утга зохиолын хүрээнийхэн тэнгэр газар нийлэв үү гэмээр цурхирна. Ахыг гээд зорьж ирсэн бүхнээс эмтэрсэн сэтгэл, элтэрсэн харцыг харж болохоор байв.

Эрдэнэ-Очирыг гэсэн бүхэн өдрөөс өдөрт цөөрсөөр байгааг дээр дурдсан. Гэхдээ хүн чанарын зөөлөн өлгийд хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодсон ч түүнээс холдож чадахгүй чин үнэнч хүмүүс ч бий. Ард түмнийхээ хайран дунд, хүндлэл дунд та хөлбөрч явсан. Өр зүрхний чинь угт ямархан тэмцэл, харуусал, баяр жаргал, үнэн оршиж явсныг бүгдийг нь биш ч зах зухаас нь гадарлах нь минийлээ хэдэн нөхөр. 2009 оны “Болор цом” шиг санаж байна. Та сүүлийн даваанд “Талын бүргэд” шүлгээ уншиж олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн. Шүлгийн үг сонголтоос эхлээд хүн бүр гайхан “Ээгийгийн бие хаа гайгүй байгаа даа” хэмээн өөр зуураа шивэр авир хийж байсан.

“Би талын бүргэд

Гэхдээ,

Амсхийж суугаа талын бүргэд

Нисэн алдлах цаг минь

Нэг их удахгүй

Жигүүр цуцсандаа биш юм аа

Жирийн шувуудыг ажсандаа

Тэнгэрийн уужмыг би мэднэ

Нисэх жигүүртэйдээ тэр

Талын уудмыг ч би мэднэ

Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд

Хурмаст тэнгэр, огторгүйг ч мэднэ

Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ

Хутга шиг хувь тавилан тэнгэрийн цаазыг ч мэднэ

Хулганы, зурамны биш,

Үнэг чонын тавиланг өрөвдөнө

Би талын бүргэд

Талын бүргэд би

Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ

Үйлийн сэвгүй уужмын салхийг алгадаж ниснэ

Талын бүргэд би

Талынхаа овоон дээр

Амсхийж сууна

Мөдхөн ниснэ ээ,

Одоо оргил өндрийн цахирласан салхийг

Огтчиж ниснэ

Би талын бүргэд” хэмээн уншихад “Болор цом”-ын хошой тэргүүн шагнал хүртэх нь гэсэн хүмүүсийн хүлээлт их байж билээ. Жил жилийн “Болор цом” наадамд жигтэйхэн өндөр давхих итгэлийг хүн бүр Очир ахад л өгдөг. “Болор цомд хамгийн олон айрагдсан хүн нь бий. Миний араас Цэнд-Аюуш орж байгаа байх. Түрүүлэхдээ чухал нь биш. Түмэн олон уншигчидтайгаа уулзах нь л цомын гол зорилго шүү дээ” гээд цээж тэнүүн хэлдэгсэн. Тэр үнэхээр өөрийнхөө эрх дураар энэ утга зохиолд “тонгочсон”. Жил жилийн “Болор цом” чиргүүлтэй юм шиг араасаа хэл ам дагуулдаг. “Болор цом”-ыг шударга явуулах тал дээр сэтгэлээ чилээж суудаг цөөн хүний нэг байв.

“Сайхан өглөө болох нь дээ, гэвч ижий минь яаж байгаа бол

Салхи тогтуухан байна даа, гэвч үдээс хойш яах бол

Саруулхан орчлон билээ дээ, үүл нь хаашаа нүүх бол

Санамсаргүйн хорвоо шүү дээ, амьдрал яаж эргэх бол” гэж та бичсэн. Бусдын төлөө төрсөн мэт хэн нэгний өмнөөс тэр шаналал, хөндүүрийг тээж амьдарсан. Нийгмийн ороо бусгаа байдалд сэтгэл нь сэнсэрч явдагсан.

“Он жил нисэн өнгөрсөн ч

Орчлонд бид үлдэнэ” гээд дурайтал бичиж өгсөн ахын тэмдэглэлийн дэвтэр өмнө минь дэлгээтэй байна.

 

ЯРУУ НАЙРГИЙН ТӨЛӨӨ...

Төрийн соёрхолт Дамбын Төрбат ах “Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч” хэмээн өрөөнд нь сууж байхдаа хэлж байж билээ. Зарим нь Явуугаас хойш төрсөн Дорнын намуухан уянга гэж хэлдэгсэн. Уг томъёоллууд аль аль нь зөв гэж боддог юм.

Өнгөрөгч зургаадугаар сард төрсөн өдөр минь болж Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичиг В.Сэлэнгэ эгч баяр хүргэж, ажил дээрээ урив. Орой ажил тараад яваад очлоо. Эгч минь хэзээний л инээмсэглэн угтдаг дөлгөөн аашаа дэлгэн угтав. “Өнөөдөр төрсөн өдөр чинь болж байгаа гээд зориуд нэг бэлэг өгөх гэсэн юм. Эрдэнэ-Очир хэдэн жилийн өмнө надад энэ үзгийг бэлэглэсэн. Чиний төрсөн өдрөөр чамд бэлэглэх гээд хадгалаад байсан юм. Олон сайхан шүлэг бичээрэй” гээд өгч билээ. Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхлэнэ гэдэг шиг агуу найрагчийн үзгийг түшиж шүлэг бичнэ гэдэг амаргүй. Ийм нэг хөндүүр “айдас” зүрхэнд минь оршсоор байна.

Ууган хүү минь мэндлээд нэг сар ч болоогүй байв. Хүүгээ салхилуулахаар гадуур явж байтал Очир ах залгаж байна. “Хороон дээр хүрээд ир” гэв. Яваад очлоо. “Монголын зохиолчдын эвлэлээр хамгийн багадаа орж ирсэн хүн танай хүүхэд болж байх шиг байна” гээд тэвэрч аваад үнсэв. “Ах нь том Уулаагаа цэрэгт явуулна. Явуулахдаа бүр хил рүү явуулна. Хүүтэй хүн эх орныхоо хилийг заавал мануулах учиртай” гээд инээмсэглэж байсан нь саяхан мэт.

Нэгэн өдөр халамцуухан суухад нь “Таныг хүмүүс танихгүй биш. Бүх боломж нээлттэй байна. Гурван номоо гарга, амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйл хийгээч” гэхэд “Ахуйлаг хэрэгцээнээс илүү хүнлэг л байх нь чухал шүү. Хэн нэгний өмнөөс шүлэг бичсэн биш, хэн нэгний өмнөөс амьдарч яваа биш. Болно доо, тэгээд” гээд өрөөнийхөө хойморт залсан их Нацагийн хөрөг рүү хараад “Надтай адилхан байна уу” гээд инээмсэглэж байсан нь хоногшин үлджээ.

Нэг орой утас дуугарч байна. Авлаа. “Дүүгийн ажил сайн уу. Сая Ерөнхийлөгчийн Тамгын газраас гээд нэг хүн ярьж байна. “Дээл хувцсаа бэлдээрэй. Нөгөөдөр та Соёлын гавьяат зүтгэлтэн болж байгаа шүү” гэж байна энэ үнэн үү. Эсвэл манай хэдийн нэг нь надаар дамшиглаж байна уу. Чи Төрийн ордон хавиар ойр байдаг хүн байна нэг сураглаач” гэлээ. Орой болсон тул утсаа авах хүн гарсангүй. Маргааш өглөө нь яаравчлан ордон орж асуулаа. Үнэхээр тийм байна шүү. Ах руу гялс утас цохиж “Үнэн болж таарлаа” гэтэл “Одоо юу өмсөх вэ” л гэж байна. “Дээл нь зүгээр байх аа” гэхэд “Шинэ дээлтэй орохгүй бол болохгүй дээ. Гэгээ эгч рүү нь яриад дээл хувцасны ая бодъё” гэхээр нь угийн уужуу тайван хүн болохоор нь дээлээ авалгүй маргааштай золгох вий гээд “Маргааш шагналтай гэсэн шүү” гээд утсаа салгах гэтэл “Төрийн ордонд орвол би төөрнө. Чи нэг зүглүүлнэ байгаа. Өглөөний шуурхайгаа тараад гэрт хүрээд ир” гэж билээ. Маргааш өглөө нь гэрт нь яваад очлоо. Зурагт үзсэн шиг сууж байна. Та яав ийв гэтэл “Чамайг хүлээгээд” гэсэн шүү юм яриад налайж байж билээ. Ахыг яаравчлуулан Төрийн ордон руу хамтдаа орж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг авахад нь дэргэд нь хань болж зогсож байлаа. Тэр зөвхөн яруу найргийн төлөө явсан яруу найрагч байв.

Очир ах яруу найргийнхаа буянаар 21 аймгаа тойроод үзчихсэн. Яруу найргийнхаа буянаар ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн. Яруу найргийнхаа буянаар яруу сайхан амьдарсан. Ганцхан хувь олдох амьдралаа яруу найраг гэх ганц зүйлд зориулж, тушаал авсан цэрэг мэт яруу найрагтаа үнэнч амьдарсан. Аливаа зүйлд үнэнч, чин шударгуу байхыг ах л зааж зөвлөдөг байсан. Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй тэр цээжнийх нь алсад эх орон, яруу найрагтайгаа мөнхөд оршсоор байх болно.

Эрдэнийн очир мэт түүний цуглуулсан хорвоод, түүний зурсан хорвоод, түүний гаргасан зам бий. Эрдэнэ-Очир гэдэг эгэл ертөнцөд багтах гэж мянга мянган зүрх тэмүүлж байсан нь үнэн. Эрдэнэ-Очир ахыг буцахад их л олон зүрх гансарч үлдсэн нь ч үнэн. Яруу найраг гэдэг эрэмгий бүргэд ч хальж мэдэх адармаатай ертөнц гэж боддог. Одоо харин ямар ч хөгшин болжмор ирж үүрээ засах гэж яардаг нэг тийм цэг болчих вий. Явуулын хүн үдлээд морддог замын гуанз биш гэдгийг уран бүтээлээрээ ах минь тод томруун харуулсан. Яруу найргийг Эрдэнэ-Очироор хэмждэг яруу сэтгэлтнүүд байсаар байх болно.

Эх сурвалж: Долоо хоногийн "ТОЛЬ" сонин

2019 оны 11 дүгээр сар №02

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top