СЭТГЭЛИЙН ЗУЛ | Эрхиний бөөр элэгдсээр энэхэн орчлон бөхийж Эрдэнэ-Очирын замыг элгэндээ тэвэрч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“Толь” сонин энэ долоо хоногийн дугаарынхаа гол агуулгыг яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны тухайд зориулан бэлтгэлээ.

Түүний мэндэлсэн өдрийн ой өнөөдөр тохиож буйг таширлуулан Монголын их яруу найрагт сийлж үлдээсэн орон зайд сэтгэл, оюуны лаа нэгийг асаасан нь энэ буюу. Орчлонгоос гэгээ түүж амьдарсан түүний эзгүйд хорвоо гэрэл гэгээгээр дутах учиргүй ээ.


Жинч билээ, би

Асарлан цэлийгч хүмүүний орчлонд

Амьдраад өнгөрөх ч юүхэн байх вэ...

Арлааны Эрдэнэ-Очир

 

Урьд эртийн ерөөл учир шалтгааны учиг болж

Учралт хонгор ижийнхээ амгалан хэвлийг баясгаад

Уудам дэлгэр орчлонгийн уртын урт аяндаа

Улаан цурав би-бээр цагаан сүүтэй мордсон сон

Жингийн хонх жин жин дуурсгаж

Жижигхэн хөлөөрөө би хөдсөн бойтог дөрөөлсөн

Жинлүүр цэнлүүр лугаа адил дэнжигнэн тэнчигнэсээр

Жиндүү цагийн эхээр ачаа тэн минь тэнцсэн юм.

Эх нутгаасаа алсарч хөтөл даван одоод

Ижийгээ санаж уйлюу гэтэл эрийн цээнд хүрч

Жороо морин шиг цаг хугацааны нуруу нь дээр

Жонжуулан тэшүүлэнхэн чөлөө завгүй довтолгов.

Жингийн хонх жин жин дуурсгаж

Жирийн бус уйтгар өр сэтгэлд суухуйяа

Хайлган хонгор ижийгээн би

Хайгаад хайгаад олсонгүй ээ.

Хүүгээ орхин одсон, эсвэл жинд үдсэнээс тань хойш

Хүний зовлон мэддэг өр нимгэн болсоон, ээжээ

Жавар, хавар, зун, намрын дөрвөн цагтаа

Жаалхан гунигаа тээсэн жинч болсон, би.

Жингийн хонх жин жин дуурсгаж

 

Жинхэнэ хүний нөмрөөр цагийн жаврыг уясаана

Элэг сэтгэлийн ахаа элэг сэтгэлдээ санаж

“Идэр жинчин” дуугаар аяланхан дуулж явна.

Аян жин минь отголох болоогүй ээ

Аавдаа энх тунх, амар мэндийг ерөөж

Амрагтаа “Ус шиг цэнхэр торго” бодох

Аяа аян жин минь, аян жин минь.

2018 он

Улаанбадрах-Улаанбаатар

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Г.Лхагвадорж


 

Арлааны Эрдэнэ-Очир ахдаа

Хэдэн дүү чинь өнөөдөр уйлж явна аа, ах аа

Хэнхдэг цээжнийхээ харууслыг гаргаж явна

Хэн, хэнийхээ бараа нөмөрт

Хүн шиг байхыг хичээн амьдарч байна

Тэмээдийн бөх дамжин туулай шиг дэгдээд мандсан нарны

Том улааныг гайхан ярицаж

Тавганд нь нурсан элсний ширхэг бүрийг

Тал бүрээс нь ажиглаж явна

Жин тээсэн тэмээдээ

Жил сар гэж төсөөлөөд

Хонх зүүсэн том хүрэн атыг

Хүсэл мөрөөдөл тань мөн гэж итгэж байна

Улаанбадрахын тань өвлийн сард

Уйлж ирсэн дүү нар тань

Ил гал тойрон шүлгээ дуудаж

Ич гэрлийн тань талаар говийг дүүртэл дуулж сууна

2018.12 сар Дорноговь

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Дарханхөвсгөл


 

Санаа алдахын цэнхэр алс Арлааны Эрдэнэ-Очирт

Будан татсан ч уулс холын холдоо цэнхэртэнэ

Бударч ирэх цагийн цасыг хаанаа хайлгах вэ?

Бууж мордохын дөрөөн дээр нартай тал чинь эзгүй байна

Булгилж сэмрэх сэтгэлийг альхан харганандаа аргамжих вэ?

Голын тохой дээр далиа сэгсрэх нэгэн цагаан шувуу

Гоо сайхны мөнгөн цоожийг онгойлгох түлхүүр байжээ

Гогцоорон урсах хуртай жилийн цатгалан усанд

Гомдлоо үйгээд тэнгэрийн зүг алгуур нисчээ

Сэрвэн сэрвэн өвс ногоо орчлонгийн хаяа руу тэлээд

Сэтгэлийн цоорхой ониор намрын гуниг асгарна

Сэрвээндээ үүлс ачсан огторгуйг ажин суухад

Сэтгэлгүйгээр дорно зүг рүү бороошиж алсарна

Хааяа нэгхэн санаа алдахуй бодол цөлхрөөд

Хазаарт хүлэг эмээлээ шилгээж  амгай зажлах шиг

Ханат гэрээс гарч очих эзэнгүй юу гэх аваас

Хан дөрвөн уулын чинь салхи орьхон цэцгэндээ цуглана

Бийрийн үзүүр мэт дэрс тэнгэрийн элгэнд татлаад

Бичгийн мэргэдийн ширээн дээр дуусаагүй шүлэг дуншиж  байхад

Бэл бэлээ дэрлээд намуухан тогтнох толгод бүхний

Бэлчир, уулзварыг холбож таанын толго задарна

Аглагхан тал нутагт дуулж өссөн бүргэд

Асар их уулсын цуурай болоод өндөрт халихад

Сүүдэрт нь эрхэлж гүйсэн хэдэн сөөвгөр шагай

Сүмийн хонх шиг жингэнэн үлдэхдээ нар, сарыг танина

Зэрэглээн дотор ургасан шүлгийн санаа эрчлэхийн зовлонг

Зэнгийн шаргал хорвоод жиргэж яваа шувуу бүхэн мэдэхгүй ээ

Зэлээ татаж чангалаад орчлонг чагтлахын жаргалыг

Зэргэлдээ хотын минь тагтаас болоод хэрээнүүд бүр ч мэдэхгүй

Лимбэ татсан өдрүүд манан шингэлж нүүсээр байна

Лийрийн залуу модод салхин доор чинь ургасаар байна

Уртаас урт замын чинь харгуйг цагийн цагт өнгөлсөөр

Урц овоохойгоо мөн чанараараа босгож амьдарна ахаа

Хүдэн татсан ч уулс холын холдоо цэнхэртэнэ

Хүрэх алтан цагийн элсийг хэн хэмжих вэ?

Хүсэл хяслын эмээл дээр цалгисан инээд чинь дутуу тул

Хүний хорвоог яаж яруу найргаар тунхаглах вэ?

 

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга


 

Арлааны Эрдэнэ-Очирт

Гудамжны мухарт бүсгүй хүний инээд

Цаахна нь залуусын дуун

Хүмүүс дуулалдаж ахуйд

Дүү нь нулимстайхан

Алхам тутамд минь

Нэвсийсэн их гуниг

Асгарч байна ахаа

Араас чинь бас

Амин зүрхний найрагчид

Явсаар л байхад

Арав, хориороо энэ залуус

Найрласаар л байх юм

Дуу хуур заримдаа

Хутга шиг иртэйг мэднэ дээ та

Энэ залуусын дуунд

Эсгүүлж явнаа дүү нь

Ялихгүй нэг нь бас

Яруу найрагч гэнээ

Яав ч та үүнийг тэсэхгүй дээ

Яасан чиг их удаан урамдана вэ

Зүрхний хайртай ах минь

Зураг болсон байхад

Дуулж суугаа энэ залуусын

Дуу нь яагаад дуусдаггүй юм бэ

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч М.Наранболд


Реквием

Тэргэлтсэн сайхан ахтай байлаа

Тэнгэрээр нэг нартай байлаа

Тэмээ тэмээ уулсынхаа дунд

Тэврэлдэж хааяа уулздаг байлаа

Тайтгаралт сайхан ахтай байлаа

Талаар дүүрэн сартай байлаа

Ингэн тэшээ үүлсийнхээ дор

Инээж хааяа уулздаг байлаа

Эгшиглэнт сайхан ахтай байлаа

Эрдэнийн очир адистай байлаа

Гудайж буй тэнгэр өөрөө

Гунихын учиргүй хүүтэй байлаа

Утгын болор үрэл түүсэн

Ухаант сайхан ахтай байлаа

Уйтгарлан бүүдийх тэнгэр өөрөө

Уйлахын учиргүй хүүтэй байлаа

2019.03.09

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан


 

Шандас шалгасан өдрүүдийн уртад

Уужмын холд хөтөлсөн

Уурганы хуйв шиг даялдаг байлаа, таныг байхад

Шандас шалгасан өдрүүдийн уртад

Шаг хийх шиг омогшдог байлаа, таныг байхад

Дэргэдийн олон нөхөд чинь

Дэндүү холдож байна, таныг үгүйд

Дээлийнхээ энгэрийг нэвчтэл

Дэлхийн бөөрөнд жиндэж байна ижий тань, таныг үгүйд

Хайранд хөлбөрдөг жаргалта өдрүүд

Хайлаасны мөчрөөс тасарч хийлээ, таныг үгүйд

Хүн чанарын зөөлөн хэвлийд

Хүн байхын ухаан дутаж эхлэв, таныг үгүйд

Харанхуй шөнөөр гэрэлтдэг дэнлүү байж дээ, та

Хад асга нураасан халуун сэтгэл байж дээ, та

Эрхиний бөөр элгэдсээр энэхэн орчлон бөхийж

Эрдэнэ-Очирын замыг элгэндээ тэвэрч байна, хөөрхий

Яруу найраг гэдэг ямархан эмзэгхэн болохыг

Яруу найрагчийн зүрх мэдэрсээр байна, хөөрхий

Уужмын холд хөтөлсөн

Уурганы хуйв шиг даялдаг байлаа, таныг байхад

Шандас шалгасан өдрүүдийн уртад

Шаг хийх шиг омогшдог байлаа, таныг байхад

2019.11.10

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Энхболд


Эх сурвалж: Долоо хоногийн "ТОЛЬ" сонин

2019 оны 11 дүгээр сар №02

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(64.119.20.235) 2019 оны 11 сарын 15

Эрхи?

0  |  0
Top