Арлааны Эрдэнэ-Очирын “Тунгалаг тэнгэрийн дор” чууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр нэжгээд хүмүүс зогсоно. Нэгэн хүний тухай сэтгэлийн оч улалзуулан ярих нь тунгалаг үдшийн тэнгэр дор гэрэл нэмэх мэт ээ. Тэдний сэтгэл хэдийнэ Сайншандад очжээ. Эдгээр хүмүүс “Монголын зохиолчдын эвлэл”-ийн Гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай, нарийн бичгийн дарга Володягийн Сэлэнгэ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбажавын Хүрэлбаатар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, Лхагвасүрэнгийн Хасар, Шагдарын Лхамноржмаа, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, Дарьсүрэнгийн Дарь.Сүхбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Дашзэвэгийн Мөнхтөр, Мягмарын Амархүү, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, Нямжаргалын Минжинсайхан, Сааюугийн Баттулга, Эрдэнэбаярын Гантулга, Мөнхтогтохын Наранболд, Тэрбишийн Дарханхөвсгөл, Батдоржийн Жамбалдорж, доктор Пүрэвхүүгийн Батхуяг, Шараагийн Баттөр, Дорлигийн Ганболд, МҮОНТВ-ийн нэрт нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа тэргүүт 27 хүн байв. Тэд “ТУНГАЛАГ ТЭНГЭРИЙН ДОР” чуулахаар зорин байгаа нь тэр. Маргааш өглөөг сэтгэл догдлон хүлээж байгаа нь тэдний харцнаас түвэггүй уншигдана. Өглөө л хурдан болоосой...

Учир нь арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын мэндэлсэн өдөр бүлгээ. Өнгөрөгч хавар Дорноговь аймгийн ИТХ-аас аймгийн нийтийн төв номын санг Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит болгохоор 100 хувийн саналаар дэмжигдээд байсан билээ. Тиймээс билгүүн найрагчийн мэлмий гийсэн өдөр аймгийн төв номын санг түүний нэрэмжит болгон албан ёсоор нээх гэж байгаа нь тэр.

Галт тэрэгний нүчигнэсэн түвэргээн ган замыг эвхэн хурдлах мэт Улаанбаатар алс үлдэж, цасан цайдмыг бид сэтгэлийн хөг эгшгээр эмжиж явлаа. Сайншандыг зорьж яваа яруу найрагчдын сэтгэлд “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг өөрийн эрхгүй санагдуулах аж.

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир нэгэнтээ

“Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог

Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг

Хайр харамсал, гомдол цөхрөлөө дотогшоо залгилж

Халааснаасаа янжуур гарган асаагаад ажил руугаа би алхдаг

Хүзүүний ороолт шанхны үсийг салхины мэдэлд өгөөд

Хөлхөх олны урсгал сөрөн уйтгарын завь сэлүүрдэхэд

Богд уулын зүүн сугаар галт тэрэг

Бодлыг минь тээгээд махирлан тахирлаж оддог

Шар навчис хөлөөр хөглөрч, цасны будан татахад

Шаналгаа зовлонгоо би бусадтай хуваалцмаар санагддаг

Гэргийтэйгээ орчлонгийн жамыг ярилцан үүр цайлгамаар байдаг

Гэмгүйхэн тоглох хүүдээ өвөөг нь яриад уйлмаар болдог

Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд...” хэмээн бичсэнтэй шууд холбоотой юм.

Улаанбаатарт цас орж жинхэнэ утгаараа өвлийн урь орсон үдшээр бид аяны дөрөө жийсэн бол Сайншандад өглөө хугаслан буухад хайлган намар цаг налайн угтав. Галт тэрэгнээс буухад гэргий Энхжаргал эгч, хүү Цагаан-Уул, Мөнх-Уул, Энх-Уул болон найрагчийн дүү Эрдэнэ-Од эгч нөхөр Болдоотойгоо, Монголын зохиолчдын эвлэлийнх шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат ах нар халуун сэтгэл дэвсэн угтаж авлаа.

Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва А.Эрдэнэ-Очир нар ойр дотно нөхөрлөж явсан. Галт тэргэнд байхаас буух хүртэл Нямка найрагч дурсамж хуучилж, хөгтэй явдлуудаа ярьсаар байсан билээ. Бид “Шанд” хэмээх буудалд түр амсхийхээр болж орцгоолоо. Тэндээ өглөөний цай цүй болж байх хооронд Улаанбаатараас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Хайдавын Чилаажав, Бидэрийн Баярсайхан, зохиолч Баастын Золбаяр нар номын сан дээр ирснээ дуулгаж бид аймгийн нийтийн төв номын санг зорилоо.

Эрдэнэ-Очир найрагчийн сэтгэл шиг ээвэр дулаан наран энгэр нэвт төөнөх аж. Өглөөний 10 цаг гэхэд номын санд зочид нь багтахгүй шахам хүн цуглажээ. Номын сангийн гадна талд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит аймгийн төв номын сан” гэсэн шаргал хаягийг гоёмсгоор хийсэн нь хараа булаана. Удаан уулзаагүй номын садан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч яруу найрагч Эрдэнэдалай, Эрдэнэзулай, номын сангийн захирал Анандын Байгальмаа нар элэг дэвсэн угтах үед “Эрдэнэ-Очир л биднийг уулзуулж байна шүү дээ” хэн нэгэн ярих нь сонстоно.

Олон хүний хайр хүндлэл, итгэл сэтгэл дүүрэн үдэд номын сангийн нээлт өндөрлөв. МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалай үеийн найрагч нөхрөө дурсан сэтгэлийн үгээ хэлж, аймгийн номын санд номын хандив өргөсөн бол яруу найрагч Х.Чилаажав, Б.Баярсайхан нар залуу цагийн дурсамж дэлгэн ууган хүү Цагаан-Уулыг төрж байхад нь хүртэл ямар байсан талаар ярьж хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөнө. Тэд найзынхаа нэрэмжит номын санд үлэмж хэмжээний номын хандив өргөхөө мэдэгдлээ. Сайн хүний үйл үргэлж саадгүй сайхан бүтдэг дээ. Номын сангийн нээлт сайхан болж аймгийн ИТХ-ын дарга үг хэлсэн.

Номын сангийн хойморт ноднин Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу номын дүү нар нь ахынхаа хүслийг гүйцээж номын жин тээж байх үеийн агшныг гэрэл зурагт буулган залжээ. Доор нь нэрт найрагчийн бүтээсэн номуудыг өрсөн байх аж. А.Эрдэнэ-Очир найрагчийн залуу цагийн төрхийг мөнхөлсөн зураг хажууд нь байв. Энэ өдрийн арга хэмжээнд найрагчийн ижий Цэндээ гуай ирж оролцсон бөгөөд хүүгийнхээ зургийг хараад нулимс дуслуулан суух нь өр өмтлөх шиг болов. “Хүү минь олонтой явсаан. Үр хойч, найз нөхөд, дүү нар нь өнөөдөр нэрэмжит номын санг нь нээж байгаад баярлаж байна. Гэхдээ хүү минь...” гээд үгээ залгин улаан торгон дээлийнхээ ханцуйгаар нулимсаа тоолох мэт арчих эхийн сэтгэлийг юу ч орлож чадахгүй дээ гэж бодохын зуурт аньсага чийгтэв. 2019.11.15-ны 11 цагаас хойш Дорноговь аймгийн нийтийн төв номын сан албан ёсоор Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит боллоо.

Үдийн 12 цагт аймгийн музейд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын үзэсгэлэнг дэлгэсэн байлаа. Музейн хаалгаар явж оруут “Нар зөвийн эх орон” шүлэг нь намуухан уянгалж байх юм. Үзэсгэлэнгийн эхэнд найрагчийн багадаа өмсөж байсан зодог шуудаг, бойтог тэргүүтнийг дэлгэсэн байв. Харин үзэсгэлэнгийн хойморт 2002 оны “Болор цом” яруу найргийн наадамд түрүүлэхдээ хүртсэн эгшиглэнт Янжинлхам, зураач Баярцэнгэлийн бүтээсэн найрагчийн хөрөг, эдэлж байсан хөөрөг залаастай байлаа. А.Эрдэнэ-Очир найрагч тунчиг нямбай хүн байсан. Тиймээс хүүхэд ахуй цагаасаа хойш бичсэн шүлгийн гар бичмэл тэргүүт бүтээлийн дээжийг үзэсгэлэнд дэлгэжээ.

Үдээс хойш аймгийн төвийн Тавдугаар сургууль дээр найрагчид очин сурагчидтай уулзаж, яруу найргийн талаар яриа өрнүүлж, бүтээлийн дээжээсээ уншицгаав. Харин 19 цагт “Тунгалаг тэнгэрийн дор” уран бүтээлийн цэнгүүн болж яруу найрагчид нутгийн иргэдэд бүтээлээ өргөн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Шандын иргэд цаашид олон удаа ирж Эрдэнэ-Очир найрагчийг дурсан хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлж байхыг хүсэж байгаагаа хэллээ.

Өөрөө эзгүй ч орчлонд бүтээлээрээ үлдэхийн сайхан, бүтээл нь үеийн үед ам дамжигдан уншигдахын үнэ цэнийг нутгийн иргэд мэдрүүлж өгсөн билээ. Энэ өдөр найрагчийн шүлэг, дууны хос цомгийн нээлтийг хийхээр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, ирэх сарын эхээр Улаанбаатар хотноо нээлтийг нь хийхээр болсон юм. 

Э.Энхболд

Өглөөний сонин

Гэрэл зургийг Х.Эрдэнэ-Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top