Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүй ял оноожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

ОХУ-ын Приморийн хязгаарын Цагдаагийн газраас хятадуудыг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан бүлэг этгээдийг энэ зун илрүүлэн баривчилсан билээ. Тэдэнд саяхан Владивосток хотын Фрунзе дүүргийн шүүхээс ял оноосон байна.

Гэмт хэргийн энэ сүлжээг зохион байгуулагч нь Находка хотын оршин суугч, Монголын уугуул, 46 настай Туул Хулан хэмээх эмэгтэй байжээ. (Нэрийг орос сайтад бичсэнээр буулгав)

Туул Хулан 2009 онд хятадуудыг ОХУ-д хууль бусаар хил нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, “Энь Вей” гэдэг компани байгуулсан байна. Ингэснээр гадаадаас ажилчин авах эрхтэй болжээ. Ингээд хамсаатан хайж, нутгийн орос хоёр иргэнийг элсүүлсэн байна. Туул Хулан Орост ирэх хүсэлтэй хятадуудыг олдог, харин хамсаатан нь хил, цагдаагийн асуудлыг хариуцаж, орлогоо хуваан авдаг байжээ.  
 


Гадаадаас орж ирж байгаа ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Туул Хулан үүнийг ч бас зохицуулсан байжээ. Тэрбээр Находка хотын Төв эмнэлгийн нэгэн эмчтэй тохиролцож, эрүүл гэсэн баримт бичгийг мянган рублиэр худалдан авдаг байсан гэнэ. Энэхүү зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ илрэхэд тэд 2016-2018 онд 11 хятад иргэнийг хууль бусаар ОХУ-ын хил нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Ингэхдээ нэг хүнээс 100 мянган рубль авдаг байсан аж. 

Шүүхээс Туул Хуланд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгч, 250 мянган рублиэр торгох шийдвэр гаргасан байна. Тэр мөрдөн шалгалттай нягт хамтран ажиллаж, хамсаатнуудаа барьж өгсөн тул хөнгөн ял авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top