.png)
“Гүтгэх” гэсэн үгийг тусгай заалт болгож Эрүүгийн хуульд оруулах нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд шууд халдсан хэрэг гэж олон нийт үзэж буй. Уг заалтыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд шийдвэрээ гаргачихсан. Гэтэл УИХ дахь ажлын хэсэг “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд ахиж тусгахаар оруулж ирээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Номингийн байр суурийг сонирхлоо.
-Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гээд нэгэнт шийдвэрлэчихсэн. Иймд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх асуудлыг Эрүүгийн хуульд оруулж зохицуулах нь буруу гэж үзэж байна.
-“Гүтгэх” гэсэн заалт Эрүүгийн хуульд тусчихвал ямар эрсдэлтэй гэж та харж байгаа бол?
-Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэсэн гэмт хэргийг заалт болгож оруулбал гарах эрсдэл нь их. Хэрвээ ийм заалт эрүүгийн хуульд тусчихвал уг заалт төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэр хүндээ хамгаалах хэрэгсэл болж хувирах өндөр эрсдэлтэй. Иргэд төрөө, төрийн албан тушаалтнуудыг шүүмжлэх ардчиллын эрүүл үзэгдэл юм. Түүнээс биш Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг бий болгоод шүүмжилсэн, үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг гэмт хэрэгтэн болгож болохгүй.
-Тэгвэл худал мэдээлэл тараах, гүтгэх асуудлыг ямар зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой вэ?
-Худал мэдээлэл тараах, гүтгэх асуудлыг заавал гэмт хэрэг болгож, эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Одоогийн Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан тохиолдолд түүнийгээ нотлох үүргийг мэдээлэл тараасан тал хүлээнэ. Харин нотолж чадахгүй тохиолдолд түүнээс үүдэн гарсан гэмт хорыг арилгах үүрэгтэй. Энэ зарчмаараа л цаашид явах нь зүйтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )