УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.04.24/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болж, гишүүд асуулт асууж санал солилцсон.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд зарим саналыг хүргүүлсэн бөгөөд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн салбарын 30 орчим төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уг уулзалтаар энэ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя, дэмжсэний үндсэн дээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдана. Энэ ажлын хэсэг бүх талын оролцоог бүрэн хангасан, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд ярилцаж, шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллах саналд нэгдсэн. Хэрвээ энэ ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрч чадвал анхны хэлэлцүүлгийг хийгээд дэмжээд явна” гэлээ.
Улмаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулж, 67.7 хувиар санал дэмжигдлээ.
Сэтгэгдэл ( 0 )