Монгол Улсын шүүхээс Дубайн гэрээг хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй Оюу толгой төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулан зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.
Г.ТЭМҮҮЛЭН: АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ УДАХГҮЙ ХЭЛЭЛЦЭНЭ
-Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй танилцсан. Шүүхээс гурван асуудалд процедурын алдаа гаргасан байна гэж үзэж тухайн захирамжийг хүчингүй болгосон байна. Нэгдүгээрт, Дубайн гэрээтэй холбоотой Ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгосон байсан. Мөн 2015 онд Ерөнхий сайдын зүгээс холбогдох этгээдүүдэд гэрээ байгуулах эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон байна билээ. Шүүхийн шийдвэрийг тайлбарлах эрх бидэнд байхгүй. Шүүх нотолгоо, баримт, суурь мэдээлэлд үндэслэж шийдвэрээ гаргасан байж таарна. Миний таамаглаж байгаагаар процедурын явцад Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг тогтоолоор шийдүүлэх ёстой байсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед санал хураалтаар олонхын саналаар шийдэх ёстой байсан байж магадгүй. Эсвэл Засгийн газар тухайн шийдвэрийг гаргахдаа яам, тамгын газрын саналыг авах ёстой байсан ч байж болно. Ийм л таамаг байна. Бүлгээр Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн болохоор юу ярьсныг нь ярих боломжгүй. Яах вэ, зарчмын хувьд 2019 оны зургаадугаар сард УИХ-ын даргын захирамжаар Оюу толгойн төсөлтэй холбоотой УИХ-аас гарах тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ажлаа хийж дууссан. Тогтоолын төслийг байнгын хороонд хүргүүлсэн, удахгүй хэлэлцэгдэх байх. Тухайн гэрээ байгуулах Засгийн газрын шийдвэр нь илт хууль зөрчсөн байх аваас бусад нь тогтоол нь ч хүчингүй болж таарах л байх.
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ДҮГНЭЛТ ГАРСАН
-Шүүхийн шийдвэртэй холбоотой ярих зүйл алга. Ер нь, анх Дубайн гэрээг хийсэн нь буруу. Тухайн үед хамтарсан Засгийн газар байсан. Ч.Сайханбилэг нь Дубай явсан гэдгийг нь Засгийн газрын гишүүд нь мэдээгүй байсан. Энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюу толгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. Өнгөрсөн онд Д.Тэрбишдагва бид хоёр удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах Ажлын хэсэг гаргуулсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс Дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан. Уг гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар руу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт яригдах байх. Гэрээг болохгүй гэж анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ юм. 57 дугаар тогтоолоор “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюу толгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ” гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюу толгойн Монголын тал хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл тэр 34 хувийг үнэ төлж авахаар болоод байна.
Б.БАТТӨМӨР: ГЭРЭЭНЭЭС ОЛОН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙДАГ
-Шүүхийн шийдвэртэй танилцаагүй байна. Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан. Энэ Ажлын хэсэг 2019 оны эхэн үе хүртэл ажилласан байдаг. Тайлангаа байнгын хороонд танилцуулсан. Байнгын хорооноос Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслэж УИХ-ын тогтоолын төсөл бэлтгэх Ажлын хэсгийг байгуулсан. Тэр Ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан байдаг. Бид хэд, хэдэн асуудалд шийдвэр гаргаж байна. Хамгийн эхэнд 2009 онд Оюу толгой компани болон Засгийн газар хоорондын байгуулсан хоёр гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий. Энэ хоёр гэрээг байгуулах явцад Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоо Ажлын хэсгийн гаргасан шийдвэр дотор байдаг. Үүнийг Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлж өөрчил гэсэн заалт бий. Хоёрдугаарт, Дубайн гэрээ. Дубайн гэрээнээс маш олон зөрчил гарсан. Тухайлбал, Дубайн гэрээг Монголын тал хэрэгжүүлэхдээ 2041 онд одоо байгаа 34 хувь дээрээ нэмж 16 хувийг худалдаж авах боломжтой болж байгаа юм. Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтэд энэ гэрээг шууд цуцлахыг шаардсан байдаг. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ажил хэрэгч байдлаар ярих хэрэгтэй. Шаардлагатай бол цуцлах хүртэлх арга хэмжээг ав гэж гарсан юм. Мөн 2010 оны ТЭЗҮ гэж бий. Бараг 10 жил боллоо, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тиймээс ТЭЗҮ-ийг дахин авч үзэх хэрэгтэй. Тэнд агуулагдаж байгаа янз бүрийн баялгийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэдэг заалтыг Ажлын хэсгийн дүгнэлтэд оруулсан. Үүнээс гадна байгалийн нөхцөл өөрчлөгдөж байна. Үнэлгээг дахин хийх хэрэгтэй. Ажлын хэсгээс гаргасан 86 зүйл, заалт бүхий зөвлөмжийг биелүүлж ажиллах үүргийг Засгийн газарт өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )