Ц.НЯМДОРЖ ба Х.БОЛОРЧУЛУУН

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хуралдсан. Энэ үеэр гишүүд санал зөрөлдөж, улмаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна. Эл асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нараас тайлбар авч, байр суурийг нь сонирхлоо.

Х.БОЛОРЧУЛУУН: Ц.НЯМДОРЖ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХАМГААЛЖ ЭЛДЭВ ҮГЭЭР ХЭЛСЭН

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой маргалдсан гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэн.

-Ямар шалтгааны улмаас маргалдсан юм бэ?

-МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцсэн. Энэ үеэр ганц би ч биш зарим гишүүн Дубайн гэрээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Гэтэл тэрхүү гэрээг сайжруулах нь битгий хэл Оюутолгойн гэрээний асуудлаар үг хэлээд ч хэрэггүй гэх үзэл, бодолтой гишүүд ч байна. Тэр Оюутолгойг хамгаалдаг гишүүд бол олон жил парламентад суусан, ялангуяа 2008-2012 онд УИХ-ын гишүүн байдаг. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л дөө. Оюутолгойн гэрээ ямар муу болсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулахаас өмнө хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын эрх ашгийг маш их хохироосон байдаг. Оюутолгойн гэрээг байгуулагдахаас 40 хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулсан. Тэр нь гаднынханд таатай, ашигтай нөхцөлийг үүсгэсэн. Монголын хүртэх эрх ашиг, хугацааг нь багасгах, алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нөхцөлийг бий болгосон юм. Хоёрдугаарт, 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-т ганцхан өгүүлбэр нэмж, үнэгүй авах байсан 34 хувийг үнэтэй авахаар болсон байдаг. Тэр үед Ц.Нямдорж хуулийн сайд байсан. Тэр мэдээгүй биш, мэдэхийн дээдээр мэдэж байсан хүн. Магадгүй цаанаа маш их барьцаанд орчихсон, Оюутолгойн гэрээг хамгаалах ёстой гэсэн үүрэгтэй хүмүүсийн нэг гэж харддаг.

-Таны ярьж байгаагаар Ц.Нямдорж сайд ч гэсэн холбоотой гэсэн үг үү?

-Ганцхан С.Баярцогт гэдэг хүн энэ гэрээг хийсэн юм биш. Ганцхан тэр хүнийг буруутгах ёсгүй. Гэрээг нэг хүн хийдэггүй. Бүхэл бүтэн бүлэглэл хийдэг. МАНАН бүлэглэл энэ муу гэрээг чинь хийсэн юм. Өнөөдөр ч МАНАН бүлэглэл амь бөхтэй байна. С.Баярын Засгийн газрын үед МАН засгийн эрхийг ганцаараа барьж байсан атлаа сөрөг хүчнээ татан оролцуулж МАНАН бүлэглэлийг бий болгосон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээг хийсэн байдаг. Харин Дубайн гэрээ бол 2023 оноос Монгол Улсын хүртэх ашгийг 2048 он болгож хойшлуулснаараа бүр хохиролтой. Үүнийг нь ч шүүх нотолж, Ч.Сайханбилэгийн гурван захирамжийг хууль бус гэдгийг баталлаа.

-Та Ц.Нямдорж сайдын биед нь халдсан юм уу?

-Бид хүчтэй маргалдсан. Тэрнээс хүн хохирохоор биед нь хүрээгүй. Тийм асуудал байхгүй.

-Таныг Ц.Нямдорж сайд яг юу гэж хэлсэн юм бэ?

-Ц.Нямдорж сайд Оюутолгойг хамгаалж намайг элдэв үгээр хэлсэн. Дайрч, давшилсан байдаг.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Танд мэдээлэл байна уу, ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Хаалттай хуралдсан. Оюутолгойн асуудлыг хөндсөн. Тэр болгоныг энд ярих шаардлага байхгүй, боломж ч байхгүй.

-УИХ дахь МАН-ын бүлэгт Оюутолгойн асуудал дээр тантай адилхан байр суурьтай хэдэн гишүүн байгаа вэ?

-Оюутолгойн гэрээг цуцлах биш юм. Монголын эрх ашигт тохирсон, харилцан ашигтай, сайжруулах гэсэн бодолтой байгаа юм. Дубайн гэрээг хүлээн зөвшөөрөх аргагүй. Гэхдээ бид цуцлах гэхээсээ илүү сайжруулж, хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэсэн байр суурьтай байна.

-Энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсрэг байр суурьтай байгаа гэж ойлгож болно биз дээ?

-Би өмнө нь хэлсэн. Оюутолгойн гэрээг сайжруулах нь битгий хэл ярихыг ч хүсэхгүй гишүүн их байна гэж.

-Ерөнхий сайд асан Ч.Сайхан­билэг ганцаараа дур мэдэж Дубайн гэрээг хийсэн, танхимынх нь сайд нар мэдээгүй гэж ярьдаг. Энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэгсэн. Засгийн газрынх нь олон сайд мэдээгүй. Засгийн газраараа хэлэлцээгүй, Ч.Сайханбилэг гүйж очиж гарын үсэг зуруулсан. Гэхдээ тэр үед 15 банкны барьцаанд тавьж туугаад Дубайн гэрээг бүрэн төгс хийхгүй, барьцаанд орохгүй байх боломж байсан юм. Та бүхэн санаж байгаа бол 2015 онд Ч.Сайханбилэгийг муу гэрээ үзэглээд ирлээ гээд Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулаад хүрээгүй. Хэрэв Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тухайн үед нь бид огцруулж чадсан бол 15 банкны барьцаанд тавьж туухгүй байх байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж чадахгүйг мэдсэн даруйдаа гаднынхан Улаанбаатарт ирж гарын үсэг зурж, баталгаажуулсан.

 

Ц.НЯМДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮД ХОВ ЯРЬЖ, ГҮТГЭЛЭГ ТАРААХ АЖИЛ ХИЙДЭГ

-Таныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай Оюутолгойн гэрээний асуудлаар маргасан гэсэн мэдээлэл байна. Чухам юу болсон юм бэ?

-УИХ-ын гишүүд аливаа асуу­далд шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийх учиргүй. Харамсалтай нь Оюутолгойн асуудлаар хов тараах ажлыг УИХ-ын гишүүд л хийж байгаа. 2009 онд УИХ 87 дугаар тогтоол гарган Засгийн газарт зөвшөөрөл өгснөөр гэрээ байгуулсан. Энэ бол Монгол Улсад барууны орнуудаас урьд өмнө нь хийгдэж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том хөрөнгө оруулалтын гэрээ. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг авалгүй үйлдвэр боссон. Далд уурхайгаар газар дор 1300-1500 метрийн гүнд бүхэл бүтэн хот баригдаж байна. Энэ ажилд “Рио Тинто” компани, гадаадын 15 банк, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага оролцож байгаа. Тэнд 15 мянган хүн ажиллаж байгаагийн  95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 20-иод мянган аж ахуйн нэгж бизнес хийж байна. Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш “Оюутолгой”-той холбоотой гурван асуудал яригдсан. Нэгдүгээрт, УИХ-аас гэрээг цуцлах зүйл яригдах боллоо. Энэ танай улсын байр суурь мөн үү гэсэн. Хоёрдугаарт, Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох төлөвлөгөө явагдаж байгаа нь Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравдугаарт, Татварын маргааныг эвийн журмаар шийдье гэсэн. Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн гэрээг хүчингүй болгосон. Үндсэндээ Оюутолгойн гэрээг шууд зогсоох нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг ҮАБЗ-д ярилцсан. Үүнийг УИХ дээр ярилцана. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурь баримталдаг. Монгол Улс тэр аяараа хөдлөөд хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах учраас би санаа зовоод байна. Үүнийг зогсоох юм бол дааж давшгүй маргаанд Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал өндөр. Маргаан үүсвэл энэ компани ирээдүйд авах ашгаа хүртэл нэхнэ. Улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй гэж хатуу үзэж байгаа.

-Дубайн гэрээг өөрчлөхийг Та дэмжихгүй байгаа хэрэг үү?

-Дубайн гэрээг шүүмжилж байгаа хүмүүстэй би ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн энэ төлөвлөгөөг батлах үедээ Ерөнхий сайд байсан нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр дөрвөн орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд хийчихээд байгаа нь үнэн. Хүний юм авчихаад үгүйсгээд байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байгаагүй гэлтэй биш. 2015 онд бандан тас гэдэг юм болсон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд манай нам байсан нь бас үнэн. Ийм байдал үүсчихээд байгаа учраас асуудлыг нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж энэ төслийг цааш явуулах эсэхийг ярилцана. Яг энэ үед захиргааны шүүх нь Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгоод, УИХ нь зогсоох хүртэл арга хэмжээ авчихвал төсөл эрсдэлд орно. Хэт нь Лондонгийн шүүхэд ялагдаад Монгол Улс дааж давшгүй өрөнд орвол яах вэ. “Рио Тинто” гэдэг компани чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг. Энэ компанийн цаана Английн хатан хааны гэр бүлийг дагасан оросууд байдаг. Энэ компанийг тойроод Европын холбоо, дэлхийн хүчирхэг банкууд байдаг. Ийм хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байгаа учраас би болгоомжилж байна. 

-Бүлгийн хурлаар ямар учраас маргаан гарсан юм бол?

-Оюутолгой тойрсон хардлага сэрдлэг байж болох бүх хэмжээнээс давсан. Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө хоёр тэрбум ам.долларын хахуулийг Засгийн газрын сайдууд авсан гэж байгаа. Нэг тэрбумыг нь С.Баяр, нөгөө тэрбумыг нь дөрвөн сайд хувааж авсан гэдэг зүйлийг яриад олон жил болж байна. Бүлгийн хурал дээр маргаан гарсан шалтгаан нь 200 сая ам.долларын хахууль авч гэрээг байгуулсан гэсэн. Баримтаа гаргаад ир.  Жирийн иргэд худал мэдээлэлд суурилж буруу зүйл ярихыг өршөөж болно. УИХ-ын гишүүн 200 сая ам.долларын хахууль ярьж байгаа бол баримтаа гаргаж өгөөд шоронд нь хийх хэрэгтэй. Би тухайн үед дөрвөн тэрбум ам.долларын өртөгтэй төсөл баталчхаад хоёр тэрбумыг нь хахуульд аваад сууж байдаг юм гэж хаана байсан юм бэ гэж хэлээд өнгөрч байсан. Ийм хардлага гүтгэлэг ард түмний тархийг угаадаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Иргэн (49.0.144.55) 2019 оны 11 сарын 21

Хоёулаа миний хүү гэдэг шиг энэ хоёр хоёулаа ӨӨДТЭЙ АМЬТАД БИШ.

0  |  0
Доёбуу(66.181.190.19) 2019 оны 11 сарын 21

Бүх зүйл баримт нотолгоотой байх ёстой.Тэр Болорчулуун гэдэг улаан хацартай хөдөөний мангар , бас нэг Поп Зандангийн өрөөсөн

0  |  0
зочин(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

нямдхржыг гүндалайтай

0  |  0
Top