Намуудыг “намнах” уу

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Энэ парламент сүүлчийнхээ намрын чуулганыг хийж байна. Ер нь аливаа намрын чуулганы хамгийн чухал асуудал ирэх оны улсын төсвийг хэлэлцэх байдаг. Өнөө жилийн хувьд түүн дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэмэгдээд багагүй сандрах шиг боллоо. Гэхдээ ямар ч байсан хуульд заасан цаг хугацаатай хоёр гол ажлаа амжууллаа. Төсвийн хуулийг цаг хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ тарах номтой. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагшлуулж чадаагүй бол магадгүй дахиад 20 жил хүлээх байсан байж мэдэх юм. Одоо хоолойд тулчихсан биш боловч бас л хуульд заасан хугацаатай уралдаж засах ёстой хуулийн төслүүд бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль байна. 2016 онд МАН улс орон даяар үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараагаас л “Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулсан нь буруу болсон. Салгах ёстой” гэдэг байр сууриа илэрхийлж эхэлсэн. Өөрсдийг нь эрх баригч болгосон хуулийг сонгуулийн өмнө өөрчлөөд ялагддаг жишиг сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд харагдаад байгаа.

Ингэж сонгуулийн дүрмээ өөрчилдөг жишгийг МАН-ынхан бас давтах нь. Сайн, муу ямар үр дүн үзүүлэхийг бүү мэд ээ. Ямар ч байсан саяхан УИХ-аар батлагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн аливаа хэлбэрийг УИХ тогтоох тухай заалт орсон.

Өмнөх хуульд “хүнд санал өгөх” тухай үг байсныг хасчихсан хэрэг. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчилчихвол сонгуулийн дүрмийг пропорционалтай болгосон ч парламентын дур. Сонгуулийн хуулийг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа тухай яриа Төрийн ордонд гараад удаж байна. Ингэхдээ 50 нь тойргоос 26 нь хүн дугуйлах пропорционал хэлбэрээр сонгогдоно гэж мэдээлэлд ойр хүмүүс хэлээд байгаа. Үнэн, худал нь тун удахгүй мэдэгдэнэ.

Харин Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн дараа яригдах зүйл бол Улс төрийн намын тухай хууль юм. Уг хуулийн өөрчлөлтийн төслийг ч мөн өргөн барихад бэлэн болгосон тухай мэдээлэл бий. Гэхдээ намын тухай хууль яаж өөрчлөгдөх тухай таамаг эргээд л Үндсэн хуулийн өөрчлөлттэй наалдаж таарна. Учир нь уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 19.2-д “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна”, 19.3-д “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж оруулахаар болсон.

Насанд хүрсэн хоёр сая гаруй иргэн бий гэж үзвэл 20 гаруй мянган хүний гишүүнчлэлтэйгээр нам оршин тогтнох нь ээ. Энэ өнцгөөс авч үзвэл МАН, АН, МАХН-аас өөр юу билээ гэж бодогдоно. Өнөөдөр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна. Дээр дурдсанаас гадна МНН, ИЗНН, МУНН, БНН, МҮАН, ХҮН гэж бий. Үлдсэнийг нь задалж бичихгүй бол болохгүй байх. Монгол Либерал Ардчилсан нам, Эх Орон нам, Монголын Либерал нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам, Монголын Социал Демократ Нам, Ард Түмний Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Хөгжлийн Хөтөлбөрийн Нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба Зөв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Их эв нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Монгол шинэчлэлт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зүй ёс нам.

Эдгээр намууд ирэх оны УИХ-ын сонгуульд хүн дэвшүүлэх эрхтэй байлаа. Харин тэр эрх нь хэвээрээ байх уу гэдэг өөрөө асуулт юм. УИХ-ын хоёр гишүүний нийлж хоёр сарын өмнө байгуулсан ШИНЭН гэхэд 913 гишүүнтэй гэж Дээд шүүхийн бүртгэлд байна. Хамгийн сүүлд байгуулагдсан Зүй ёс нам 1533 гишүүнтэй. Тэгвэл МАН 161 мянга, АН 150 мянга, МАХН 35 мянга, ИЗНН 35 мянган гишүүнтэй гэж бүртгэгджээ. Дээр нь БНН 50 мянга, МҮАН 26 мянган гишүүнтэй гэсэн байна. 20 мянгад дөхөж очих нь 16 мянган гишүүнтэй гэх Эх орон нам. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө дуулиантай байгуулагдаж байсан ХҮН гэхэд 1024 гишүүнтэй аж. Бусад жижиг намуудын хувьд дийлэнх нь мянга орчим хүнтэй юм байна. Мэдээж, хууль шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр намууд гишүүнчлэлээ нотлох шаардлага үүсэх байх. Учир нь дээр дурдсанчлан Үндсэн хуулийн 19.3-д “...Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж бий. Намуудыг аливаа авлига, улс төрийн ашиг сонирхолтой бизнесийн бүлэглэлээс хамгаалахын тулд улсаас тодорхой санхүүжилт өгөх бололцоо нээгдсэн гэсэн үг. Энэ боломжийг аварга бүрэлдэхүүнтэй АН, МАН аль нь ч ашиглахыг зорино. Угаасаа олон жил ярьж байгаа зүйл. Дээр сонгууль явуулахад пропорционалын аливаа хэлбэрийг оруулахад олон намын нэр дэвшигчид сонгуулийн хуудсын зай, хэмжээнд ч хүндрэл учруулна. Тэгэхээр Үндсэн хууль, Улс төрийн намын хуулийн өөрчлөлтөө дагаад намуудад шалгалт хийж, босго давахгүй бол татан буулгах ажил явагдах болов уу. Ийм болохоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл эргээд мянга хүрэхгүй гишүүдтэй парламентад суудалгүй “жижиг” гэгддэг намуудад халгаатай тусах магадлалтай гээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.116) 2019 оны 11 сарын 25

Үндсэн хуулийн дээрхи өөрчлөлт нь утгагүй зүйл болсон юм. Энэ заалт МАНАН - г хамгаалсан заалт. Иргэд энэ заалтыг бодит байдал дээр 100 % засварлах хэрэгтэйг анхаараарай.

0  |  0
Top