ДУРСАХУЙ: Миний найз Оргоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Түүнийг минь Баасанжавын Оролзод гэдэг. Яруу найрагч. Ганган хээнцэр хувцас хунар гэхээсээ илүү хачин сайхан хүн чанар, сэтгэлээрээ гоёж явдаг жижигхэн бор залуу анх танилцаж байлаа. Ижийгээсээ хойш хэрсүүжиж, эцгээсээ хойш амьдрал хэмээх давааны өмнө ханцуй шуугаад зүтгэж явсан сан. Хорвоогийн шар наран дор “бөмбөрч” л явсан найзын минь шүлэгтэй навчис одоо цас адил бударсаар л байна. Тийм л шүлэг бударсан намраар шүлэгтэйгээ хамт бударсаар орчлонгийн нэгээхэн зайг хоосолж орхиод одсон юм. “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” гэж шүлэглэж, дуулчихаад дэргэдэх олон хүнээ дэргэдээсээ холдуулаад одлоо л шүү дээ. “Тогоруутай нуур” өрөмтөн зээгэлтэж, “Ширээтийн суурин” чинь анир алдан дүнсийсээр л байх юм аа.

Хүрэл мэт хүрэн бор царайтай, том цагаан шүдээ яралзуулан инээдэг, хөдөө ахуйг санагдуулдаг шүлэг нь нүдэнд шууд л зурагладаг хачин гоёмсог уянгатай бас дээр нь сэтгэл гэж цас шиг цагаахан залуу байлаа. Шүлгэнд нь дурласан охид хаврын бороонд норж буй цэцэг мэт тэмүүлсэн тийм л тунгалагхан найрагч байв. Санаа алдахаас өөр ямар ч аниргүй өрөөнийхөө мухарт яг чамтай танилцаж байсан үеэ дурсан цонх ширтэн сууна. Анх 40 гаруй залуу нэгдэн нөхөрлөж, яруу найргийн төлөө л зөвхөн амьдарцгаах юм шиг хөөрцөглөж явсан он жилүүдийн будант хөшгийг нээж харахад гэгээн сэтгэл, цагаахан инээд нь тосох ахул мишээл төрж байна. Оргоо маань үе үе нутгаадаа жирийлгэчихнэ. Нутгаасаа ирэхдээ оюутан нөхдөө хооллох гэсэн мэт шуудай дүүрэн мах “чирээд” ирдэгсэн. Оргоогийн авч ирсэн мах бидний өвлийн идэш гэсэн үг. Дор бүрнээ гэр орноо төвөхнүүлсэн хүн бидний дунд байсангүй. Оюутны дотуур байр, айлын хажуу өрөө, хүний хашаанд гэрээ гуйгаад барьчихсан яруу найргийн төлөө бадарч явсан залуус нэгнийдээ цуглаж хөөрцөглөдөг байлаа. Бүр аргаа барахаараа 1000 оюутны байрны жижигхэн дэн буудалд 10 мянган төгрөг төлөөд 20 гаруй найрагт халамцсан нөхөд орж хоноцгооно. Дэн буудлын жижүүр эгчийн ус буцалгагчийг гуйж аваад тэндээ мах чанаж иднэ. Чанах ч гэждээ өнгийг нь борлуулсан болгоод өлсгөлөн барс шиг шуугин дайрцгаана.

О.Элбэгтөгс, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, Д.Энхбат, Ц.Энхболд, Б.Оролзод, Б.Гансүх, М.Наранболд, Ш.Нямсүрэн, Т.Дарханхөвсгөл, С.Баттулга гээд жагсаалт хөвөрнө. Дорнодын “Улаан малгайт” Энхбатын гэрээс зээрийн мах ирнээ. Тэр үед Улаанбаатарт зээрийн гулууз махыг 5000-гаар бөөнддөг байсан үе. Ингэж л бид гэдэс гараад үүр цайтал шүлэг уншицгаан эгээ л “Ардын уран зохиолч” нар өглөө нь сургууль сургуулийнхаа зүг жирийлгэдэг байлаа. Байхаасаа байхгүй нь их оюутны өдрүүдийг хугаслан хамтдаа шүлэг найргаа уншиж, хэн нэгэн нь яруу найргийн наадамд байр эзэлбэл байны мөнгөөр нь тансаглацгаана. Энэ бүхэнд тэр минь гол дүр болдог байв. Оргоо Зурагтын хуучин эцэст тэр үедээ дэлгүүр байсан жижигхэн цагаан байшинг хөлсөлнө.

Одоо тэр байшинд дугуй засвар ажиллаж байна лээ. Дэргэдүүр нь гарах бүрт шүлэг дуудсан залуу цагийн цанхтай ааш аяг чихэнд сонсдох болоод л өнгөрдөг юм. Тэр байшинд манай үеийн нөхдөөс гадна зураач яруу найрагч Мягмарын Амархүү ах, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэгийн Болдхуяг, Базарсадын Баттулга, Лхамсүрэнжавын Ганзул гээд гэрэлт сайхан найрагчид бидэнтэй хамт олон өдрийг үдсэн дээ. Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа эгч нэгэнтээ “Танай үеийнхэн ёстой сайхан нөхөрлөх юм. Өмнө нь би айлын хашаанд зуны байшин хөлслөөд манай Ээгий, Ичин, Мөөжиг, Баяраа гээд бүгд ирдэг байсан. Газраар зулаад л яруу найргийн илч, залуу насны аагаараа дүн өвлийг бардаг байлаа. Та нар бидний тэр л залуу цагийг өөрийн эрхгүй мэдрүүлж байна шүү” хэмээн бахархан ярьдагсан. Оюутан цагийн тэр дурсамж бүрийг үлдээх гэж, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлэх л гэж миний найз энэ орчлонд ирээд буцаж дээ.

Оргоо сургуулиа төгсөөд “Өглөөний сонин”-д сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж байлаа. Сонинд нэг их удаагүй юм. Гурван сар орчим ажиллаад яруу найрагтаа үнэнч үлдэх замыг сонгоод ажлаасаа гарсан. Гарах болсон нэг шалтгаан нь тухайн үеийн нэг хурган даргын талаар баримттай нийтлэл бичсэнээс болж Оргоог маань нөгөө нөхөр нь эрэл сурал болж, машин тэрэгтэй мөрдөж мөшгиж эхэлснээс ч болсон. Ширээт хот хоёрын хооронд хэсэг явж байгаад найз минь “Шинэ монгол” радиог үүсгэн байгуулахад нь гар бие оролцож ажиллаж эхэлсэн. Тэр хэзээд л нутгаа гээд гүйчихнэ. Хотод ирэхээрээ хамгийн түрүүнд доктор Пүрэвхүүгийн Батхуяг багшийнд эсвэл Цэрэнжаргалынд эс бөгөөс манайд эсхүл Т.Дарханхөвсгөлийнд гээд очих айл мундахгүй олон байдаг байлаа. П.Батхуяг багш Их Монгол дээд сургуульд багшилдаг байсан юм. Манай үеийн найрагчдыг бүгдийг нь Хуягаа багштай танилцуулж багш шавь, ах дүү болгосон сэтгэл дамнасан солонгот гүүр байв. Сүүлчийн 1000 төгрөгөө найздаа өгөөд хотын төвөөс Баянхошуу руу алхчихдаг байсан юм шүү дээ.

2017 оны намарсан. Үеийн нөхдөөс минь Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан “Усанд хөвсөн намар”, Б.Оролзод хоёр маань “Ширээтийн суурин” номын нээлтээ хамтдаа хийж байлаа. Хоёр найз минь “Усанд хөвсөн намраар Ширээтийн сууринд урья” хэмээн номын заллагаа илгээж байсан юм. Найз минь нэг л өдөр “Улаанбаатар минь баяртай” хэмээн шүлэг бичсэнээ дуулгаж нөхөддөө уншиж өгөхөд нь жигтэйхэн гайхацгааж билээ.

Тэр минь
“Улаанбаатар минь уйлж битгий гомдоорой
Би хөдөө талын дунд торойж үлдсэн, Ширээтийн сууриндаа буцлаа
Улаанбаатар минь эмзэглэж битгий сонсоорой
Баячуулдаа энэрэнгүй танайд балчир ядуухан шүлэгч надад амьдрахын арга алгаа
Сурахын их хүслэнтэй анх ирж, мөнгө олохын шалтагтай үлдсэн ч
Мөрөөдөл хийгээд хүсэл зоригоо бүгдийг нь
Сааралтсан гудамж шуугиант орчинд чинь гээсэн байна
Одоо болъё, орчлон намайг таньтай танилцуулж
Олон өдөр хоног нөхөрлөж хамт явлаа
Ууж наргиж, гомдож, баярлаж учиргүй ихээр дотно байлаа
Нимгэн хувцастай ихэмсэг охидод дурлаад
Нутгаадаа яаралгүй таны шалихгүй хуурамч
төрхөнд хууртаад
Яруухан шүлэг бичих гэрэлт сэтгэлээ гээж дуусах нь ээ
Ямархан хувь тохиолоор таньтай учирч
Энэ цагийн хотыг зүрх сэтгэлээрээ мэдрэв дээ
Модод гөлөглөсөн Явуугийн цэцэрлэгт Шинэ мянганынхан
яаж шүлгээ уншдагийг
Улаанбаатар минь битгий мартаарай
Морьдын тургилаан амгалан салхиа үгүйлж буцсан
Бараан царайтай цагаан сэтгэлтэй шүлэгч явсныг минь
Болор дарсны дэргэд наргиж явсан найрагч хөвгүүд минь
битгий мартаарай
Уйлж, дуулж хамт байсан
Улаанбаатар минь баяртай
Уярч, догдолж шүлгээ уншсан
шүлгээ уншсан нөхөд минь ч бас баяртай
Би Ширээтийнхээ сууринд буцлаа” гэж шүлгээ уншиж өгчихөөд нэг их уртаар санаа алдаж билээ. Болор дарсны дэргэд наргиж явсан найрагч хөвгүүд чинь мартахгүй ээ, найзыгаа. Оргоогийн дүү Сугар тэр жил хил рүү цэргийн албанд мордож аргагүйн эрхэнд ааваа бараадсан ч байж мэдэх юм. Цэрэгт мордсон дүүдээ зориулж өр өмөртөл шүлэглэсэн байж билээ. Бичсэн шүлэг нь гоё чамин үгсийн цуглуулга бус өр зүрх рүү шивсэн үнэний туйл байсан гэж одоо ч бардамхан боддог юм.

2018 оны долоодугаар сар. Наадмаас хоёр гуравхан хоногийн өмнө Монголын зохиолчдын эвлэлээс Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодод Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг олгосон юм. 13 цагаас шагнал гардуулах болчихоод байдаг. Л.Цэрэнжаргал маань “Оргоо яачихав. Чи нэг залгаач найз” гээд намайг шавдуулна. Оргоо Төв аймгийн Өндөрширээт сумын ИТХ-ын даргаар ажиллаж байлаа. Даргын ажил барагдахгүйн дээр манай хүний тайваныг хэлэх үү явсаар цагаасаа жаахан хожидсон ч авах шагналаасаа хоцролгүй ирж биднийгээ баярлуулсан юм. Энэ өдөр Оргоогоос гадна Сааюугийн Баттулга найз минь мөн бидний дундаас Зохиолчдын эвлэлийнхээ шагналыг гардан авч хөлд дарагдан нэг өдрийг өнгөрүүлж билээ.

Оргоо нөхдийгөө нутагтаа аваачих дуртай байв. Тэр жил Т.Дарханхөвсгөл бид хоёр намрын сүүл сар шувтарч байхад очиж нэг сар гэрт нь хамт байлаа. Би гэж олиггүй нөхөр мотоцикльтой давхиж яваад онхолдон хөлөө булгалж долоо хоног хэвтэрийн дэглэм сахив. Найз минь “Хөл нь яаж байна. Чамайг л авч гармаар байна” гэдэгсэн. Хэдэн найрагч нөхдөө очиход унаа тосон Хар хошууны өвөрт хэдэн цагаар ч хамаагүй хүлээгээж сууж байдаг тийм л найз минь байсан юм. Яруу найрагчид баруун аймаг руу явлаа гэсэн хал авуутаа Өндөрширээтийнхээ салдаг дээр халуун цай, чанасан мах, хоол унд зэхэн хүлээж байдагсан. Найрагчид цайлж аваад цаашаа явахад сэтгэл нь дэгэлзэж заримдаа хамтдаа жирийлгэчихдэг яруу найргийн төлөө буцалж явдаг яндашгүй дүүрэн итгэл түүнд байсан. Найрагчид буцахад зориуд нутагтаа буулгүй мартсан болж “жүжиглээд” Улаанбаатар руу хамтдаа ирнэ. “Найзуудаасаа салаад үлдэнэ гэхээр сэтгэл хоосроод байх юм” гээд чин сэтгэлийн үгээ хэлнэ. Аав нь Баасанжав ах харчуудын хөлд дарагдсан гэлгүйгээр тогоо дүүрэн цуйван, будаатай хуурга хийчихээд биднийг хараад инээмсэглэн суудаг байлаа. Одоо найз минь найрагч ах нартайгаа, аавтайгаа, ээжтэйгээ энхжингийн оронд шүлгээ уншсан гэрэлт найрагч нөхдөө тольдон суугаа биз ээ.

Дурсамж дурсамжийн цаана дурсамж бүтээн чимээгүйхэн оршсоор байна даа, чи минь.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зул(64.119.27.23) 2019 оны 12 сарын 04

Таньд.... Та бүхэнд баяралаа.\nТа бүхний үнэнч нөхөрлөлөөс их дуурайлал авахын сацуу цагаахан атаархаж явдаг юм шүү. \nГал халуун сэтгэлд тань ахин талархая

0  |  0
Ganchimeg Perenlei(66.181.183.253) 2019 оны 12 сарын 04

Orgoo duug mini bainga sanan dursaj saihan dursamj bichdeg hun chanariin deed hunleg naizuudad ni bayrlalaa

1  |  0
зочин (66.181.187.114) 2019 оны 12 сарын 04

сайн хүн байж билээ

1  |  0
Б.Оюунцэцэг(202.126.89.213) 2019 оны 12 сарын 04

Дүүгийн минь сайхан дурсамжийг илгээсэн найзад нь баярлалаа

1  |  0
Зочин(202.126.89.25) 2019 оны 12 сарын 04

Санаж байна

1  |  0
Ядмаа(202.126.88.136) 2019 оны 12 сарын 04

Сайхан бичжээ. Сайн залуу байсан даа Оргоо минь.

1  |  0
Lhagva(66.181.161.15) 2019 оны 12 сарын 04

Setgeliin buhen setgeld hurne. Shan dursamj bn.

1  |  0
зочин(103.80.210.111) 2019 оны 12 сарын 04

хүнлэг сайхан хүмүүсийн үлдээсэн тэр л дурсамжууд хэн нэгний зүрх сэтгэлд үүрд үлдэх юм даа, сайхан дурсамж байна аа

1  |  0
Top