Сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалантай товч ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг хэрхэн тогтоосон бэ?
-Сонгуулийн сурталчилгааг аль болох зардал багатай, нэр дэвшигчид ижил тэгш нөхцөлөөс гарах бололцоог хангана. Сонгуулийн үед мөнгөөр зодож, хэвлэл мэдээллээр замбараагүй сурталчилгаа хийх, том том самбар байршуулах зэрэг урьд өмнө гарч байсан зүйлсийг цэгцэлж байгаа. Одоогоор сурталчилгааны 21 хоног байгаа. Гэхдээ өргөн барьж байгаа хуулийн төслөөр сонгуулийн үнэмлэх гаргаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх бололцоог нээсэн. Ингэснээр УИХ-ын сонгуулийн сурталчилгаа гурав хоногоор нэмэгдэх боломж бүрдэж байгаа.
-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт үүсдэг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан. Сонгуулийн дараа аудитаар хянуулдаг болж байгаа. Бусад улсад ч ингэж ажилладаг. Бид сонгууль зарцуулах мөнгөн дүнг хүртэл заана. Тухайн тойргийн газар нутгийн хэмжээ, хүн амаас шалтгаалаад сонгуулийн дээд зардлын хэмжээг зааж өгөх зохицуулалт хийж байгаа.
-Сонгуулийн маргааны хэрхэн зохицуулах вэ?
-Сонгуулийн маргаан эцэс төгсгөлгүй явдаг байсан. Маргаан нь явсаар байгаад Үндсэн хуулийн Цэцэд хүрч, дөрвөн жил үргэлжилдэг байлаа. Тэгэхээр сонгуулийн маргаан тухайн жилдээ хаагддаг зохицуулалт хийж өгнө.
-Мандатын тоонд өөрчлөлт орох уу?
-Нэгэнт бид 50+26 гэсэн холимог тогтолцоог сонгож байгаа учраас одоогийн жижиг 76 тойрогт хөдөлгөөн орно.
Сэтгэгдэл ( 1 )
Та нар л ийм юм хийдэг болхоос ард түмэн оролцодгүйшүү