Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын XXV бага хурал болж байна

2019 оны 12 сарын 04

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хурал Испанийн Вант Улсын Мадрид хотноо эхэллээ. Бага хуралд  Чили Улсын Ерөнхийлөгч Себастьен Пиньера,  Испани улсын  Ерөнхийлөгч Педро Санчез, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас, Талуудын 24 дүгээр бага хурлын  дарга  Майкл Куртика, Уур амьсгалын өөрчлөлтийн  олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC)-ны тэргүүн Хоесүнг Ли нар үг хэлэв.

Энэ удаагийн талуудын хурлын гол зорилго нь  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын  тодрхойлоод  байгаа зорилтуудыг ахиулж, бодит хэрэгжилтийг  түргэтгэх, 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн   үлдсэн гол асуудлуудыг шийдвэрлэхэд оршиж байна.

Хуралд оролцогчид уур амьсгал өөрчлөлт гэхээс илүү уур амьсгалын онц байдал  зарлах түвшинд  байгааг онцолж байна. Дэлхийн дулаарал улам бүр нэмэгдэхийн хирээр байгалийн гамшгийн давтамж улам эрчимжиж, үүнээс үүдэлтэй  нийгэм, эдийн засгийн гарз хохирол ганц нэг улс орон бус   бүхэл бүтэн тивийг  улмаар  дэлхий нийтийг хамарсан гамшигт үзэгдэл болоод байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс орнууд, нэн ялангуяа  хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулагч орнууд, хүлэмжийн хийн ялгарлаа даруй бууруулах арга хэмжээ авч, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтээ тэнцүүлсэн байх  шаардлагатай  гэдгийг онцолж  үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудаа тэдгээр улсууд зоригтой, ахиулан тодорхойлох нь ирэх арван жилийн төгсгөлд бидний ирээдүй аюулгүй байж чадах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн анхааруулав.

Энэхүү хуралд Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан төлөөлөгчид оролцож, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top