Малын хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг өнгөрөгч даваа гарагт Булган аймагт салбар зөвлөлөө албан ёсоор нээж, малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Ингэснээр тус нийгэмлэг Дорнод, Баянхонгор, Булган аймагт гурван салбар зөвлөлтэй болон өргөжиж байгаа гэдгийг нийгэмлэгийн тэргүүн Цогт-Очирын Анандбазар хэлж байсан юм. Гүйцэтгэх захирал Ц.Энхбатын хэлснээр аймгуудад салбар зөвлөл байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа гэнэ. Баянхонгор аймагт хэдийгээр салбар зөвлөл байгуулагдаад удаагүй байгаа ч 14 удаагийн үйлдлээр 182 мал хулгайлсан хэргийг илрүүлж чадсанд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлэн захидал илгээсэн гэж байв.
Малчдын зөвлөгөөний үеэр малчид өөрсдийн өмнө тулгарч буй асуудлуудаа хэлцгээж байлаа. Дийлэнх малчдын хэлж буйгаар хурдан унаа хөлөглөж, буу зэвсэг агссан бүлэг этгээдүүдтэй тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа юм билээ. Үүний сацуу алдсан малаа цагдаад бүртгүүлдэг ч цагдаа нарын хүч хүрэлцэхгүй, зарим үед огт хайхрахгүй байгаа талаар ч малчид онцгойлон анхааруулж байсан билээ. Зарим иргэдийн зүгээс цагдаа нар өөрсдөө малын хулгайч нартай хуйвалдсан байж магадгүй гэдгийг ч хэлж байна лээ. Тиймээс орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан малаа хариулах боломж хэр байгаа талаар асууж байсан. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уяач Д.Даваахүү “GPS-ээс эхлээд дэвшилтэд технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх шаардлагатай. Энэ талаар судалгаа хийж байгаа. Удахгүй энэ бүхэн амьдралд хэрэгжээд явах боломж бий” гэдгийг онцоллоо. Энэ удаагийн салбар зөвлөл нээх арга хэмжээнд нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүн Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар, Гүйцэтгэх захирал Ц.Энхбат, тэргүүлэгч гишүүн Д.Даваахүү, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Мягмар, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн н.Баян-Очир нар иржээ. Мөн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нарын албаны хүмүүс оролцлоо.
Малчдын зөвлөгөөнд Булган аймгийн сум бүрийн төлөөлөл 400 гаруй малчин оролцсон нь малчид малын хулгайтай тэмцэх чин хүсэл их байгааг харуулж байсан юм. Цагдаагийнхан малын хулгайн араас халуун мөрөөр нь орж явах гэхээр бензин шатахуун байхгүйн улмаас явж чаддаггүй гэдгийг малчид хэлээд аймгийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж байхыг хүсэв. Аймгийн удирдлагуудын зүгээс ирэх оны төсөвт тодорхой хэмжээний төсөв суулгаж буйгаа хэллээ. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр “Би малчин айлын хүүхэд. Мал маллахын хүнд хүчрийг мэднэ. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг малчдын сор болсон малнаас хулгайч нар аваад явдаг. Малын хулгайн гэмт хэрэгтэй дан ганц цагдаа тэмцэх бус малчдын оролцоо ч чухал үүрэгтэй шүү” гэдгийг захиж байлаа.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж агсан 1993 оноос хойш 2015 онд насан эцэслэтлээ малчин түмний төлөө, тэдний эрх ашгийг хамгаалах, малыг төрийн хамгаалалтад авахуулах чиглэлд цуцашгүй зүтгэж байсан билээ. Нийгэм ороо бусгаа үед алдуул найман сая малыг малчдад нь олж өгч малчин түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн юм. Төрийн шагналт яруу найрагч, сэтгүүлч З.Дорж агсан
“Хэл, хил, малчин гуравтайгаа байхад
Хэн баян, Монгол баян
Хэл, хил, мал гурваасаа салбал
Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Энэ яваа насыг эцэслэж, дуустал тэмцье
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Үхсэний дараа сүнс байдаг юм бол
Үргэлжлүүлж хамт тэмцье” хэмээн шүлэглэсэн нь одоо ч малчдын зүрх сэтгэлд уяатай явдаг юм байна гэдгийг мэдрүүлж байлаа. Зундуйн Дорж агсны үүсгэн байгуулсан Мал хамгаалах нийгэмлэгийн үйл ажиллагааг өнөө цагт үргэлжлүүлэн түүний эгчийн хүү болох Ц.Анандбазар улам өргөтгөн үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаагаа хэлж байсан. Тэрбээр “Салбар зөвлөл байгуулагдсанаар тухайн аймагт тулгарсан асуудал, бэрхшээлийг шийдэх, мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх, малын хулгайч нараас хурдтай малын хамгаалагч нарын нийгэмлэгийг байгуулж байгаа юм. Төрийн өндөрлөгүүд, УИХ, зарим аймгийн Тамгын газар төсөвтөө мөнгө суулгаж малчдын эх үүсвэр болсон таван эрдэнээ хамгаалахад дэмжлэг үзүүллээ. УИХ маань нэг тэрбум төгрөгийг суулгаж өглөө.
Малын хулгайтай тэмцэнэ гэдэг хүн бүрийн хүсэн хүлээж байсан ажил байсан. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдтэйгээ өргөн барилаа. Удахгүй хууль батлагдсаны дараа аппликэйшн, чихэвч, ээмэг гээд дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ. Үүний дараа малчдын мал, махны үнийг боломжийн хэмжээнд аваачих тал дээр бодлого гаргана. Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд айлын өнчин ганц ишиг ч байсан хулгайлсан хүнд ноогдох ялын хэмжээ нэмэгдэж, чангарч байгаа” гэдгийг хэлж байсан юм. Мөн тэрбээр Булган аймаг малын хулгайгүй анхны аймаг болох боломжтой гэж байв. Энэ өдөр нийгэмлэгийн идэвхтэн мэдээлэгч гишүүдийг сонгон үнэмлэхжүүлсэн бол нийгэмлэгийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн Гүйцэтгэх захирлаар Б.Ууганбаярыг томиллоо. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нэрт найрагч Зундуйн Доржийн үйл хэргийг үргэлжлүүлэхээ малчид илэрхийлэн, нийгэмлэгийн зүгээс найрагчийн хүрэл хөшөөг Булган аймгийн төвд босгохоор болж шавыг нь тавилаа.
Сэтгэгдэл ( 0 )