НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Булган аймагт ажиллалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Булган Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тэрээр дэлхийн олон улс орнууд дахь хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан, энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай нэгэн юм.

Үүнээс өмнө тэрээр 2018 оноос хойш Тайланд дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй хариуцсан бүсийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус бүсийн нийт 24 оронд шинэ шийдэл, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байжээ. 

 

 

Булган аймаг хүүхэд хамгаалал, хүний эрхийг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээлэл солилцоод цаашид аймаг орон нутгаас эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, боловсролын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Коуасси-Комланаар ахлуулсан ажлын баг дараагийн уулзалтаа ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөж, хамтын ажиллагааны саналаа эрэмбэлэн ирүүлэхийг хүссэн.

Аймгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сэргээн засах төв байгуулахад тоног төхөөрөмж тусгай хэрэгсэл болон сумдын нийгмийн бүлэгтэй ажилладаг албан хаагчдад сургалт хэрэглэгдэхүүн нэн даруй шаардлагатай буйг танилцууллаа.

Булган аймгийн 16 сум 1 тосгоны 22000 хүүхдүүдээс 217 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top