Булган аймгийн цагдаагийн даргыг чөлөөлж, албаны шалгалт явуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагч, ахмад О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, шаардлага тавьсан алба хаагчдыг гадуурхдаг" талаар мэдээлсэн. 

Тэгвэл ЦЕГ-аас ажлын хэсэг гарган шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өчигдөр /2023.08.29/ тус аймгийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Ганбаярыг ажлаас нь чөлөөлжээ.

Энэ асуудлын хүрээнд ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Д.Манлайбаатар "Цахим хуудаст нийтлэгдсэн цагдаагийн мэдээллийн дагуу ажлын хэсэг гарч, хяналт шалгалт эхлээд байна.

Булган аймгийн цагдаагийн газрын Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад О.Цэлмэг нь энэ оны долоодугаар сард цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ашиг сонирхлын гэмт хэргийн зөрчил үйлдсэн эсэх, мөн алба хаагчдын эрх зөрчигдөж байгаа эсэх талаарх мэдээллийн 126 утсанд гомдол гаргасан. Тухайн гомдол, мэдээллийн дагуу ажлын хэсэг томилж, тус аймгийн цагдаагийн газарт биечлэн ажиллаж, зөрчил гаргасан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн юм билээ.

Одоо бол цахим хуудаст нийтлэгдсэн бичлэг дээрх бусад асуудлаар холбогдох хүмүүсийг шалгаж байгаа.

Өнгөрсөн долоодугаар сарын шалгалтын явцад гомдол мэдүүлэгчийн мэдүүлсэн тодорхой асуудлууд үндэслэлтэй болж таарсан. Тухайлбал, алба хаагчдаас цалингийн суутгал авсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн газрын удирдах болон бусад үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. О.Цэлмэгийн тухайд нийгмийн сүлжээнд албан тушаалтай холбоотой санал гомдлоо илэрхийлсэн байсан.

Энэ санал, гомдолтой холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Гомдол мэдээллийг шууд дүгнэх боломжгүй. Дотоод хяналт шалгалт болон холбогдох хэлтсүүд уг гомдол дээр ажиллаж байгаа" гэлээ.

Харин энэ шалгалтын ажиллагааг дуусах хүртэл ахмад О.Цэлмэгийг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад байдлаар мэдээлэл дамжуулахгүй байхыг сануулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top