ПРОТОКОЛ: Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна. 


УИХ-ын гишүүн О.Батнасан: Манай Ховд аймаг жаахан явдалтай. Зам дагуу байгаа сумуудыг салгаад өөр тойрогт өгчихсөн. Жишээ нь, 34 дүгээр тойрог 14000, 36 дугаар тойрог 20174 байна. Бараг 6-7 мянган хүний зөрүүтэй. Дээр нь царцаа гэж ярьдаг. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бидний өргөн барьсан хуулиар цаашид тойрог байгуулахдаа хүн амынх нь тоог харгалзана. Газар нутаг, байршил зэргийг нь харгалзаж үзнэ. Өмнө нь АН-ыхан өөрсдөө тойргоо зурсан. Хүссэнээрээ зурсан шүү дээ. Энэ алдааг засах хэрэгтэй гэж бодсон. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаана. Өмнөх хуулиас дэвшил гарч байгаа. Нэр дэвшигч давуу талаа урвуулан ашиглах асуудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой. Хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Хариуцлагыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн. Сүүлд гарсан Төрийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсон. Хэрэв Сонгуулийн тухай хууль батлагдах аваас Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулна. Сонгуультай холбоотой бүлэг заалтыг оруулахаар бэлэн болгож байна. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс холдуулах хэрэгтэй. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлөхгүй байх бололцоог л шингээх ёстой. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудал байна. Хэвлэл мэдээлэл дээр тавих цагийн асуудлын хязгаарлалтыг яах вэ. Жишээ нь, нэг хэвлэл өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Нэр дэвшигч 25 минутаас хэтрэхгүй байх гэж тусгасан байна. Тэр олон цаас хог болдог. Үүнийг нэгдсэн хэлбэрээр болгож, мөнгөө хэмнэх боломжтой шүү. Багаар бодоход нэг тойрогт 500 сая төгрөг хөндөгдөнө. Тиймээс мөнгөний хүчин зүйлийг хязгаарлах хэрэгтэй. Энд нэг зүйл байна. Сэтгэцийн эмнэггүй байна гэж. Үүнийг хэн тодорхойлох вэ, чухал асуудал. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Манай улс сонгуулийн тогтолцооноос шалтгаалж маш их өндөр өртгөөр сонгуулиа хийдэг болчихсон юм билээ. Гэтэл гаднын оронд тоглоомын дүрэм нь тодорхой хууль бий. Одоо шинэ хуулиар хэн мөнгөтэй нь биш бүгд гарааны ижил түвшнээс гардаг боломжийг нь олгоно. Бүх нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа нь адилхан хэмжээтэй байна. Телевизийн сурталчилгаатай холбоотой дэвшилттэй заалт бий. Сэтгэцийн өөрчлөлт бол Засгийн газраас өгсөн санал. 

Ажлын хэсэг: Сэтгэцийн гэдэгтэй холбоотой асуудал бол Засгийн газраас ирсэн санал. Засгийн газраас 10 санал ирсний нэг нь. Бид зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авна. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал дунд бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Радио, телевизийн сурталчилгааны асуудал байна. Нэр дэвшигчээ тооцоход цаг нь багтахгүй нөхцөл үүснэ. Хуульд нэг газар нэр дэвшигчдийн сурталчилгааг байршуулна гэсэн заалт алга. Мөнгөнөөс зайлсхийсэн, аль болох иргэдэд төвөггүй сонгуулийг явуулах ёстой. 

Ажлын хэсэг: Хуулийн төслийн 47.6-т хугацааг нь зааж өгсөн. Сонгуульд оролцох бүх нам, эвсэл, нэр дэвшигчийн хугацаа нь батлагдах болно. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай хуулийн төсөл орж ирж байна. сонгуулийг мөнгөний хүчин зүйлсээс холдуулах хэрэгтэй. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлөхгүй байхыг хуульд шингээх ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь мөнгөний хүчин зүйлсийг өдөөдөг. Нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулна гэж оруулж ирж. Энэ хугацааны 25 хувийг нэг нэр дэвшигч эзэмшиж болно гэсэн байна. Сонгууль явуулах 18 хоногт үржүүлээд үзвэл нэр дэвшигчдийн 50 хувь нь Үндэсний телевизээр сурталчилгаа явуулах боломжтой, 50 хувь нь боломжгүй болох нь. Сурталчилгааны материал хэт их байдаг. Олон нүүр сонин, тараах материал хэвлэх нь Монгол Улсад үрэлгэн зардалд орно. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулмаар байна. Хэрэв тойрог томсвол багаар бодоход нэг тойрогт 500 сая төгрөгөөс доошгүй зардал гарна. Тойрогт ажиллах ухуулагчдын зардлыг нэмэх болно. Мөнгөний хүчин зүйлс нэмэгдсэнээр сонгогчид сонголтгүй болдог. Нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэжээ. Үүнийг хэзээ, хэн тодруулах вэ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс сонгуулийн тогтолцооноосоо шалтгаалаад сонгуулийг өндөр өртөгтэй явуулдаг. Англи, Сингапурт нэг сонгогчид нэг ам.доллар зарцуулдаг. Тоглоомын дүрэм нь ойлгомжтой байдаг. Бидний өргөн барьсан хуулийн төслөөр сонгуулийн өндөр зардлыг багасгах, хэн илүү мөнгөтэй нь биш нэг гараанаас өрсөлдөх боломжийг олгохыг зорьсон. Сурталчилгааны самбарын тухайд бүх нэр дэвшигчийн самбар адил хэмжээтэй, нэг газарт байрлахыг заасан. Хэдийгээр нэг телевиз 60 минутаас хэтрэхгүй, нэг нэр дэвшигч 15 минутаас хэтрэхгүй гэж зааж байгаа ч тухайн телевизийн нийт агуулгад хугацааг нь тооцож байгаа.

Ажлын хэсэг: Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Засгийн газраас оруулсан. Нэр дэвшигч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтоо хавсаргана

УИХ-ын гишүүн М.Билэгт: Монголын хүн амын 51 хувиас дээш нь эмэгтэйчүүд. Тиймээс нэр дэвшигчдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд нэр дэвших боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тооллогын тоног төхөөрөмж нь гадаадад байдаг. Монголд байдаггүй. Үүнийг Монгол болгох хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Үндсэн хуулиараа сонгуулийн пропорцианал тогтолцоо нь биш. Тэгэхээр Үндсэн хууль зөрсөн хуулийг дэмжихгүй л болж таарч байна. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: М.Билэгт гишүүн ээ, бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн заалт нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй сонгоно. Хуулиараа заана гэсэн нэг ч заалт байхгүй. Дэмжигдээгүй унасан шүү. Үндсэн хуулийн онолын маргаан л даа. Шууд сонгох эрх нь сонгогч ямар нэгэн төлөөлөгчөөр дамжуулахгүй өөрөө саналаа өгөхийг л хэлнэ. Одоо өргөн барьсан санал бол тогтолцоо нь мажиратор, санал тоолох аргачлал нь хувь тэнцүүлэх юм. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрх нь 20-иос доошгүй хувь гэж тусгасан. Тэгэхээр 76 эмэгтэй гишүүн сонгогдох ч боломжтой гэж ойлгох хэрэгтэй. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: УИХ 2011 онд сонгуулийн автомажуулсан системийн тухай хуулийг баталсан. Саналыг санал тоолох машинаар авдаг. Удирдлага нь Сонгуулийн ерөнхий хороонд бий. Сонгууль бүрээр программ зохиодог. Тойрог, мандат, нэр дэвшигчид тодорхой болсны дараа манай инженерүүд Сонгууль-2020 гэсэн программыг зохионо. Гаднаас ямар нэгэн тусламж авдаггүй. Үүнийг тагнуулийн байгууллагаас гарсан хамтарсан Ажлын хэсэг хянаж байдаг.  

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хот хөдөөгийн ялгаа их байна. Нутагтаа амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдруулахын тулд төсөв хэрэгтэй. Энэ мэт олон зүйлийг тооцож мандатын тоог тогтоох хэрэгтэй. Хоёр дахин илүү хэрүүл хийж байж арай илүү хөрөнгө оруулалт авахыг зорьж явна. Мандатын тоогоо яг бичсэн шигээ хуваарилахгүй бол болохгүй. Үеийн үед явж ирсэн өнцгөөр хандаж, мандатыг тоог хуваарилдаг зарчмаа болих хэрэгтэй. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Чухал санал хөндөж байна. Гэхдээ сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаална. Цаашид жижиг 76-аараа байна гэвэл хүн амынхаа тооноос хамаарч мандат хуваарилна. Жишээ нь, Говь-Алтай аймаг 37910, Булган 41000, Хэнтий 50000 сонгогчтой. Тэгсэн хэрнээ мандатын тоо нь харьцангуй. Нэг гишүүн хэдэн хүнийг төлөөлөх вэ гээд судалж үзсэн. Манай улс нэг гишүүнд 28-30 мянган сонгогч оногдож байна. Гэхдээ энэ тоо нэмэгдэж байна. Хүн амынхаа тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарна. Ийм тогтолцоонд шилжих шаардлага байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Тацаасан дээрх хуулиа л хамгаалах гээд байна. Орон нутагт санхүүгийн эрх мэдэл алга, зөв үү. Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь хангалттай өгвөл хэдэн мандаттай байх нь хамаагүй. Гэтэл өнөөдрийн тогтолцоо чинь бүх асуудлыг энэ танхимд л шийдэж байна шүү дээ. Энэ зарчмыг бид Үндсэн хуулиараа өөрчилж чадаагүй. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Улаанбаатарт хүн амын 50 хувь нь амьдардаг. Хүн амынх нь тоогоор бол 76 гишүүний 38 нь хотоос сонгогдох ёстой. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд нутгийн удирдлагатай холбоотой зүйлийг хийж өгсөн. Дархан-Уул аймаг зэрэг хэд, хэдэн аймаг хотын статустай болно. Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндэс гээд тодорхой зарчим тавьсан. Удахгүй хэрэгжиж эхэлнэ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Санал хаягдахгүй, савлагаанд өртөхгүй байх нь зөв юм. Эмэгтэйчүүдийн тухайд Л.Энх-Амгалантай санал нийлэхгүй байна. Энэ 20, 30 хувийн квот чинь эмэгтэйчүүдэд хамаагүй байсан юм бол 2016 оны сонгуульд 16 эмэгтэй л нэр дэвшсэн. Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд давамгайлж байгаа шүү. Энд эмэгтэйчүүд хэрэгтэй. Чадварлаг, чадалтай эмэгтэйчүүд орж ирж эх орныхоо төлөө юм хийгээсэй гэж хүсэж байна. Та нар парламентад сонгогдоод гийгүүлсэн зүйл байхгүй шүү. Эмэгтэйчүүдийн квотыг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлгийг гаргах ёстой гэж хүсэж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Улс төрийн 34 нам 100 хувь эмэгтэй хүн нэр дэвшүүлээсэй гэж хүсэж байна. Харин ч 20-иос доошгүй эмэгтэй хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж үүрэг өгч байна гэсэн үг. Улсын хэмжээнд 900 орчим нэр дэвшигч дэвшинэ гэхээр 500 гаруй нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжтой юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохгүй бол улс төрийн акц хийх болно шүү, Л.Энх-Амгалан дарга аа. 

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссан тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудалд байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явууллаа. лмаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 67.5 хувиар дэмжигдлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 


УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top