2019 оны ТРЭНД: Дэлхийг дэлдийлгэсэн ОДДЫН хүүхдүүд

2019 оны 12 сарын 16

Алдарт оддын хүүхдүүд заримдаа эцэг, эхээсээ илүү олны анхаарлыг татах үе бий. Папарацци нар тэдний хойноос ангуучилж, зургийг нь авахыг хичээдэг бол сэтгүүлч нар хувийн амьдралыг нь дэлгэх боломжийг алдахгүй. Зарим од хүүхдийнхээ тухай ярих, гэрэл зургийг нь олон нийтийн сүлжээгээр цацах дуртай бол нэг хэсэг нь хүүхдээ олны хараанаас нуудаг.

Ингээд өнгөрч буй 2019 онд олон нийтийн анхааралд хамгийн их өртсөн оддын хүүхдүүдийн тухай өгүүлье.

Хан хүү Харри, Меган Маркл хоёрын хүү

Меган Маркл, Харри нарын анхны хүүхэд энэ оны тавдугаар сарын 6-нд мэндэлсэн. Төрөөгүй байхаасаа хэвлэл мэдээллээр гарч байсан Арчи хүүг оны хамгийн алдартай хүүхэд гэхэд хилсдэхгүй. Хаан ширээ залгамжлагчийн царайг харах гэж дэлхий нийтээр тэсэн ядан хүлээж байсан ч тэд хоёр хоногийн дараа л хүүхдээ харуулж, нэрийг нь нийтэд дэлгэсэн билээ.  Арчи Харрисон Маунбеттен-Виндзор хэмээх бяцхан хан хүүтэй танилц.

Ирина Шейк, Брэдли Купер нарын охин

Орос модель, америк жүжигчний хоёр настай охин мөн л олны анхаарлыг татсан. Гол нь алдарт хосууд энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа салсан болохоор тэр. Аав, ээжийнхээ хэнтэй үлдэх бол гэж шар хэвлэлүүд хэсэг бичсэн ч Ирина, Брэдли нар элдэв шүүх, зарга гэлгүй хамтдаа охиноо өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцсон. Зав зай муутай ч тэд аав, ээжийнхээ үүргийг сайн биелүүлж байгаа. Өглөө аав нь охиноо салхинд гаргаж, орой ээж нь хамт зугаалж байхыг харж болно. 

Шарлиз Тероны хүүхэд

Шарлиз Терон 2012 онд Өмнөд Африкаас хүүхэд өргөж авсан билээ. Жексон хэмээх энэ хүүхдийг гадуур гарах болгонд папарацци нар шавдаг. Учир нь Жексон эрэгтэй хүүхэд ч байнга эмэгтэй хүүхдийн хувцас өмсдөг. Даашинз, банзалд тун дуртай. Терон “Жексон өөрийгөө охин гэж тооцдог” гэж хэлсэн нь улам их шүүмжлэл амсахад хүргэсэн билээ.

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын охин

Энэхүү алдарт жүжигчдийн бүх хүүхдийг хэвлэлийнхэн сонирхдог. Тэд өөрийн гурав, өргөмөл гурван хүүхэдтэй. “Энэ зууны салалт” гэж нэрлэгдсэн Жоли, Питт нарын салалтын дараа хүүхдүүд улам их анхаарал татах болсон. Гэхдээ хамгийн их хэвлэлээр гардаг нь 13 настай охин Шайло. Зарим хэвлэлд дурдсанаар Шайло эмчилгээ хийлгэж, эрэгтэй болохоор шийдсэн гэнэ. Нэрээ сольж, Жон болсон тухай мэдээ ч гарсан.

Кейт Миддлтон, хан хүү Уильям нарын хүүхдүүд

Зургаан настай ханхүү Жорж, дөрвөн настай гүнж Шарлотта, ой өнгөрч байгаа ханхүү Луи нар Их Британийн ард түмний хайртай хүүхдүүд. Аав, ээж нь ч тэднийхээ зургийг албат олондоо харамгүй харуулдаг.

Алсу, Ян Абрамов нарын охин

Дуучин Алсу, бизнес эрхлэгч Ян Абрамов нарын 11 настай охин Микелла урлагийн замд орохоор шийдсэн нэгэн. Энэ жилийн дөрөвдүгээр сард тэр хүүхдийн "Голос. Дети" дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ. Гэхдээ тэр удаан баярлаагүй. Түүнд ялагдсан хүүхдүүдийн гаргасан гомдлын дагуу шалгалт явуулахад финалын тоглолтын үеэр Микеллад маш олон санал сэжигтэйгээр нэмэгдсэнийг тогтоосон бөгөөд тэрбумтан аав нь нөлөөлсөн гэж олон хүн үзсэн юм. Ингээд түүний цомыг хураан авсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top