Автозамын постуудад 54 албан хаагч ажиллаж байна

2019 оны 12 сарын 19

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх найман автозамын хяналтын цэг дээр нийт 54 албан хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж, нийслэл рүү түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлж байна. Аравдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 262.8 тн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн, хураажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөдөлгөөнт эргүүлийг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдөр автозамын хяналтын цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажиллагсдын хандиваар халуун баригчтай усны сав бэлэглэж халуун хоол, чацаргана, аарц өгч урам өглөө. Нийслэлийн хэмжээнд МХЕГ, НМХГ-ын 600 гаруй албан хаагч 24 цагаар ээлжлэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байгаа юм. 

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top