БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг /2019.12.20/ хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын үеэр дуулгав. Тэрбээр “Монгол, Турк 2 улс бол түүхийн дурсгалаар салшгүй холбоотой улс. Монгол Улсад байдаг түүх, соёлын дурсгалуудаа Туркчууд үзэх сонирхолтой байдаг. Энэ ч үүднээс Түрэгийн үеийн дурсгал бүхий газруудад хөрөнгө оруулалт хийж, музей байгуулахаас эхлээд бидэнтэй аялал жуулчлалын салбарт нягт хамтарч ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсонд баяртай байна” хэмээсэн юм.
Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал Монгол, Турк улсын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Таны урилгыг хүлээн авч БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой ирэх гуравдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсныг дуулгахад таатай байна. Монгол, Турк улсын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ шатанд гарч байна. “Туркиш эйрлайнс” компани 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улс руу шууд нислэг хийхээр болсон нь үүний илрэл юм. Долоон жилийн турш дуншсан шууд нислэгийн асуудлыг шийдэхэд хүчин чармайлт гарган ажилласан танд талархал илэрхийлье” гэв.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )