Булган аймгийн нутагт Бүрэнгийн нурууны баруун хэсэгт орших, Сэлэнгэ мөрний ай савын ус хагалбар уулсын нэг Хан жаргалантын нурууны өвөрмөц тогтоц, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор 2003 онд байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтад авчээ. Хан жаргалантын нурууны хамгийн өндөр цэг нь 2069 метр өндөрт орших Шарилт уул юм.
Уулын ар хажуу нийтдээ шинэс зонхилсон ой модоор бүрхэгдэж, зарим уулын оройд хус, улиас нэлээд холилдож ирнэ. Уулын ойн бараан хөрс голлож, ар хажуугийн дээд хэсэгт уулын тайгын ширэгт хөрс, доод бэл хормойгоор нь уулын нугат ойн хөрс багагүй тохиолдоно. Хан жаргалант нь ой тайгын амьтнаар баялаг бөгөөд энд буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүдэр зэрэг хангайн амьтад бүгд бий. Мөн туурайтан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий. Ургамлын аймгаар харьцангуй баян бөгөөд 30 гаруй төрлийн ховор, нэн ховор эмийн ургамал ургахаас гадна нэрс, үхрийн нүд , хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
давтагдашгүй