ТОЙМ 2019 | Соёл урлагийн салбарын ОНЦЛОХ ЗУРГААН сэдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Монголын хамтлаг анх удаа "Биллбоард"-ыг тэргүүлэв

THE HU хамтлаг өнгөрөгч намар "Биллбоард"-ыг тэргүүлж, "BTS" хамтлагийг ардаа орхисон билээ. Энэ амжилтаа бататгаж дэлхийг байлдан дагуулсаар буй тус хамтлаг нь өнгөрсөн 10 жил нэг хэвд цутгасан мэт байсан рок урсгалыг дахин амь оруулсан гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

"Gereg" цомгоо энэ оны есдүгээр сард АНУ-д нээж, албан ёсоор худалдаанд гаргаснаас хойш хагас сарын дотор энэхүү амжилтад хүрсэн нь Монголчуудын төдийгүй дэлхий дахинаа шуугиан тарьсан үйл явдал байлаа.

Эндээс үзнэ үү

Хойд Америкийн хард-рок урсгалын “Revolver” сэтгүүл The HU хамтлагийг онцолж, оны шилдэг 10 клипийн нэгээр “The Hu” хамтлагийн “Great Chinggis Khaan” клипийг нэрлэжээ.


 

 

Тус хамтлаг өнгөрсөн сарын 27-ны өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнуулсан.  Тухайн үед шагналыг “THE HU” хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авсан билээ. Тэгвэл өнөөдөр /2019.12.29/ "THE HU" хамтлагийнхан Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа албан ёсоор хүлээн авах аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь шагнал гардуулахдаа "Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" гэж байсан билээ.

эндээс үзнэ үү

 

Монгол охин бүжгийн төрлөөр ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА боллоо

Герман улсад энэ сард зохион байгуулагдсан латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэгвэл тус тэмцээнд тэргүүлж, Дэлхийн аварга болсон Германы “Grun Gold” хамтлагт монгол охин бүжиглэж, Дэлхийн аварга болсон юм.

Германы бүжгийн “Grun Gold” хамтлагт бүжиглэдэг Н.Онондарь нь 2018 оны Латин бүжгийн ДАШТ-д түрүүлж, Латин бүжгийн формэйшн төрөлд хамтлагаараа дэлхийн аварга болж байсан ба Германы “Grun Gold”хамтлагийн нүүр царай болсон бүжигчин юм. Н.Онондарь өдгөө Германы Бремен хотод амьдардаг ба Монгол төдийгүй дэлхийн олон мянган залууст үлгэр дуурайлал болдог тэрбээр Германд Спортын сэтгэл судлал мэргэжлээр сурдаг билээ. Ийнхүү бүжгийн төрөлд Дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөсөн Н.Онондарийг энэ оны онцлох хүнээр тодруулж байна

Эндээс үзнэ үү

Үүний зэрэгцээ тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон “Moon dance” хамтлаг гурав дахь удаагаа шигшээд шалгаран зургаадугаар байр эзлэн, “Оддын бүжиг” хамтлаг долоодугаарт шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцон, ийнхүү тэргүүн шагнал хүртсэн юм.

Эндээс үзнэ үү

 

"НордАрт"-ын дээд шагналын эзнээр уран бүтээлч А.Очирболд тодорчээ

Герман улсын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх зохион байгуулагдав. Есдүгээр сарын 21-ний өдрийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчдийн бүтээл өрсөлдсөн юм.

Монгол Улсаас оролцсон уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019” шагналын эзнээр тодорсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

“НордАрт 2019” дээд шагналыг "НордАрт" 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 евроны мөнгөн шагнал дагалдсан бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургаадугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох аж.

Эндээс үзнэ үү

 

"Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулаа

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран "Хөмөргөн гурвалжин" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ сарын 12-ны өдөр "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулсан билээ.

“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг бөгөөд 50 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй. Тус бүжгэн жүжгийг “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургаас сэдэвлэн цомнолыг бичсэнээрээ онцлог бөгөөд МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна. 

Эндээс үзнэ үү

 


“ХАРАНГА” хамтлаг 30 жилийнхээ ойд зориулж “Замд гаръя” тоглолтоо хийв

Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн үндсийг тавьсан “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-д дассан хүмүүст сонгодог рок үгүйлэгдэж, мөнхүү хэрэгцээнд тэнцсэн хамтлаг гарч ирсэн нь “Харанга” гэж хөгжим сонирхогчид дуу нэгтэй хэлдэг. 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдсан цагаасаа хойш Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн хүчирхэг өнгө аясаа тунхаглаж чадсан “Харанга” хамтлаг энэ жил 30 жилийн ойтойгоо золгож мянган мянган фендээ зориулж “Замд гаръя” тоглолтоо хийсэн юм. Энэ тухай мэдээллийг та бүхэнд цаг тухайд хүргэж байсан билээ.

эндээс үзнэ үү

Тэгвэл 30 жилийн ойгоороо  “Харанга”-ынхан хамтлагаараа ГАВЬЯАТ болсон нь энэ жилийн онцлох үйл явдал яах аргагүй мөн юм. Тус хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж урлагт зориулсан нөр их хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлсэнд ард түмэн уухайлан баярлан, хүлээж авсан билээ.

Эндээс үзнэ үү

Шинэ он солигдох гэж буй торгон агшинд тохиосон онцлох үйл явдал ч мөн "Харанга" хамтлагтай холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2019.12.29/ “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоороо Төрийн соёрхол хүртэж, Монголын рок поп хөгжмийн урсгалд дахин давтагдашгүй дуу хоолой, өнгө нь болж гялалзаж явсан он жилүүдээ ийнхүү дахин тунхаглалаа. Тус хамтлаг 10 жилийн дараа 40 жилийн ойн тоглолтоо нүсэр тэмдэглэж, үнэнч шүтэн бишрэгчдэдээ мөнхийн уран бүтээлээ өргөн барьсаар байх болно гэдгээ ч илэрхийлсэн юм.

эндээс үзнэ үү

Мөн түүнчлэн МУГЖ Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо арваннэгдүгээр сарын 08-нд “Буянт-Ухаа”спортын ордонд хийсэн нь энэ оны дуулиант үдэш байлаа. “Тэнгэр шиг бай” тоглолт нь үндсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд гурван цаг хугацааны илэрхийлэлтэй, бүтэн гурван цагийн тоглолт болсон төдийгүй цаг үеийн шилдэг гэсэн уран бүтээлчид ая дуугаа өргөсөн нь энэ оны онцлох үйл явдал байлаа.

 

Жүжигчин Р.Анхнямын тоглосон кино Хятадыг байлдан дагуулж байна

Дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Р.Анхнямын тоглосон "Чонон сүлд" уран сайхны кино дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан цаг саяхан. Тэгвэл энэ удаа түүний тоглосон "Song оf love" буюу "Хайрын дуу" хэмээх шинэ кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Бээжин хот дахь Хятадын Засгийн газрын ордонд киноны нээлт болжээ. Нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогынхоо талыг хэдийн олсон тус киноны Дүгиймаа хэмээх эмэгтэйн дүрийг жүжигчин Р.Анхням бүтээсэн юм.

Эндээс үзнэ үү

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.219.209) 2019 оны 12 сарын 31

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top