Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн үндсийг тавьсан “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-д дассан хүмүүст сонгодог рок үгүйлэгдэж, мөнхүү хэрэгцээнд тэнцсэн хамтлаг гарч ирсэн нь “Харанга” гэж хөгжим сонирхогчид дуу нэгтэй хэлдэг. 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдсан цагаасаа хойш Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн хүчирхэг өнгө аясаа тунхаглаж чадсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойтойгоо золголоо. “Харанга”-ын түүх бол Монголын рок балладуудын түүх юм. Тиймээс ч өнгөрөгч амралтын өдрүүдийг дамнан нүргэлсэн нүсэр шоу тоглолтыг “Харанга” хамтлаг болон Монголын рок попын одод хамтран зохион байгуулав.
“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо “Замд гаръя” хэмээн нэрийдсэн. “Харанга” цуцах болоогүй, уран бүтээлийн дараагийн шатны эрэл хайгуулын замдаа гарч байгаагаа уг тоглолтоороо тунхаглалаа. Тиймээс ч “Харанга”-ын 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тэдний 35, 40 жилийн ойн тоглолт хүртэлх үзэгчдийн хүлээлтийг бий болгож чадсан юм. “Уран бүтээлийнх нь замнал манай үндэсний рок хөгжмийн түүх хийгээд бахархал болсон агуу хамтлаг өөрийгөө ахин сануулж, ахин батлан харууллаа” хэмээн тоглолтын сэтгэгдлээ зохиолч Г.Аюурзана хуваалцсан байсан нь оночтой тодорхойлолт болсон мэт.
Үнэхээр “Замд гаръя” тоглолт хүндэтгэлийн нүсэр шоу болсон. 16:00 цагаас эхлэн рок попын одод “Харанга”-ын 30 жилд зориулж баяр хүргэж, шилдэг уран бүтээлүүдээ ээлжээр хүргэж, “Буянт-Ухаа” спорт ордныг дүүргэсэн үзэгчдэд бэлэг барьсан. “Fire”, “Нисванис”-аас эхлээд 28 жилийн түүхтэй “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтод ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Хамтлаг, дуучин бүрийг үзэгчид уухайлан урамшуулж, дахин дуулуулахыг хүсэж байлаа. Ингээд хүсэн хүлээсэн цаг ирж, “Харанга” хамтлаг 2019 оны аравдугаар сарын 19-ний 19 цаг 19 минутад тайзнаа гарч ирэх мөчид үзэгчдийн сэтгэл хөөрөл хэдийн дээд цэгтээ хүрсэн байв. “Харанга”-ын Б.Чулуунбат хэлэхдээ “Харангын фенүүд гэвэл өвөө, эмээ нар байгаа. Тэдний хүүхдүүд байгаа. Мөн хүүхдүүдийн хүүхдүүд байгаа” гэсэн юм. Үнэхээр тоглолтын танхимыг гурван үеийн төлөөлөл дүүргэсэн байлаа. Үзэгчид “Харанга”-ыг тайзнаа гарч ирэхэд утасныхаа гэрлийг асааж, тэднийг оддын чөлөөнд байгаа мэтээр угтаж авахыг харах сайхан байсан.
Тоглолтын үеэр “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Харанга” байгаа болохоор “Хурд” байгаа гэсэн нь маргашгүй үнэн юм. Тиймээс ч “Замд гаръя” тоглолтын үеэр Монголын рок попынхон “Харанга”-д хүндэтгэл үзүүлж, дууг нь хоршин дуулсан. Зууны манлай страдын дуучин Б.Сарантуяа, С.Наран, “Хурд”-ын Д.Цогоо, “Никитон”-ы Б.Батчулуун, дуучин Ука, “алтернатив” Отгоо, репер G нар монголчуудын хайртай дуунуудыг “Харанга”-ынхантай хоршин дуулсан нь өвөрмөц байлаа. “Зүүд”, “Сүлд”, “Алсын гялбаа” гээд “Харанга”-ын үе үеийн хит дуунуудыг рок попынхон хоршиж дуулсан. Рок попын одод “Манан”-г нэгдэж дуулах мөч энэ тоглолтын оргил байлаа. Дараа нь “Харанга” “Амьдрал”-аа дуулсан.
Ай даа, хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа...
ШИНЭ ДУУ “ОДОД”
“Харанга” хамтлаг 1989 онд анхны тоглолтоо хийж байхдаа үзэгчидтэйгээ хамт дуулдаг дуу бүтээхийг хүссэн байдаг. Тиймээс ч алдар хүндтэй олон яруу найрагчийн шүлгээр сайхан уран бүтээлүүд хийсэн байна. Тухайлбал, Дорнын их яруу найрагч Б.Явуухуланаас эхлээд Л.Балхжав, С.Оюун, З.Түмэнжаргал, О.Дашбалбарын үгсээр дуу бүтээжээ.
“Замд гаръя” тоглолтын үеэр О.Дашбалбар агсны “Амьдадаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” дуу нь эгшиглэсэн. Мөн “Харанга” шинэ дуугаа дуулсан нь яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Цаг хугацаа” шүлгээр хийгдсэн “Одод” дуу байв. Тоглолтын үеэр хэлсэн мэдээллээс үзэхэд харанга шинэ дуунуудаа бичүүлээд эхэлсэн бөгөөд яруу найрагч Г.Аюурзанын шүлгээр бүтээсэн дуу ч багтсан гэнэ.
“Одод”
Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй
Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан
Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй
ЛХАГВААГИЙН “СЮРПРИЗ”
Амьд хөгжмийн тоглолт зохион байгуулна гэдэг амаргүй. Хөгжим, техникийн асуудал үүснэ. “Харанга”-ын тоглолт ч үүний дэргэдүүр өнгөрөөгүй. “Замд гаръя” тоглолт гитарын хэлбэртэй тайз, асар том лед дэлгэцтэй байснаараа “Буянт-Ухаа” спортын ордныг танигдахааргүй болгож байсан ч техникийн талын асуудал бага сага үүсч байлаа. Тиймдээ ч хамтлагийнхан багахан бухимдаж байгаа харагдсан. Ялангуяа дуучин Х.Лхагвасүрэн бухимдахдаа тайзан дээр тамхи татаад авсан шүү. Гэхдээ тэр үзэгчдийнхээ өмнө хийсэн эл үйлдлээ тайлбарласан.
Тэрбээр “Би өнөөдөр тамхийг хаяхаар шийдлээ. Би наян хэдэн онд “Марлборо”-гийн зургийг гаран дээрээ наадаг байсан. Харин одоо хаяж байна. Би “Харанга”-ын 40 жилийн ойн тоглолтыг хийхийн тулд үүнийг орхилоо. Намайг дэмжиж залуучууд энэ зүйлийг орхиорой” хэмээсэн юм. Хайртай дуучныхаа эл мэдэгдэлд фенүүд нь алга ташин баяр хүргэсэн бол бяцхан хүү нь цэцэг барьсаар гарч ирсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явц байлаа.
“Харанга”, “Харанга”-ын эрчүүд. Гал цогтой, гайхам хоолойтой, авьяастай, адармаатай, бардам хэвээр. Тавь гарсан эрчүүдийн нөхөрлөл, хөгжим, хөг эгшиг нэг ч тасралгүй, 30 жил хөвөрчээ. “Алдрын од”-той агуу “Харанга”-ын залуус аанай л хэвээрээ. Ая дуу мөнхөд дуурсана... Баярлалаа “Харанга”.
Гэрэл зургийг Д.Өлзий-Орших
Сэтгэгдэл ( 10 )
Харанга та бvхэн 30 жилд ..38 н л дуу бvтээж..Та нар 4 н СД гаргажээ...1 СД н..Найрууллага аа оорчилсон..дахин гаргасан бvтээл...10 жилд .12.5 дуу бичиж...Яахавдээ жилд хувааж vзвэл ..1 жилд...1 л дуу..гэхдээ гаргасан бvгд амжилт болоогуй дуунууд бжээ...Энэ байдалийг харахаар.. Нээх мундаг ажиллаагуйнээ...Дэндvv залхуурсан 30 жил байжуу ..Их нvсэр тээртэй сонсогдох дуу байх юм...Ойн тоглолт л юмдаа..хvмvvc ч сvvлдээ залхаж.байсан.гараад явцгааж бсан..Хvсэн очисон сэтгэлд хvрээгvй...Найрууллага.зохион байгуулалт маш муу бсан шvv...Aa 1 caнal ..Шинэ жилиин баярт уригдаж ирэхдээ Толин хулаа битгии дуулж байлдаа..Ах нар жоохон доожоогv й байсан шvv... Aaйdaa xvний амьдрал гэж...Лvд юмдаа...
Өлзийтөгсийн энэ шүлэг ямар гоё... Ямаршуу дуу болгосон бол доо харамлаад байх юм хэхэ
Бахархахгүй, бишрэхгүй байхын аргагүй домогт хамтлаг гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Харангын залуусыг өвгөчүүл гээд байгаа хүмүүс тэдэнтэй өөрсдийгөө нэг харьцуулаад хараасай, хэнд ч танигдаагүй унжийсан нөхдүүд байгаа л даа мэдээж. Харангадаа амжилт! Замд гарья тоглолт бут авсаа.
mundag
aguu aguu gehees oor yu helhev , hoorhiido muu Chuka mini aguu shar ovgon boljee gej
Zihioliin duuchid 3 honog.3 sar duulaad STA boldog.30 jil duulj.hegjimdej bga Odsuren Purevdorj nariig Gaviyatad davalgaalay.Zaaval gaviyagii n duudah estoi shu
РОЛЛИНГ СТОУНЗ АЛЛА ГЭЭД Л БАРАГ 70 ХҮРЧ БАЙГАА ОДУУД БАЙНА.ЯАХААРАА 60-ТАЙ ХҮН ХӨГШИН БОЛДОГ ЮМ.
ХАНГАЛЫН ХҮҮ НАС БАРСНААС. ХОЙШ ХАРАНГА ХАМТЛАГ НАМ ЗОГССОНДОО ОДОО ЭЭЖ НЬ УОСЫН ГАВТЯАТ ЖҮЖИГЧИН ЯГААНЦЭЦЭГ ҮНЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
60-70 нас хүрэх гэж байгаа навсайсан хэдэн өвгөн бас ямар хайгуулын замдаа гарлаа гэчихэв ээ.1989 онд концертыг нь үзэж байхад дуулж байсан хэдэн дуунаас өөр юу ч хийгээгүй л хөгшид шүү дээ
ЮУН 50 НАС ВЭ? ЛХАГВААГААС БУСАД НЬ 60 ГАРСАН ШҮҮ ДЭЭ. БИШРЭХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ. НАС БОЛ ЗҮГЭЭР ТОО ЮМ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ДАА АХ НАР...