Монголын рок поп урлагийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” цогцолборт “Замд гарья” тоглолтоо хийхээр товлосон тус хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн “Сэнгэраги арт галлерей”-д өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийлээ.
Дүрслэх урлаг болон гэрэл сүүдрийн урлаг фото зурагчид найз нөхдөөс нь өвөрмөц нэгэн бэлэг барьж, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан билээ. Зураач Д.Батбилэг, Т.Найманчулуун, А.Тайванболд, С.Чулуунбаатар, Б.Отгонтүвдэн, А.Өлзийжавхлан, Д.Бат-Орших, Л.Амарсанаа, М.Болортуяа, Г.Сэр-Од, Б.Мөнхзул МУСГЗ Фото зурагчин С.Цацралт нарын уран бүтээлүүдийг дэлгэж, “Харанга”-ын 30 жилийн хугацаанд тоглолт, клипэндээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, түүхэн гэрэл зураг тавигдсан байв.
Үзэсгэлэнд рок попын одод ирж, хамтлагийн гишүүдэд баяр хүргэж байлаа. Тэдний дунд зууны манлай дуучин Б.Сарантуяа, поп дива Ж.Алтанцэцэг, гитарчин Д.Өлзий-Орших, альтернатив дуучин Отгоо буюу Х.Отгончимэг, “рок мангас” Р.Мөнхсайхан нар өөрийн өвөрмөц төрхөөрөө олны харааг булааж байлаа. Мэдээж тэр өдрийн тод одод бол “Харанга-чууд байсан юм. Савхин хүрэм, метал тоног бүхий кобей гутлаар гангардаг тэд үзэсгэлэнгийн үеэр пиджак голдуу өмсөж, даруухан хувцасласан байлаа. Харин тэдний гангараа түүхийн гэрч болж галерейн хананд өлгөөтэй байв. “Харанга” хамтлагийн 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтод өмсөж байсан савхин хүрэм, хантааз, бөмбөр, гарын бугуйвч, 1989 оны “Амьдрал” концертын хувцас гээд тус хамтлагийн түүхийг хүүрнэн өгүүлэх эд зүйлсээс эрч хүч, хөлс хөдөлмөр, дуу хуур ханхийнэ. Сувдан шигтгээтэй, түрийтэй гоёмсог гутлаараа Ц.Чулуунбат бахархаж, “Богдын хатан, Харангын Чука хоёр сувдан гуталтай” хэмээн хошигнов. Түүний зургууд том цагаан шүдээрээ гэгээ татуулан, инээд цацруулсан, хөргүүд байх ба хамтлагийн хамгийн яриа, нээлттэй, хөгжилтэй нь болов уу гэмээр түүний зургуудыг хөнгөн, гэрэлтэй өнгөөр буджээ.
Тус үзэсгэлэнг анхлан зохион байгуулж буй Соёлын Гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр “Хоёр жилийн өмнө зураачид урлагийн уран бүтээлчдийг зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж байсан. Зураачид бол маш хөгжимлөг хүмүүс. Байнга л хөгжим сонсдог. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дотор “Харанга”-ын уран бүтээлчдийг зурсан зураг их байсан учраас энэхүү үзэсгэлэнг гаргахаар анх ярилцсан. Рок попын амин зүрх , бэлгэ тэмдэг болсон “Харанга”-ын баяр бол монголын ард түмний баяр” гэлээ.
Цамнасан бөөгийн онгодтой цацаатай дуучны хөрөг
Үзэсгэлэнг нэгэнтээ гороолоход хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн зургийг зураачид голдуу амилуулсан харагдана. Лхагвасүрэнгийн өвөрмөц гадаад төрх, урт хар савхи, өөрт нь зохисон буржгар үс, хүзүүний эрхи, гархи сэлт, дуун цацруулагчаасаа намируулсан өнгө, өнгийн хадаг нийлээд нэгэн бүхэл онгодлог төрхийг бүрдүүлэх бөгөөд зураг бүхнээс нь түүний дуу хоолой сонсогдох шиг. Уран бүтээлч сэтгэлгээ, урлан бүтээхүйн сэтгэлийг бүтэ элийнхээ зураас, татлага, эд эс бүхэнд шингээсэн нэгэн бүтээлийн өмнө удтал зогсов. Бүр алмайран хөшив. Энэ бол зураач Д.Батбилэгийн “Космос рок” бүтээл. Энэ зургийн мөн чанар агуулга Х.Лхагваа гэхээс илүүтэй Монгол рок-Дорнын рок гэж юу болохыг илэрхийлэхийг зорьсон. Хурдан морины төвөргөөн, хуурын чавхдасны хэмнэлийг Монголчуудын хөх толбоны нэгэн адил генийн сан, удамшилд нь хэзээ ч арилшгүйгээр үлдээсэн өгөгдөлт хишиг гэж би хувьдаа ойлгодог юм. Дөрвөн цагийн эрс тэс уур амьсгалтай болоод ч тэр үү, монгол хүн өлчир чийрэг, зоримог, шийдэмгий, тэсвэр тэвчээртэй. Гаслам халуун ган гачиг, тэсгим хүйтэн зуд турхан гээд амьдрал нь тэр чигээрээ рок хэмнэлтэй, аялгуу нь сансар орчлон, галактикаас өгөгдөлтэй байдаг юм шиг. Үүнийг л дүрсэлж илэрхийлэхийг хичээсэн. Зургаа нарны гэрэлд зурж дуусгасан. Учир нь Монгол аялгууг өнгөөр дүрсэлж буулгахад зөвхөн нарны гэрэлд л боломж харагддаг” хэмээн зураач хэлсэн байдаг.
Бүтээлийнхээ санааг тэрбээр олон жилийн өмнөөс бодсон ч гүйцэтгэлээ дөрвөн сар хүрэхгүй хугацаанд дуусгажээ. Түүнийг дээрээс өгөгдөж буй аялгуу эгшгийн элч, азарган чоно хөлөглөсөн, омог бардам Монгол эр хүний хийморь, байлдан дагууллын бэлгэ тэмдэг хар сүлд, ялалтын уухайтай эрч хүч, зөн билгийн илэрхийлэл болгон зуржээ. Тухайлбал, түүний үсийг нь сайн ажиглахад Монгол төрийн хар сүлдийг олж харах болно. Дуучны гарын алганаас билгийн нүд ширтэх ба гарын хөдөлгөөнөөр бүхнийг тольдон нэвт унших мэт санагдана.
“Космос рок”-ын увдис хүчнээс арайхийн ангижирч, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хэлсэн үгэнд анхаарал хандуулав. “Харанга”-аар дамжиж 1990-ээд оны шинэчлэл бий болсон. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчид бол миний л бичсэнийг тоглох учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин тэд өөрсдийнхөө хүссэнийг зохиогоод илэрхийлээд гаргаж байгаа учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн хүмүүс. Тиймээс “Харанга” бол монголчуудын эрх чөлөөний дуудлага юм. “Харанга”-ын өмсөж байсан хувцас дэлхийн попын хаан Майкл Жексоны хувцас хэдэн зун сая долларт хүрсэн шиг магадгүй 100 жилийн дараа хэдэн сая доллар ч хүрээ билээ. Рокууд уран бүтээлээрээ, стилиэрээ нийгэмд байлдан дагуулж чаддаг” гэлээ. Үнэхээр ч тэд энэ удаагийн үзэсгэлэнгээрээ өөрсдийн хадгалж буй зүйлээ нэгтгэн хүмүүст сонирхуулж байгаа бөгөөд зарим нь он цагийн эрхээр гээгдэж алга болжээ. Хамтлагийн үзэсгэлэнд тэдний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн 60 орчим хувийг дэлгэсэн байна. Цаашдаа “Харанга” хамтлагийн музей байгуулах бодолтой байгаагаа ч илэрхийлэв.
Тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Бид хар багаасаа сэтгэл зүрх, хүсэл зорилгоо нэгтгээд 30 жилийг ардаа үдсэн нь дан уран бүтээл гэхээсээ илүүтэй эв нэгдлийн баяр юм шүү. Монголчууд минь эвтэй, эетэй байж, улс орноо хөгжүүлэхийг хүсэж байна” гэв. Нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө үнэнч, хамтлагийнхаа хамгийн урт үстэй тэрбээр 1986 оноос хойш урт үсээр гоёж байгаа ажээ. Урт үс гэдэг ширхэг бүртээ тэнгэрээс эрчим долгионыг хүлээн авагч мэт. Магадгүй тэд ард түмнийг байлдан дагуулсан эрч хүчтэй аялгуу дуугаа тэнгэрээс сонсдог биз ээ. Түүнийг гитаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гитараа эгшиглүүлж буй эгшиглэнт зургууд хананд өлгөгджээ. Маш олон гитарын цуглуулгатай тэрбээр нэг гараар эдэлсэн гитарын хөг, дуугаралт эвдэрдэггүй, элэгдэх тусмаа үнэ цэнэ нь өсдөг гэж хэлсэн юм.
Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Харанга” хамтлагийн 30 жил болж байгаа ч хамтлагийн гишүүд хувь хүнийхээ хувьд 40-50 жилийг урлагт зориулсан. Тэд бүгд хөгжмөө зохионо, шүлгээ бичнэ, дуулна, хөгжмийн найруулгаа хийнэ. Ийм чадварлаг хамтлаг ховор шүү” гэсэн бол “Сэнгэраги арт галлерей”-н захирал С.Чулуунбаатар “Энэ үзэсгэлэнд манай уран бүтээлчдээс 10 гаруй зураач оролцсон. Уран зураг гэдэг цаг хугацаа их шаарддаг. Дараа дараагийн үзэсгэлэнд олон зураач оролцох байх аа. “Харанга” хамтлаг өөрөө дүрслэх урлагийн бүтээл юм аа” гэлээ.
Мөн үзэсгэлэнгийн үеэр тэдний зурагтай мэндчилгээ, наалт, түлхүүрийн оосор зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байсан нь эрэлт ихтэй байв. Энэ сарын 19-ний өдөр болох тоглолтын бэлэг дурсгалын зүйлсийн дээжийг “Монгифт” компанийн захирал н.Эсмэдэх хамтлагийн гишүүдэд гардуулсан юм. урлаг соёлынхныг цуглуулж чадсан хүчирхэг хамтлагийн үзэсгэлэн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа.
“Алс хол хүний нутагт
Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэгстэй хамт
Талибуун нутагтайгаа зүүдэллээ” хэмээн / “Манан”/ дуучин Г.Тэнүүн дуулсан нь гэнэтийн бэлэг болж ,олны таашаалыг хүртсэн юм.
Бөмбөрчин Пүүжээгийн дотоод нүргээн
Хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн зургийг зурсан зураач Б.Отгонтүвдэн “Энэ бүтээл бол Лхагвасүрэн ахыг 2014 онд Санкт-Петербург ирэхэд нь авсан гэрэл зургаас харж зурсан зураг. Лхагвасүрэн ахтай яриад суухад сайхан энергитэй. Тэр энергийг нь гаргахыг зорьсон” гэсэн бол хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн хөргийг зурсан зураач М.Болортуяа. “Бөмбөрчин Пүүжээ ах бол хамтлагийнхаа цохилох зүрх нь юм. Хөрөг зургаа зурахын өмнө Пүүжээ ахтайгаа уулзаж, ярилцаад дотоод ертөнцийг нь мэдрэхийг хичээсэн.. Бөмбөр хөгжмийн чимээ, аялгуугүйгээр “Харанга” хамтлагийг төсөөлөхөд бэрх шүү дээ” гэсэн юм. Бөмбөрийн цохиураа атган, хоёр гараа алдлан, тэнгэр өөд ширтсэн байгаа нь уран бүтээлч хүний оргил үе буюу хөгжмийнхөө хэмнэлд бүрэн уусан алдарсан агшин ажуу. Түүний тэргүүн дээр чонын гал цогтой нүд гялалзан байх ба түм буман од бөмбөрийн нүргээн, цохиурын цохилгоос нь очис адил үсчин туйлын туяа татуулжээ.
Харангыг бүрдүүлэгч билиг зөн, бэлгэ тэмдэг, билэг ухаан
Зураач А.Өлзийжавхлангийн бүтээл өвөрмөц содон агаад хийсвэр сэтгэлгээний өгүүлэмж, билиг зөн, бэлгэ тэмдэг, билэг ухааныг агуулсан ажээ. Хар, цагаан сүлдний тэрсэлдээн хийгээд хар, цагаан шувуудын хашхираан, үнэнчийн бэлгэдэл болсон монгол банхар, хийморь сүлдийг оршоосон хурдан морь хамтлагийн дотоод анир, байж ядсан тэмүүлэл, багтаж ядсан эрч хүчийг илтгэнэ. Түүний зургийн гол дүр бол бөмбөрчин Н.Пүрэвдаш байсан юм. Бөмбөр гэдэг зүрх чичиргэм, цус буцалгам, омогшил асаам сүрт хэмнэлтэй хөгжим.Бөмбөрчин Пүүжээ ахыг эмэгтэй зураачид ихээхэн таалдаг нь бөмбөр хөгжим болон түүний хэмнэлдээ бүрэн уусдаг чадварт буй биз ээ.
Танхимын голд хамтлагийн бэлгэ тэмдэг болсон “Харанга” 1989-2019 гэсэн улаан дардастай харангыг хүндэтгэн байрлуулсан нь энэ үзэсгэлэнгийн утга учир нь байлаа. Харангаа дэлдэн хамгийг хураадаг хаан дээдсийн улбаагаар өдгөө “Харанга” хамтлаг харангаа дэлдэн хамгийг хураасаар “Хар сүлднийхээ дор” 30 жилийг ардаа үджээ. Олны нүдийг хариулан байж харангыг зөөлхөн тоншчихоод “Сэнгэраги арт галлерей”-аас гараад алхаж байхад
“...Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь..”./”Манан”/ дууны аялгуу сэтгэлд эгшиглэсээр байлаа. “Харанга” хамтлагийн дуунаас ухаарал, уужрал авч амьдралаа өөрчилсөн олон хүн байдаг. Та амьдралынхаа нэгэн хуудсыг “Харанга” шиг эрч хүчтэй, эв нэгдэлтэй, хүчирхэг бас хөгжимлөг өнгөрүүлэхийг хүсвэл “Сэнгэраги арт галлерей”-г зориорой. Тэд таныг хөглөнө.
Сэтгэгдэл ( 4 )
Har tamhi Jin genguut durgui hurchihsen
Amjilt zaluustaa
Harangiin 30 jiliin nevtruuleg zuragtaar garch baihiig harhad Chuka gantsaaraa yariad busdiigaa yaruilahgui mash deerelhuu tenegduu n haragdaj bnlee
моголд жинхэнэ харанга болсон хамтлаг та нарт улам амжилт хүсе