Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “ХАРАНГА 30 ЖИЛ –ЗАМД ГАРЪЯ” бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ. Тус тоглолт нь ирэх аравдугаар сарын 19-нд 15:00 цагаас “Буянт-Ухаа” ордонд эхлэх юм байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Скин” энтертайнмент ажиллаж байна.
“Энэ бол дурлал биш”, “Энх Тайван”, “Манан”, “Зөвхөн Монголдоо”, “Зүүдэндээ би”, “Сүүлчийн шөнө”, “Он жилүүд”, “Эргэх учрал”, “Амьдрал”, “Бодлын Тэнгис” нэртэй олон арван дуугаараа Монголын орчин цагийн хөгжмийн амьд түүх болсон “Харанга” хамтлаг удахгүй болох тоглолтынхоо талаар өнөөдөр /2019.09.23/ мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд тус хамтлагийн гишүүд болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ирсэн байлаа.
Дэлхий дахины хөгжмийн түүхэнд нэгэн үеийг ноёрхож байсан пянз хөгжим өнөө цагт эргэн ирж, пянз сонирхогч олон болсон учраас тэд “Volume 1” нэртэй найман дуутай пянз гаргахаар болжээ
Тус хамтлагийн хамгийн анхны тоглолтыг дэмжиж, ивээн тэтгэж байсан МУСГЗ С.Цогтбаяр, “Би бол “Харанга” хамтлагийн найз нөхөд гэхээсээ илүү хэдэн сая фенийх нь нэг юм. Анхны бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ 30 жил туурвиж яваа хамтлаг Монголд байтугай дэлхийд ховор шүү. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, видео клипийг “Харанга” хамтлаг гаргаж байлаа.Амьд домог болсон энэ хамтлагийн дууны хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанар нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. “Харангын фенүүдийн дунд ийм яриа байдаг. “Харанга бол Монголын Битллз юм байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь Өө, үгүй дээ Битллз бол Английн Харанга байхгүй юу” гэсэн бол тус хамтлагийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Скин” энтертайнментын Анар “Энэхүү тоглолтын бэлтгэл ажил хагас жилийн өмнө эхэлсэн. Тоглолт дээр “Sound of Mongolia”, “Total music” зэрэг ур чадвартай олон байгууллага хамтарч ажиллан тайз засалт, гэрэл, дуугаралтын гайхамшгийг үзүүлэх болно. 80 гаруй дуу өсгөгч байрлуулсан тул “Буянт-Ухаагийн хаана ч хажууд юм шиг сонсогдоно” гэлээ.
Тоглолтын өдөр хотын төв цэгээс Буян-Ухаа хүртэл үнэгүй автобусаар үйлчилнэ
"Харанга" хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат "Хүмүүсийн санаа зовж байгаа нэг зүйл нь замын түгжрэл, машины зогсоол байдаг. Тэгвэл “Харанга” хамтлагийн зурагтай, логотой нийтийн тээврийн 10 гаруй автобус Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайгаас өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл Буянт-Ухаагийн чиглэлд үйлчилнэ. Сонсогч, үзэгчид маань тоглолтын тасалбараа үзүүлээд автобусандаа үнэгүй сууж болно. Тиймээс тэртээ 90-ээд оноо дурсаад бүгдээрээ замын түгжрэлгүй, уур бухимдалгүй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлье гэж уриалж байна" гэсэн бол хамлтагийн ахлагч Энхманлай “Харанга” хамтлагийнхан тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, 50 дуутай дөрвөн багц цомог сонсогчдын гар дээр очно. Мөн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн цомгоо ирэх сард багтаан худалдаанд гаргах юм. “Цаг хугацаа” нэртэй цомог 80 гаруй хувь хийгдээд бэлэн болсон. Шинэ цомог гарахаар он гараад”Цаг хугацаа” нэртэй шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй эргэж золгоно. Мөн дэлхий дахины хөгжмийн түүхэнд нэгэн үеийг ноёрхож байсан пянз хөгжим өнөө цагт эргэн ирж, пянз сонирхогч олон болсон учраас “Volume 1” нэртэй найман дуутай пянз гаргахаар болсон" гэв.
"Замд гаръя" тоглолтын тасалбар www.ticket.mn хаягаар борлуулж байгаа бөгөөд “Буянт-Ухаа” ордны төв хэсэгт зогсоогоороо үзэхэд 30.000 төгрөг бол, тайзны эсрэг талын жигүүрийн суудал 40.000 төгрөг, тайзны хоёр талын суудал 60.000 төгрөгийн үнэтэй аж.
Дашрамд дуулгахад, тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар зэхсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат болон реалити нэвтрүүлэг аж. “Боловсрол” телевизээр нэвтрүүлгийг хүргэхээр болжээ. 14 хоногийн хугацаатай ТВ шоу ирэх сарын 4-нөөс эхэлж “Боловсрол” телевизээр үдэш бүр гарах тул та бүхэн "Харанга"-тай хамт байгаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Харанга хамтлагынхандаа аз жаргал, сайн сайхан бүхнийг, тоглолтонд нь АМЖИЛТ хүсье. Мундаг зохион байгуулж байгаад баяртай байна. Та бүхэндээ дахин АМЖИЛТ хүсье.