Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “ХАРАНГА 30 ЖИЛ-ЗАМД ГАРЪЯ...” бүрэн хэмжээний тоглолт хийхээр боллоо. Тус тоглолт нь ирэх аравдугаар сарын 19-нд 15 цагт “Буянт-Ухаа” ордонд болох юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Скин” энтертайнмент ажиллаж байна.
“Энэ бол дурлал биш”, “Энх Тайван”, “Манан”, “Зөвхөн Монголдоо”, “Зүүдэндээ би”, “Сүүлчийн шөнө”, “Он жилүүд”, “Эргэх учрал”, “Амьдрал”, “Бодлын Тэнгис” нэртэй олон арван дуугаараа Монголын орчин цагийн хөгжмийн амьд түүх болсон “Харанга” хамтлаг удахгүй болох тоглолтынхоо талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд тус хамтлагийн гишүүд болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ирсэн байлаа.
Тус хамтлагийн хамгийн анхны тоглолтыг дэмжиж, ивээн тэтгэж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр, “Би бол “Харанга” хамтлагийн найз нөхөд гэхээсээ илүү хэдэн мянган фенийх нь нэг юм. Анхны бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ 30 жил туурвиж яваа хамтлаг Монголд байтугай дэлхийд ховор шүү. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, видео клипийг “Харанга” хамтлаг гаргаж байлаа. Амьд домог болсон энэ хамтлагийн дууны хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанар нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Харангын фенүүдийн дунд Харанга бол Монголын Битллз юм байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь Өө, үгүй дээ Битллз бол Английн Харанга байхгүй юу гэсэн яриа байдаг" гэсэн бол хамтлагийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Скин” энтертайнментын Анар “Энэхүү тоглолтын бэлтгэл ажил хагас жилийн өмнө эхэлсэн. Тоглолт дээр “Sound of Mongolia”, “Total music” зэрэг ур чадвартай олон байгууллага хамтарч ажиллан тайз засалт, гэрэл, дуугаралтын гайхамшгийг үзүүлэх болно. 80 гаруй дуу өсгөгч байрлуулсан тул “Буянт-Ухаагийн хаана ч хажууд юм шиг сонсогдоно” гэлээ.
“Харанга” хамтлагийн уран бүтээлийн танилцуулга
“Харанга” хамтлаг 30 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, уралгийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, соёлын тэргүүний ажилтан Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.
Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” - Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла...” тоглолтыг тус тус хийж байв.
“Бид илүү олуулаа энэ үдшийг доргиож өнгөрүүлмээр байна”
Тоглолтын талаар тус хамтлагийн гитарчин, дуучин Ц.Чулуунбаттай ярилцлаа.
-Юуны өмнө 30 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Бидэнтэй 30 жил байсан үнэнч сонсогчдодоо 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ бол бид бүгдийн хамтын баяр юм шүү. Бидний дууг гурван үеэрээ сонсож өссөн хүмүүс олон байдагт баярлаж бахархаж явдаг.
-“Замд гаръя..” тоглолтод ямар, ямар хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөх вэ?
-Энэ удаагийн тоглолтоо ганцхан удаа тоглоно. Урлаг соёлын уран бүтээлээ туурвиж яваа, үе тэнгийнхэн, дүү нартайгаа хамтдаа та бүхний нэгэн үдшийг сэтгэл дүүрэн өнгөрүүлнэ. Монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлаг, дуучид болох “Хурд”, “Нисванис”, Madness”, “Fire, “The lemons”, “A sound”, “Rec on”, “Lumino”, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив дуучин Х.Отгончимэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, реппэр Big Gee зэрэг урлаг соёлын одууд ирж ая дуугаа өргөнө.
-“Харанга” хамтлагийн анхны тоглолтын түүх, дурсамжаасаа хуваалцана уу?
-Хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар 1989 онд анхны тоглолтоо нэрлэсэн. Мөн оны аравдугаар сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт Соёлын Яамны коллегиор орлоо. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч, зохиолчдын эвэлэийн шагналт Э.Оюун, ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байсан Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун "Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгч билээ. Ингэж "Харанга" хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссан. 30 жилийн дараа энэ түүхээ эргэн дурсахад сайхан байна. Ташрамд дуулгахад юм гэдэг учиртай. Манай тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа Анар гэдэг залуу Э.Оюун гуайн ач хүү юм. Өдгөө тэр 30 настай. /инээв/
Хүмүүсийн санаа зовж байгаа нэг зүйл нь замын түгжрэл, машины зогсоол байдаг. Тэгвэл “Харанга” хамтлагийн зурагтай, логотой нийтийн тээврийн 10 гаруй автобус Улаанбаатарын төв цэгээс өдрийн 12 цагаас шөнийн 12 цаг хүртэл Буянт-Ухаагийн чиглэлд үйлчилнэ. Сонсогч, үзэгчид маань тоглолтын тасалбараа үзүүлээд автобусандаа үнэгүй сууж болно.
-“Замд гаръя...” тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдийг ямар ямар гэнэтийн бэлэг хүлээж байгаа вэ?
-Тоглолтын үеэр үзэгчид маань өөрийн тааваараа бүжиглэж дуулж, та бүхэнд бэлдсэн гарын үсэгтэй гитар, бөмбөрийн цохиур, пудволк, малгай,цомог, хувцасны худалдаагаар үйлчлүүлж, чөлөөтэй байх боломжийг бүрдүүлсэн. Мөн манай хамтлагийн түүхэн гэрэл зургийн болон эд зүйлийн үзэсгэлэн гарах учир сонирхож үзэх боломжтой.
-Тоглолт харьцангуй эрт эхлэх юм байна. Замын түгжрэлгүй цагийг бодож тооцоолсон уу?
-Хүмүүсийн санаа зовж байгаа нэг зүйл нь замын түгжрэл, машины зогсоол байдаг. Тэгвэл “Харанга” хамтлагийн зурагтай, логотой нийтийн тээврийн 10 гаруй автобус Улаанбаатарын төв цэгээс өдрийн 12 цагаас шөнийн 12 цаг хүртэл Буянт-Ухаагийн чиглэлд үйлчилнэ. Сонсогч, үзэгчид маань тоглолтын тасалбараа үзүүлээд автобусандаа үнэгүй сууж болно. Тиймээс тэртээ 90-ээд оноо дурсаад бүгдээрээ замын түгжрэлгүй, уур бухимдалгүй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлье гэж уриалж байна.
-“Харанга” хамтлагийн нэгэн цаг үе төдийгүй шинэ мянганд ч дуулагдсаар байгаа сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудтай цомог өдгөө нүдний гэм болжээ. Хуучин цомгуудаа дахин хэвлүүлэх үү?
-“Харанга” хамтлагийнхан тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, 50 дуутай дөрвөн багц цомог сонсогчдын гар дээр очно. Мөн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн цомгоо ирэх сард багтаан худалдаанд гаргах юм.
-Шинэ цомог ямар нэртэй, хэдэн дуутай байх вэ?
-“Цаг хугацаа” нэртэй цомгийн 80 гаруй хувь нь хийгдээд бэлэн болсон. Шинэ цомог гарахаар он гараад ”Цаг хугацаа” нэртэй шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй эргэж золгоно. Мөн дэлхий дахины хөгжмийн түүхэнд нэгэн үеийг ноёрхож байсан пянз хөгжим өнөө цагт эргэн ирж, пянз сонирхогч олон болсон учраас “Volume 1” нэртэй найман дуутай пянз гаргахаар болсон.
-“Харанга” хамтлаг гэхээр савхин хүрэмтэй, урт үстэй ах нар санаанд буудаг. энэ тоглолт дээрээ ямар имиджийг бүрдүүлэх вэ?
-Солонгос улсад 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй хувцас дизайны компанийн Дизайнер н.Ариунболд өнөөдрөөс эхлэн манай хамтлагийн имиджийг бүрдүүлнэ. “Харанга” хамтлагийн дөнгөж эхэлж байсан үеийн гадаад төрхийг орчин үеийнхтай хослуулан онцгой имижийг бүрдүүлэх болно.
-30 жилийн ойдоо зориулж өөр ямар ажил амжуулж байна даа?
-Бид 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар зэхсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлгийг “Боловсрол” телевизээр хүргэх юм. 14 хоногийн хугацаатай ТВ шоу ирэх сарын 4-өөс эхэлж “Боловсрол” телевизээр үдэш бүр гарах тул та бүхэн бидэнтэй цуг байгаарай.
-Тоглолтын тасалбарын талаар мэдээлэл өгнө үү?
-Цаг завгүй хүмүүст зориулж, цагийг хэмнэх үүднээс тоглолтын тасалбарыг www.ticket.mn хаягаар борлуулж байгаа. “Буянт-Ухаа” ордны төв хэсэгт зогсоогоороо үзэхэд 30.000 төгрөг бол, тайзны эсрэг талын жигүүрийн суудал 40.000 төгрөг, тайзны хоёр талын суудал 60.000 төгрөгийн үнэтэй. Тайз урагшаа сунаж үргэлжлэх тул хаана ч суусан та бүхэнтэй бид ойр байх болно. Өнөөдөр 12 цагаас эхлэн тасалбар маань зарагдаад эхэлсэн шүү.
-Тоглолтдоо ямар байгууллагатай хамтран ажиллаж байгаа вэ?
-Ерөнхий зохион байгуулагчаар “Skin” entertainment, Хамтран зохион байгуулагчаар “Bros records Mongolia”, Дэмжигч байгууллагаар “Ирээдүйн сайн сайхны төлөө” уриатай “Energy resource” ХХК, “Хөгжил түгээнэ” уриатай “Петровис” ХХК, “Novotel” зочид буудал, Хамтран ажиллагч байгууллагаар “LED” ХХК, “Total music”, “Fotton garment Mongolia”, “D lights”, “Power tech”, “B sounds”, “Jack pro audio”, “Sound of Mongolia” зэрэг байгууллагадаа хамтлагийнхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
Сонсогч фенүүдийнхээ мэддэг хуучны дуунаасаа дуулахаас гадна шинэ уран бүтээл ганц хоёрыг дуулна. Хамтлагийнхаа 30 жилийн ойг бэлгэдээд тоглолт дээрээ 30 дуу дуулна.
-Эх орондоо төдийгүй дэлхий даяар тархсан монголчууд “Харанга” хамтлагийн тоглолтыг хүлээж байгаа. Цахим орчинд шууд лайв хийж, дамжуулах боломжтой юу?
“Буянт-Ухаа” цогцолбор 10 мянган хүний багтаамжтай, гэвч бид илүү олуулаа энэ үдшийг доргиож өнгөрүүлмээр байна. Үзэж амжаагүй хүмүүст цахим орчинд шууд лайв хийж үзүүлэх боломжийг бид судалж ярилцаж байгаа. Эргээд хариу мэдэгдэнэ.
-“Замд гаръя” тоглолтод шинэ дуунаасаа дуулах уу, ер нь тоглолтод хэдэн дуу дуулах вэ?
Сонсогч фенүүдийнхээ мэддэг хуучны дуунаасаа дуулахаас гадна шинэ уран бүтээл ганц хоёрыг дуулна. Хамтлагийнхаа 30 жилийн ойг бэлгэдээд тоглолт дээрээ 30 дуу дуулна. Бид хэдий 60 нас хүрсэн ч сэтгэл бол 30 настай. Цаашид 40 жилийнхээ ойг хийх урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа учир “Замд гаръя...” гэж дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэн. Харин та бүхэн бидний хурдыг гүйцнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )