Яруу найрагч Л.Өлзийтөгс "Харанга"-тай хамтарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Монголын рок попын домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Шинэ тоглолтын өмнөхөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгээр "Харанга" хамтлаг шинэ дуу бүтээжээ. Яруу найрагч Л.Өлзийтөгс 2012 онд “Шүлэгч” хэмээх энэхүү шүлгээ бичиж байсан бөгөөд “Харанга”-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зориулжээ. Хамтлагийн 30 жилийн ойд зориулж буй шинэ цомогт энэ дуу багтаж байгаа.

“Харанга”-ын үнэнч фэнүүдэд дуулгахадтус хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлж байна. 

Шүлэгч (Яруу найрагч Л.Өлзийтөгс)

Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(119.40.103.3) 2019 оны 09 сарын 11

harangatai hamtraad baih daa yahav dee, neg shilgend ni ay hiisen l yum shig bna sh dee, mongol heleeree zov bichij suraachee, setguulch nertei uimuulegch nar mini

0  |  0
Top