“Харанга”-ын 30 жил УРАН ЗУРАГТ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11


Монголын рок поп урлагийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ сарын 19-нд "Буянт-Ухаа" цогцолборт “Замд гарья” тоглолтоо хийхээр товлосон тус хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн "Сэнгэраги арт галлерей"-д өнөөдөр /2019.10.11/ нээлтээ хийлээ.
 


Соёлын Гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр “Хоёр жилийн өмнө зураачид урлагийн уран бүтээлчдийг зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж байсан. Зураачид бол маш хөгжимлөг хүмүүс. Байнга л хөгжим сонсдог. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дотор “Харанга”-ын уран бүтээлчдийг зурсан зураг их байсан учраас энэхүү үзэсгэлэнг гаргахаар анх ярилцсан” гэсэн бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Харанга”-аар дамжиж 1990-ээд оны шинэчлэл бий болсон гэж боддог. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчид бол миний л бичсэнийг тоглох учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин эд нар өөрсдийнхөө хүссэнийг зохиогоод илэрхийлээд гаргаж байгаа учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн хүмүүс. Тиймээс "Харанга" бол монголчуудын эрх чөлөөний дуудлага юм” гэлээ. Хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн зургийг зурсан зураач Б.Отгонтүвдэн “Энэ бүтээл бол Лхагвасүрэн ахыг 2014 онд Санкт-Петербург ирэхэд нь авсан гэрэл зургаас харж зурсан зураг. Лхагвасүрэн ахтай яриад суухад сайхан энергитэй. Тэр энергийг нь гаргахыг зорьсон” гэв.
 


Үзэсгэлэнд хамтлагийн гишүүдийг урлан зурсан уран зургаас гадна “Харанга”-ын 30 жилийн хугацаанд тоглолт, клипэндээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, түүхэн гэрэл зураг зэрэг эд өлгийн зүйлс тавигдсан байв.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(43.228.129.86) 2019 оны 10 сарын 12

Түүх гэж энэ шүү дээ.

0  |  0
Top