2019 оноо үдэж улс даяараа хөөр хөөрцөг боллоо. Тэгвэл 2020 оныг монголчууд бид юутай угтаж байна вэ. Хэвлэлийн онцолсон сэдвүүдээс харахад бүтээн байгуулалтаас илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэж, баталсан явдал их жин дарсан байх юм. Нүдэнд харагдах барилга байшингаас илүүтэй төрийн зөв зохион байгуулалт хөгжилд илүү нэмэртэй гэдгийг монголчууд өнгөрсөн хугацаанд яс махандаа тултал ойлгосны илэрхийлэл байх аа. Манай 1992 оны Шинэ Үндсэн хууль “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” агуулгатай. Үүнийгээ ч амжилттай биелүүлсээр ирсэн. Үр дүнд нь монголчууд бид төрийн хайр энэрэл, хал хатууд зохицох биш түүнийгээ байгуулах, үгээ хэлэх, хувийн өмчтэй байх зэрэг олон эрхийг эдэлж, үүндээ дасжээ. Гэхдээ цаг хугацааны шалгуур хийгээд нийгмийн хөгжлийг дагаад засч залруулах зүйлс гарлаа. Энэ талаар ч олон жил ярьсан юм. Тэр нь 2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дөрвөн удаа УИХ-д өргөн баригдаж, гурван парламент дамжин хэлэлцэгдсэнээр нотлогдоно.
Наад зах нь Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай байгааг өөрчлөхгүйгээр хөгжлийн тухай ярих нь үлгэр шиг сонсогдоно гэдгийг эрдэмтэд, улстөрчид, намууд ойлгохын дээдээр ойлгоод байсан хэрэг. Ойрхоны жишээ гэвэл, АН эрх барьж байсан 2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байв. Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх мэдлийг олгох гэх мэт тэр төсөлд багтаж байсан заалтууд өнөөдөр батлагдаад байгаа хуульд шингэсэн. Яахав, АН-ын эрх барьж байсан тухайн үед сөрөг хүчин нь 26 гишүүнтэй, парламентад “Шударга-Ёс” эвсэл, гурван бие даагч байсан нь зөвшилцлийг илүү удаашруулсан байх талтай. Дээр нь олон нийтийн хэлэлцүүлэг, саналыг далайцтай өрнүүлж чадаагүй шиг санагддаг.
Харин 2016 оны сонгуулийн дүнгээр МАН УИХ-д 65 суудал авлаа. Тэгэхэд судлаачид “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохироо бүрдлээ” гэдэг утгаар харж байсан юм. Мөн нэгэнтээ УИХ-ын дарга асан М.Энхболд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг “Ард түмний бидэнд өгсөн гэрийн даалгавар” гэж онцолж байсан нь тэр санаа л яваад байсан хэрэг. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард Зөвлөлдөх санал асуулга явуулснаас эхлээд орон даяар бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг хийж эхлэв. УИХ-ын Тамгын газарт давхардсан тоогоор 5.6 сая санал бүртгэгдсэн байдаг. Дундуур нь өөр нэгэн нэмэлт, өөрчлөлттэй дүйх хэмжээний Ерөнхийлөгчийн саналыг ажлын хэсэг гарган нэгтгэж байлаа. Парламентад суудалгүй намуудтай хэлэлцүүлгийн ширээнд сууж явсаар эцэст нь долоо дахь парламент 158 хоног тасралтгүй хуралдан хэлэлцэж 100 хувийн саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаад байна. Энэ өөрчлөлтийг өнөө жилийн тавдугаар сарын 25-наас эхлэн дагаж мөрдөнө. Үүнд орсон өөрчлөлтүүдээс сануулах гээд энэ хүртэл нуршаад байгаа юм. Нийгмийн зөвшилцлийн хамгийн том гэрээ гэдэг утгаараа үүнийг тайлбарлах нь хэвлэлийн байгууллагын нэг үүрэг билээ л.
1992 оны Үндсэн хуулиар ардчиллыг тунхагласан бол 2019 оны өөрчлөлтөөр парламентын засаглалаа баталгаажуулж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангав
Ерөнхийд нь харахад 2000 оны өөрчлөлтийг залруулсан байна. Онцолбол, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хамтатган хашиж болох буюу “давхар дээл” гэдэг зүйлийг цэгцлэх заалт орсон. Парламент нь гүйцэтгэх засаглалд хяналт тавих ёстой. Гэвч наад зах нь 76 гишүүнийх нь 17 нь давхар дээлтэй байгаа нөхцөлд энэ байдал алдагдана биз дээ. Муугаар бодоход Засгийн газартайгаа хариуцлага тооцож огцруулах гэхэд УИХ-ын дөрөвний нэг кноп нь Засгийн газартаа бэлэн байна гэдэг яавч шударга явдал биш. Тиймээс Үндсэн хуульд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарсан байж болох тухай зохицуулсан байна. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэх, танхимын сайд нартаа өөрчлөлт оруулахыг “толгой мэдэн” хийх эрхтэй боллоо. Өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж шийдүүлдэг байв. Ингэснээр Засгийн газар аль нэгэн улс төрийн бүлэг, фракцын хараанаас ангид ажиллах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа зургаан жилээр сонгох тухай заалт оруулсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намаасаа дахин нэр дэвшихийн тулд улстөрждөг, өөрийг нь гаргаж ирсэн хэсэг бүлэгт үнэнч байх гэдэг чөдөр дөнгөнөөсөө салж жинхэнэ утгаараа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх боломжтой болж байна.
Өөр нэг онцлох зүйл бол байгалийн баялаг “төрийн нийтийн өмч” болсон тухай заалт. Дэлхийн 196 орноос 30 хүрэхгүй нь баян чинээлэг гэдэг. Хачирхалтай нь ядууралтай орнуудын дийлэнх нь байгалийн баялагтай. Үүнийг “баялгийн хараал” гэх нь ч бий. Нэг үгээр хоосон болохоор ядууралтай биш түүнийгээ зөв удирдаж чадаагүйгээс авлига, хахуулийг гааруулан уруу дорой амьдарч байгаа хэрэг. Манайд ч баялаг дагасан хараалын “сүүдэр” тусчихаад байгаа. “Нүүрсчдийн нам”, “30 гэр бүл”, “МАНАН”, “Хонгил” гэх ойлголтуудыг учир мэдэх улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс гаргаж ирсэн байдаг. Эдгээр нэршлийн үзүүр явсаар байгалийн баялгийг хэсэг бүлэг этгээд эзэмшиж байна гэсэн дүгнэлтэд тулчих нь олон. Тэгвэл Үндсэн хуулийн 6.2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж оруулж өгчээ. Одоо нийтийн өмчид “гар дүрэх” ч бэрх болсон гэсэн үг.
УИХ-тай холбоотой заалтууд ч анхаарал татна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа далаас доошгүй ажлын өдөр чуулахаар болж байна. Мөн хуулийн 29.3-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заажээ. Үүн дээр УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах заалтыг дэлгэрүүлэн тодорхой болгосон хийгээд УИХ улсын төсөв батлахдаа урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтыг хөндлөнгөөс явдлыг зогсоосон өөрчлөлтүүдийг нэрлэж болж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор болсон. Товчхондоо, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газар тогтоохгүй бол, Улсын төсвийн төслийг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх зэргээр хууль санаачлах хязгаарыг тогтоосон гэх мэт. Эдгээр дээр нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалтуудыг дурдах хэрэгтэй байх.
Үндсэн хуульд шүүхийн асуудлыг нарийн оруулжээ. Тухайлбал, 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн байна. Шүүхийг эрх мэдэлтнүүдээс хамгаалж байгаа хэлбэр гэж ойлгогдоод байгаа. Дээр нь Шүүхийн сахилгын хороо гэгчийг байгуулахаар болжээ. Гавьяат хуульч С.Нарангэрэл “Шүүхийн хяналтад иргэдийн тодорхой хэмжээний хяналт орж байгаа нь яалт ч үгүй дэвшил юм” гэсэн удаатай. Энэ тайлбарыг үүгээр хязгаарлахад болох байх. Түүнчлэн аймаг, орон нутаг, хот тосгодын статусыг тодорхой болгосон гээд тоочоод байвал их юм бий.
Гол нь 1992 оны Үндсэн хуулиар ардчиллыг тунхагласан бол 2019 оны өөрчлөлтөөр парламентын засаглалаа баталгаажуулж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж чадлаа гэж болохоор байна. Судлаачдын хэлэхээр бол улс төрийн тогтворгүй байдал эргээд төрийн албан хаагчдын зоригийг сулруулдаг гэнэ. Ер нь тэгээд Ерөнхий сайд ойр ойрхон солигдож, төрийн албанд халаа сэлгээ давалгаалж байхад харьяа агентлагийн дарга нар дээд удирлагадаа найдаж ажил хэргийн зориг гаргах уу даа. Төрийн албаны хүчийг сулруулаад байсан гол гогцоо энд тайлагдаж байгаа байх. Дагаад бизнес эрхлэгчид болоод иргэдэд ч хүндрэлтэй байсан байдал арилах нь гэж хараад байгаа юм. Тийм болохоор Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” гэж тодорхойлсон болов уу. Сайхан хүнээс илүү сайн систем дагаж байж хөгжинө гэсэн үг. Хөгжиж буй оронд ардчиллыг хадгалах амаргүй. Ялангуяа манайх шиг “Ардчиллын арал” гэж нэрлэгдэх хүртлээ бүслэгдсэн газар зүйн онцлогтой орны хувьд шүү дээ. Ардчиллаар эхлээд пост коммунистаар үргэлжилж яваа Европ, Азийн улс орнуудын цөөнгүй жишээг энд дурдаж болно. Харин бид тэссээр тэр байтугай төгөлдөржүүлсээр явна. Энэ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үүний илрэл юм. 2019 онд Монгол Ардчилсан орон гэдгээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөрөө дахин зарласнаараа дэлхийн түүхэнд үлдэнэ дээ.
Сэтгэгдэл ( 0 )