Сүүлийн судалгаанаас харахад Монгол Улсад Далд эдийн засгийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна. Тоо хэмжээг нарийвчилж ярихын өмнө ерөнхий ойлголт мэдээллээс товч дурдах нь зөв байх.
Далд эдийн засгийн хэмжээг үнэн зөв тооцох нь улс орны эдийн засаг, нийгмийн салбарт тун чухал гэдэгтэй 1970-аад оны хоёрдугаар хагасаас эдийн засагчид, социологичид санал нэгдэх болсон байдаг. Тодруулбал, эдийн засгийн цар хүрээг бүрэн хэмжээгээр тодорхойлох, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг шаардлагатай бодит тоон мэдээллээр хангах зэрэг зорилгуудын хүрээнд дэлхий нийтээрээ тооцож байна.
Тэгвэл Монгол Улсын тухайд Далд эдийн засгийн хэмжээг тодорхойлох ажлыг 1997 оноос эхлэн олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн бөгөөд эдийн засагт бүртгэгдээгүй буюу Далд эдийн засгийн хэмжээг ДНБ-д тусгах ажлыг Үндэсний статистикийн хороо 2010 оноос эхлэн хийжээ.
Сүүлийн буюу 2018 оны судалгаанаас харахад Далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 9.2 хувьтай тэнцүү байна. Гэхдээ судлаачид тайландаа 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна гэснийг тодотгоё.
Дараах графикт тулгуурлаж харахад, 2010 онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 9 их наяд 700 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байх үед Далд эдийн засгийн хэмжээ 1 их наяд 332 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 13.7 хувьтай тэнцэж байв.
Харин 2018 оны байдлаар ДНБ-д эзлэх Далд эдийн засгийн хэмжээ 9.2 хувь буюу нийт дүнгээрээ 3 их наяд төгрөг шүргэж байна.
2010 ОН - ДАЛД ЭДИЙН ЗАСАГ - 1,332.1 тэрбум
2018 ОН - ДАЛД ЭДИЙН ЗАСАГ - 2,971.9 тэрбум
Энд яригдаж буй хувь хэмжээг тооцож буй аргачлал чухал. Тэгвэл НҮБ-ын Европын эдийн засаг, нийгмийн комиссоос гаргасан “Үндэсний тооцооны хүрээнд далд эдийн засгийг тооцох нь” гарын авлага буюу үндэсний тооцооны системд суурилсан аргын дагуу далд эдийн засгийн хэмжээг 7 талбараар тооцож байгаа гэж ҮСХ-ны судалгаанд дурджээ.
ХАР ТАМХИНЫ ХУДАЛДААГ ХЭРХЭН ТООЦСОН БЭ?
Хар тамхи, мансууруулах бодисын худалдааны мөнгөн хэмжээг тооцохдоо Цагдаагийн байгууллагын холбогдох мэдээлэл, судалгаа, түүнчлэн гааль, эрүүл мэндийн байгууллагын зарим мэдээллийн эх үүсвэрт суурилан тооцжээ. Хураан авсан мансууруулах бодисын хувь хэмжээнд тооцооны ялгаатай нөхцөлийг тавьж, эмзэг байдлын дүн шинжилгээгээр тооцоог тухай бүрд нь цаашид сайжруулна гэж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчлийн тоо ихсэх болсон бөгөөд цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс (ICE) болон мансууруулах ургамлын гаралтай шавар (Hаshish), ОХУ-аас сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.
Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 126 иргэн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүнээс тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бол 2016 онд 18 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. ЦЕГ-ын мэдээллээр 2015-2018 онуудад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон холбогчдын тоог дараах хүснэгтээр харуулав. Харин 2015-2018 онуудад улсын хэмжээнд 71.8 кг каннабис, 39.5 кг гашиш, 2.1 кг мөс, 353 ширхэг ЛСД, 11.9 кг ми ми–г хураан авсан байна. Дээрх мэдээллүүд болон зах зээлийн дундаж үнэ, дундаж хэрэглээ зэргийг ашиглан нийт хэрэглээг тооцсон байна.
БИЕЭ ҮНЭЛЭЛТИЙН МӨНГӨН ЭРГЭЛТИЙГ ХЭРХЭН ТООЦСОН БЭ?
Биеэ үнэлэх үйлчилгээний дотоодын үйлдвэрлэлийн мэдээллийн эх үүсвэр нь ҮСХ, холбогдох бусад байгууллагаас явуулсан судалгаануудад суурилсан аж.
Тухайлбал, Биеэ үнэлэлтээс олсон дундаж орлогын хэмжээг баталгаажуулахын тулд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 60 биеэ үнэлэгчийг хамруулсан “Зорилтот бүлгийн судалгааг” Хүйсийн тэгш эрхийн төв, Төгс бүсгүйчүүд гэсэн 2 төрийн бус байгууллагатай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулж явуулжээ. Уг судалгаанд 6 тоологч, 2 ахлагч ажилласан бөгөөд судлаач өдөрт 2-3 хүнтэй бэлтгэсэн асуумжийн дагуу ярилцлага хийж судалгааг авсан байна.
Зорилтот бүлгийн судалгааны асуулга нь судалгааны зорилгод нийцүүлэн охид, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх болсон шалтгаан, үр дагавар, биеэ үнэлэгчдийн нэг удаагийн болон өдрийн орлого, цаашдын бодол, хандлагыг судлах 5 бүлэг бүхий 57 асуултыг хамруулжээ. Судалгаанд гудамж, талбай, саун массажны газар, зочид буудалд байршилтай хүмүүс хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд нь бүрэн дунд боловсролтой, 17-40 хүртэл насны хүмүүс байжээ. Саун массажны газраар ихэвчлэн 17-22 насны залуу эмэгтэйчүүд байсан бол гудамж, талбайд байршилтай эмэгтэйчүүдийн ихэнх нь 25-аас дээш насны эмэгтэйчүүд байж. Гудамж, талбайд биеэ үнэлдэг хүмүүс зуучлагчаар биш өөрийн хүслээр биеэ үнэлдэг, хөлсөө шууд бэлэн мөнгөөр авдаг байна. Нэг удаа үйлчилгээ үзүүлэхэд 50-80 мянган төгрөг, хоногт 3-4 хүнд үйлчилж, 150-240 мянган төгрөг авдаг байна. Үйлчлүүлэгчдийн дундаж нас нь 20-50 насны хүмүүс байжээ.
Далд эдийн засгийн хэмжээг хэд хэдэн аргаар тооцож харьцуулсан хамгийн сүүлчийн судалгааг Олон улсын валютын сангийн эдийн засагч Леандро Мадина, Жоханнес Киплер Johannes Kepler University-гийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Фредрик Шнайдер нар 2018 оны нэгдүгээр сард бэлтгэн гаргасан юм байна. Тэд судалгаандаа 158 орны 1991-2015 оны мэдээлэлд үндэслэн далд эдийн засгийн хэмжээг тооцох шинэ аргачлал ашиглан тооцооллыг хийжээ.
Тэдний тооцоогоор Далд эдийн засгийн нийт эдийн засагт эзлэх хэмжээ дунджаар 31.9 хувь байна. ДНБ-д Далд эдийн засгийн эзлэх хэмжээ хамгийн их улсуудад:
Далд эдийн засаг хамгийн бага орнууд
Тэгвэл Монгол Улс уг судалгаагаар ДНБ-д Далд эдийн засгийн эзлэх хэмжээ 17.3 хувь гэж тооцоолжээ. Энэ нь Dybka болон бусад хүмүүсийн албан ёсны статистик мэдээлэлтэй харьцуулан хийсэн судалгааны дүнтэй ойролцоо гарсан үзүүлэлт юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
биеэ үнэлэх яах вэ төрд шургалсан хулгайч нараа зайлуулаач
бие үнэлэгчдийг барьж хоридог, нийгэмд хэрэгтэй хөдөлмөх хийж хүмүүжүүлдэг хуульиай болох цаг нь болсон..