Өнөөдөр Дундговь аймагт Батлан хамгаалах бодлого, зорилт сурталчлах өдрийн үйл ажиллагаа эхэллээ. Уг ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд, УИХ-ын гишүүн Р.Рааш, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын дээд тушаалын генералууд оролцож байгаагаас гадна Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Батлан хамгаалахын их сургууль зэрэг армийн төв байгууллагуудын төлөөлөл оролцсон 320 хүн Мандалговьд ирээд байна. Батлан хамгаалах зорилт сурталчлах үйл ажиллааны нээлт дээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд, УИХ-ын гишүүн Р.Рааш Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нар баяр хүргэж үг хэллээ. Нээлт дээр дайчдын хүндэтгэлийн жагсаал, шүхрийн буулт, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, гардан байлдааны үзүүлэх тоглолтууд боллоо. Мөн Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийж байна. Хөтөлбөр ёсоор Батлан хамгаалах бодлого, зорилт сурталчлах цуврал лекц, уулзалтууд болж Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг Мандалговьчуудад үзүүлж байна. Өнөө орой Батлан хамгаалах зорилт сурталчлах өдөрлөгт зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага Мандалговьд болно.
С.Пүрэвсүрэн.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )