АНУ-аас Австралийн зүүн нутагт дэгдээд буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгч онгоц осолдож, нисэх багийн гишүүд амь үрэгджээ. Тэд бүгд АНУ-ын иргэд юм. Өнөөдөр /2020.01.23/ Шинэ Өмнөд Уэлс мужийн гал түймэртэй тэмцэх алба гал сөнөөгч онгоцтой холбоо тасарсан тухай мэдээлж байсан юм.
Мужийн гал түймэртэй тэмцэх албаны комиссар Шейн Фитцсиммонсын мэдээлснээр, онгоц Канберра хотоос өмнөд зүгт 100 км зайд осолдсон бөгөөд багийн гурван гишүүнийг амь үрэгдсэн гэж тооцож байна. Гэрчүүдийн мэдээллээр, онгоц агаарт байхдаа шатаж эхэлжээ. Гал сөнөөгч онгоц түймрийн голомтод ус цацсанаас хойш хэдхэн минутын дараа радараас алга болжээ. Онгоцны хэлтэрхийг түймрийн бүсэд илрүүлсэн бөгөөд аврах хоёр нисдэг тэрэг, түргэн тусламжийн таван машин, гал сөнөөгчдийг илгээжээ.
Австралид бороо орсны ачаар намжаад байсан ойн түймэр дахин идэвхэжжээ. Канберра, Каллару, Пиолиго, Рэдвуд, Харман зэрэг хотын оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргүүлээд байна. Тус бүс нутагт зам хаагдаж, зарим дүүрэгт цахилгааныг хязгаарлаад байгаа бөгөөд төмөр замын хөдөлгөөн тасалдаж байгаа гэнэ. Өтгөн утааны улмаас Канберра хотын олон улсын нисэх онгоцны буудал түр хаагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )