Австралийн Сидней хотод сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орсны улмаас үерийн аюул нүүрлээд байна.
Австралийн цаг уурын товчооны мэдээлснээр, сүүлийн дөрвөн хоногт нийт 391.6 мм бороо оржээ. Одоогийн байдлаар, 100 мянга орчим өрх гэр цахилгаангүй болоод байна. Гэсэн хэдий хүчтэй аадар борооны ачаар сүүлийн хэдэн сар тус улсын Шинэ Өмнөд Уэлс мужийг там болгоод байсан ойн хэд хэдэн түймэр унтарсан юм. Ойн түймэрт өртсөн бүс нутаг үерт автах эрсдэл өндөр байна гэж Цаг уурын товчоо анхааруулжээ.
Одоогоор тус мужид нийт 31 газар ойн түймэр ассан хэвээр байгаа ч аюулын эрсдэл нь бага байна.
Хүчтэй аадар бороо сүүлийн хэдэн жил ган гачигт нэрвэгдсэн бүс нутагт усны түвшин нэмэгдэхэд хүргээд байна. Сидней хотын ихэнх хэсгийн усаар хангадаг Варрагамба далан 70 хувиар дүүрээд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт энэ нь 42 хувьтай байжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд аврагчид дор хаяж 200 хүнийг үер усны аюулаас аварсан бол даваа гарагийн өглөөнөөс эхлэн аврах албаныхан машинтайгаа усанд урссан гэх хүнийг авран хайх ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, галт тэрэг, ус гаталга онгоцны үйлчилгээ тасалдаад байгаа бол Сидней хотын галт тэрэгний төв буудал усанд автаад байна. Мөн нөхцөл байдлаас үүдэн олон тооны сургууль хаагджээ. Онцгой байдлын алба ард иргэдийг аль болох гэртээ үлдэхийг анхааруулсан бол нам дор бүс нутагт амьдардаг иргэдийг гэрээ орхин, аюулгүй газар очихыг зөвлөжээ.
Энэ долоо хоногт их хэмжээний бороо үргэлжлэн орохыг цаг уурчид анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )